Францын Валенс хотын шүүх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг алгадсан Дамьен Тарель гэгч этгээдэд дөрвөн сар хорих ял оноожээ.
Түүнээс гадна түүнд хоёр жил албадан хөдөлмөрлөх эсвэл сургалт авах, сэтгэцийн тусламж авах, хуульт зөрчихгүй байх үүрэг хүлээлгэсэн байна. Тарельд таван жил буу зэвсэг эзэмших, мөн хугацаанд төрийн албанд ажиллахыг хориглож, гурван жил иргэний эрхээс нь татгалзуулжээ.
Шүүх хуралдаан дээр Тарель Макроныг ойроос хараад сэтгэл нь хөдөлсөн гээд бүх зүйл гэнэтийнх байсан гэж мэдүүлжээ. Макронтой мэндчилэхээр автомашинд хүлээж байхдаа асуулат тавих, эсвэл шар хантааз, Францын тугийг барьж зогсохоор төлөвлөж байсан ч бодлоо өөрчилсөн гэж тайлбарлажээ. Хэд хоногийн өмнө тэд Ерөнхийлөгчийн нүүр рүү өндөг эсвэл бялуу шидэх боломжийг судалж байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Залуу Макроныг “улс орны уналтын бэлэг тэмдэг” гэж үздэг гэж мэдүүлсэн байна.
Хуульд зааснаар төрийн эрх мэдэлтний эсрэг хүчирхийлэл үйлдэхэд гурав хүртэл жил хорих ял эсвэл 45 мянган еврогийн торгууль ногдуулдаг байна.
Прокурорын газар Тарельд 18 сар хорих ял оноохыг шаардаж байна. Талуудад шүүхийн шийдвэрийг давж заалдах 10 хоног бий.
Өнгөрсөн мягмар гарагт /2021.06.08/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дром мужид айлчлах үеэр лицей сургуулийн гадаа цугларсан олонтой мэндчилэхээр дөхөж очиход нэгэн залуу түүний гарыг барьж, нүүрэнд нь алгадсан хэрэг гарсан билээ. Хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилсан. Дамьен Тарельтай хамт явж байсан хүн хэрэг явдлын дүрс бичлэгийг хийж байжээ. Түүнийг лхагва гарагт сулласан ч 2022 онд шүүхэд дуудах гэнэ. Учир нь гэрт нь нэгжлэг хийх үеэр зэвсэг олджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэлсүхийг хэн алгадах вэ?