Н.Энхбаяр: Төсөв сүүлийн хоёр жилд багадаа 7 их наядын алдагдалтай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Сүүлийн хоёр жилийн улсын төсөв болон түүхий эдийн үнэ ханш, эдийн засгийн төлөв байдал, гадаад өрийн асуудлаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


 

-"Сүүлийн хоёр жил буюу цар тахалтай үеийн улсын төсөвт тооцоолоогүй зардал их гарч байгаа нь алдагдал өсөхөд нөлөөлж байна" гэж зарим судлаач үзэж байгаа. Таны хувьд 2020, 2021 оны төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолж байна вэ?

-2017 оноос олон улсын байгууллагуудтай хамтарсан урьдчилсан санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүнд нь эдийн засаг сэргэсэн. 2018, 2019 онд эдийн засаг 5-6 хувийн өсөлттэй гарсан. 2020 оны төсвийг өндөр алдагдалтай, бараг 13 их наядын зарлагатай баталсан. Төсөв батлагдаад удаагүй “КОВИД-19” гарч, 2020 оны төсөв гүйцэтгэлээр таван их наядын алдагдалтай гарсан. Улмаар эдийн засаг 5.3 хувиар буурсан. Өнгөрсөн оны намар төсөв 2.5 орчим их наядын алдагдалтай батлагдсан. Цар тахал намжина гэж тооцож төсвийг баталсан шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар ч цар тахлын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Сангийн яамны зүгээс “Төсвийн орлого сайн бүрдэж байгаа, төсвийн тодотгол хийхгүй” гэж байгаа боловч алдагдал оны эцэст нэмэгдэж гарах магадлалтай. Төсвийн орлогоос цар тахлын үед авах шаардлагатай арга хэмжээ эрүүл мэнд, онцгой байдал, халдвар хамгааллын нэмэлт зардлууд гарч байна. Өрхийг дэмжих арга хэмжээнд хүртэл төсвийн эх үүсвэрээр нэлээд мөнгө зарж байгаа шинжтэй. Төсвийн гүйцэтгэл гарахаар өрхийг дэмжих арга хэмжээний хүрээнд зарцуулсан хөрөнгөнөөс хэд нь гүйцэтгэлд орж батлагдах бол гэдэг нэг асуудал. Тэгэхээр 2020, 2021 оны төсөв дээр төлөвлөсөн хэмжээнээс багадаа долоон их наядын алдагдал гарч байна. Энэ бол их хэмжээний алдагдал. Дунджаар гурван жилийн төсвийн алдагдал хоёр жилд гарч байна.

-Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?

-Манай улсад төсвийн алдагдлыг нөхөх дотоод эх үүсвэр байхгүй, гадаадын зээл тусламжаар нөхдөг. Энэ нь гадаад өр үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 1.7 тэрбум ам.доллароор Монгол Улсын гадаад өр нэмэгдсэн.

-Гадаад өрийг бууруулахад хэрэгжүүлэх гол арга хэмжээ юу вэ?

-Хоёр л арга зам байна. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт татаж, зээлээр биш хувь хөрөнгө оруулалтаар хэсэг асуудлыг шийднэ. Хоёрдугаарт, төсвийн зарлагаа бууруулаад алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байж гадаад өрийн дарамтыг бууруулна. Гадаад өрийн дарамтыг бууруулах бодлоготоо анхаарч хэрэгжүүлэхгүй бол арай гэж “КОВИД-19” халдвар буурч, эдийн засаг сэргэх үед гадаад өр нэмэгдэж, төсөвт орж ирэх орлогууд буцаад л өрөнд явна гэсэн үг. Ингэснээр дунд хугацаанд хөрөнгө оруулалтад зарж болох байсан мөнгөө гадаад өр, төлбөрт зарцуулах болж байгаа юм. Тиймээс өрийн асуудал зөвхөн өнөөдөр биш, дунд хугацаандаа дарамт болохоор байна. Одоо коронавирусний нөхцөл байдал хүндэрч, судлаачдын үзэж байгаа шиг зургаадугаар сарын 15-наас буурна гэсэн нь боломжгүй боллоо. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн вакцины асуудлыг шийдээгүй, тэдний вакцин хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ зуны турш коронавирусний нөхцөл эдийн засагт нөлөөлнө. Дотоодын бизнесийн үйл ажиллагаа хэвийн явах эсэх асуудал гарч ирнэ. Хилээ нээсэн ч гаднаас жуулчин авч чадахгүй, гадагшаа аялал жуулчлал хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. Жишээлбэл, ОХУ-д сүүлийн гурван сарын турш халдварын тархалт намжиж байсан ч сүүлийн өдрүүдэд тархалт нэмэгдэж, дахин 10 мянгаараа гарч байна. БНХАУ-д 4-5 сарын хугацаанд халдварын тархалт тогтвортой байсан ч сая Гуанжау мужид Энэтхэг вирус илэрсэн байж болзошгүй тухай мэдээлэл гарлаа. Хэрвээ тэндээс вирус алдагдвал Хятад улс эрсдэлтэй болно. Хойд, урд хөрш хоёулаа эрсдэлтэй болчихвол Монгол Улсад аялал жуулчлалын нөхцөл байдал хэцүүднэ. Тиймээс ганц найдвар бол түүхий эдийн экспорт хэвийн явагдаж, хил хаагдахгүй байгаасай гэсэн хүлээлт юм.

-Түүхий эдийн үнэ ханшийн тухайд таны төсөөлөл ямар байгаа вэ?

-Зэсийн баяжмал өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш энэ оны зургаадугаар сар хүртэл ерөнхийдөө өслөө. Тавдугаар сард зэсийн үнэ оргилдоо хүрсэн нь энэ оны хувьд өсөлтийн оргил үе гэж би хувьдаа харж байгаа. 13 сарын турш зэсийн үнэ өссөн байна. Өмнөх жилүүдийн зэсийн үнийн циклийг харахад оны эхэнд хамгийн их өсөж байсан. Миний бодлоор оны сүүлийн хагаст эхний саруудаас илүү өсөхгүй гэж харж байгаа. 9500-10 мянган ам.доллар хавьцаа хэлбэлзэх болов уу. Өнгөрсөн жил зэсийн үнэ өсөлттэй байхад төсвийн орлогоо бүрдүүлсэн учраас цаашдаа үнэ өсөхгүй бол төсвийн орлогод мөн таагүй нөлөө үзүүлнэ. Тэгэхээр ирээдүйд нүүрсний үнэ өснө гэсэн хүлээлт л байна. Ковид болон бусад асуудалтай уялдуулаад бодохоор зарим хувийн судалгааны байгууллагаас ярьж байгаа шиг түүхий эдийн супер цикл гэсэн зүйл байхгүй, таамаглал төдий зүйл гэж бодож байна.

-“КОВИД-19”-ийн дараах эдийн засгийн сэргэлт хэзээ эхлэх бол?

-“КОВИД-19”-ийн дараах эдийн засгийн сэргэлт өндөр хөгжилтэй орнуудад гараагүй. Дэлхий нийтээрээ вакцинжуулалт амархан асуудал биш, удаан үргэлжлэхээр байна. Одоогоор коронавирусний цар тахлын нөлөө болон вакцинжуулалт дэлхийн эдийн засгийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болоод байгаа. Тиймээс эдгээрээс хамаарч дэлхийн эдийн засаг амар сэргэхгүй. 2021 онд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг тогтворжино. Гэхдээ өсөлт өндөр гарахгүй байх. Эдийн засгийн сэргэлт 2022 он руу дамнана гэж харж байна.

-2021 онд гадаад худалдааны экспорт өссөн дүнтэй гарсан. Энэ тоо яаж гарав?

-2021 оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Өссөн үзүүлэлтийн дийлэнхийг зэс, нүүрс, төмрийн хүдэр эзэлж байна. Эдгээр түүхий эдийн үнэ буурах эсвэл хил дээр гацаа үүсэхэд манай эдийн засаг, төсвийн орлого хүндрэлтэй байдалд орно. Ийм эмзэг нөхцөлд төсвийн тодотгол хийх л хамгийн зөв гарц гэж харж байна. Үр ашиггүй зардлаа хасаж, коронавирустэй тэмцэх ажлыг бүрэн, зөв санхүүжүүлж, ирэх саруудад ч шаардагдах эх үүсвэрээ гаргаж өгөх нь хамгийн чухал асуудал. Одооноос сүүлийн хагас жилийн хугацаан дахь асуудлаа шийдэж эхлэхгүй бол дараа дараагийн асуудал “хоолойнд тулж” эхэлнэ.

-Таныхаар улсын төсөвт тодотгол хийхийг хамгийн зөв гарц гэж ойлголоо?

-Зөвхөн улсын төсвөөс гадна нийслэлийн төсөвт алдагдал их гарсан. Нийслэлийн төсвийн орлогын 70 гаруй хувь нь хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Гэтэл 2020 онд татварыг чөлөөлөх хориг арга хэмжээ авахдаа говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хүн амын орлогын албан татварыг чөлөөлсөн нь нийслэлийн төсвийн орлого буурахад ихээр нөлөөлсөн. Засгийн газраас нийслэлийн төсвийн асуудлыг шийдэхээр яригдаж байгаа боловч нийслэлийн төсвийн орлогыг улсын төсвөөс нөхөхөөс өөр зам байхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН­

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top