Францын шигшээ баг Германд Евро-2024-д даруухан тоглож байхад Килиан Мбаппегийн эх оронд томоохон өөрчлөлтүүд хүлээж байна. Тус улсад ээлжит бус сонгууль эхлээд байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпын наадмын уур амьсгал, хөлбөмбөгийн шигшээ багийн алдартай одуудын дэмжлэг төрийн эрхэнд хэт барууныхан гарахаас сэргийлж чадна хэмээн найдаж байна. Спорт хэрхэн сонгуулийн сурталчилгаанд орж ирсэн талаар “Forbes Sport” хэвлэл бичжээ.
Макрон ээлжит бус сонгууль зарласан ч хэт барууныхан хэзээ хэзээнээс дэмжлэг сайтай байна
Франц хуваагдаад байна. Зүүний үзэлтэй намууд цөмийн эрчим хүч, НАТО-гийн стратеги зэрэг зарчмын асуудлаар санал зөрөлдөж, нэгдсэн хөтөлбөр санал болгож чадахгүйд хүрээд байна. Хэт барууныхан тэрнээс ч долоон дор. Тэд сонгуулийн хөтөлбөрөө гаргасан ч төрийн эрхэнд гарвал цагаачлалын тухай хатуу хууль батална хэмээн амлаж байна.
Тэдний дунд төвийн үзэлтэй Ерөнхийлөгч, социал-либерал Сэргэн мандалт намын дарга Эммануэль Макрон, өрсөлдөгчид нь төрийн эрхэнд гарвал иргэний дайн болно хэмээн сонгогчдыг айлган, болхи маневр хийнэ.
“Тэр сонгуулийн сурталчилгаа хийхдээ үргэлж “Би эсвэл эмх замбараагүй байдал” гэсэн мессеж өгдөг гэж хэт барууныхны тэргүүн Мари Ле Пен онцолсон байдаг.
Саяхан болсон Европын парламентын сонгуульд зүүний болон төвийн үзэлтэй намууд ялагдал хүлээж, Ле Пений хэт барууны үзэлтэй нам болон Жордан Барделлийн Үндэсний нэгдэл нам итгэлтэй ялалт байгуулсан. Харин Макроны Сэргэн мандалт нам дөнгөж 14.4 хувийн санал авсан юм. Түүнийг дэмждэг улс төрийн хүчнүүд Үндэсний ассамблейд үнэмлэхүй биш ч гэсэн олонхыг бүрдүүлж байгаа бөгөөд ээлжит сонгууль 2027 онд болох товтой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү гэнэтийн шийдвэр түүний хамтран зүтгэгчдийг хүртэл гайхширалд оруулав. Тэрбээр парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан билээ. “Би юу ч болоогүй мэт дүр үзүүлж чадахгүй. Нөхцөл байдлыг сүүлийн жилүүдэд манай улсад өрнөөд буй нийгмийн болон парламентын мэтгэлцээнүүд улам хүндрүүлж байна. Тиймээс парламентын ирээдүйг сонгох боломжийг дахин олгохыг шийдлээ” хэмээн Макрон өөрийнхөө шийдвэрийг тайлбарлав. Энэ алхмаараа тэрбээр парламентад олонхыг эргүүлэн авчрах найдвар тавьж байна. Олонхгүйгээр түүнд шаардлагатай хууль батлахад хүндрэлтэй.
Гэвч Макронд эрх мэдлээ бэхжүүлэх шанс бага байна. “Financial Times” хэвлэлд зориулж “Ipsos” төвөөс явуулсан санал асуулгаар сонгогчдын 25 хувь Ле Пений намыг илүүд үзэж, зүүний үзэлтэй Ардын шинэ фронт нам 22 хувийн дэмжлэг авсан бол Макроны нам дөнгөж 20 хувийн дэмжлэг авчээ.
Гэхдээ Францын удирдагч гартаа нэг түүз барьсан байгаа. Тэр нь энэ сарын 26-нд Парис хотноо эхлэх Олимпын их наадам.
Зургаадугаар сарын 13-нд “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр Эммануэль Макрон сонгуулийн үеэр францчууд Олимпын их наадмыг бодолцон үзэж, туршлагагүй удирдагчдыг сонгохгүй байх хэмээн найдаж буйгаа илэрхийлж байв.
Шигшээ багийн одууд Макроныг дэмжиж байна
Макрон Францын шигшээ баг Европын аварга болно хэмээн дотроо найдаж байгаа. Энэ ялалт түүнд ашигтай. Түүний талд шигшээ багийн одууд, тэр дундаа хөлбөмбөгийн супер од Килиан Мбаппе зогсож байгаа.
Тэрбээр элэг нэгтнүүддээ хандан, ирэх сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байсан. “Бид Францын түүхэнд шийдвэрлэх мөчид тулж ирээд байна. Евро-2024 бидний карьерт чухал ч иргэний хувьд улс орондоо болж буй үйл явдалтай холбоотой. Төрийн эрхэнд хэт үзэлтнүүд гарч болзошгүй болоод байна. Би залууст хандан саналаа өгөхийг уриалж байна. Миний дуу хоолой бүх хүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдэж байв. Мбаппег шигшээ багийнх нь довтлогч Маркус Тюрам дэмжив. “Энэ бол гунигтай хэдий ч бодит байдал” хэмээн хэт барууныхны өндөр рейтингийн талаар ярьжээ. Үндэсний нэгдэл намыг гаргахгүйн тулд бид өдөр бүр тэмцэх ёстой гэв. Францын шигшээ багийн тоглогчид, барууны үзэлтэй хүчнүүд хоорондын сөргөлдөөн урт удаан түүхтэй. 1998 онд Жан-Мари Ле Пен тухайн үед Үндэсний фронт гэсэн нэртэй байгаад Үндэсний нэгдэл нам гэж нэрээ өөрчилсөн намын тэргүүн охиныхоо удирдлага дор Францад болсон ДАШТ-нд шигшээ багийнхаа ялалтын үнэгүйдүүлэхийг оролдож байв.
Тэрбээр “Хилийн чанадаас тоглогчид авчирч, Францын шигшээ баг хэмээх нь үнэмшилгүй харагдаж байна. Тэдний ихэнх нь “Марсельез”-ийг мэдэх ч үгүй” гэж байжээ.
Тухайн үед Ле Пенийг хэн ч сонсоогүй.
Францын түүхэнд аваргын цомыг Алжир гаралтай Зинедин Зидан, Шинэ Каледонийн Кристиан Карамбе, Сенегал гаралтай Патрик Виейра, Гваделупын Тьерри Анри, Армын овогтой хагас хамгаалагч Юрий Жоркаефф нар авчирч байсан. Шигшээ багаа францчууд “black, blanc, beur буюу хар, цагаан, араб” гэж нэрлэсэн.
Тухайн үед Ерөнхийлөгч байсан Жак Ширак олон өнгийн шигшээ багаа Францын гайхалтай имижийг бүрдүүлсэн хэмээн баяр хүргэж байлаа.
Түүнээс хойш Франц хөлбөмбөгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцдог уламжлал тогтоод байгаа билээ. Харин амжилт нь буурахад барууны үзэлтнүүдийн толгой өндийж, гарал үүслийн талаар дахин сануулдаг.
2020 оны Европын АШТ-нд шийдвэрлэх 11 м торгуулийн цохилтыг гүйцэтгэж чадаагүйн төлөө Килиан Мбаппе олон нийтийн сүлжээгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бүхий доромжлолын бай болж байсан билээ.
Сүүлийн үед Францын хөлбөмбөгт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдэж байгаа ажиглагдаж буй. Энэ улиралд нацист мэндчилгээ, сармагчныг дуурайж дуугарах зэрэг хэрэг олон гарсан юм.
Ажилгүйдэл, эмх замбараагүй байдал
Харьцангуй баян чинээлэг орнуудтай харьцуулахад Франц улс цар тахлыг илүү хүнд давж гарсныг мартаж болохгүй. Үүний улмаас ажилгүйдлийн түвшин 7.1 хувиас есөн хувь болтлоо өсөж, Францын аварга шалгаруулах тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүсэхэд хүрсэн. “Лион”, “Марсель” багуудын тоглолтын үеэр зочин багийн хагас хамгаалагч Димитри Пайет булангийн цохилт гүйцэтгэхдээ толгойндоо шилээр цохиулж байв. Эхний тойргийн есөн тоглолт там болж хувирсан. “Марсель” баг оролцсон тоглолт болгон эмх замбараагүй байдал болж байсан билээ.
Цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн хүчирхийллийн давлагаа Францыг бүхэлд нь нөмөрсөн. “Анже” багтай болох тоглолтын өмнө Сент Этьены нутгийн багийн хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч Клод Пюэлийг халахыг шаардаж, талбай руу гал шидэж, хаалганы торыг шатааж байв. Цар тахлаас ч өмнө Франц улс ажилгүйдлийн түвшнээрээ Европтоо тэргүүлэгчдийн нэг байсан. Өдгөө ажилгүйдлийн түвшин огцом өсөөд байна.
Ихэнх ажилгүй хүмүүс нийгмийн ядуу давхаргад хамаардаг. Тэд цэнгэлдэх хүрээлэн рүү тоглолтоос таашаал авах гэж бус харин уур, бухимдлаа гаргах гэж ирдэг хэмээн социологич Николя Уркад тайлбарласан байдаг.
Нийгэмд таашаагдаагүй хууль шил шилээ даран гарсан нөхцөл байдалд хямрал гүнзгийрч байгаа нь барууны үзэлтнүүдэд хэзээ хэзээнээс ялалтад хүрэх боломжийг нээгээд байна. 2022 оны сонгуулиар Үндэсний нэгдэл нам дөнгөж 17.3 хувийн санал авч, гуравт орж, харин Сэргэн мандалт намын эвсэл 38.57 хувийн санал авч, ялалт байгуулж байсан бол өдгөө Ле Пен, Барделлийн намууд дэмжлэг сайтай болоод байна.
“Хувийн онгоцоор аялдаг саятан тамирчид сард 1400 еврогийн цалин авч, амьдралаа зогоож байгаа хүмүүст зааж байгааг харахад харамсалтай байна” гэж Барделль Мбаппе болон үзэл нэгт нөхдийг нь зэмлэж байв.
Килиан Парисын захын Бондид төрсөн. Тус дүүрэг цагаачдаар дүүрэн ба ядуурлын түвшнээр хамгийн доогуурт ордог тул Барделлийн үг дэмжлэг авахгүй байх талтай. Францын статистикийн хүрээлэнгийн мэдээллээр, тус улсын хүн амын 28.6 хувь амьжиргааны доод түвшинд амьдарч байна. Мбаппегийн эцэг нь Камерун гаралтай бол эхийнх нь гэр бүл Алжираас иржээ. Килианыг од болохоос өмнө гэр бүл нь дундаж давхаргаас ч хол байжээ.
Макрон спортын элитүүдийн дэмжлэг, Олимпын их наадмын уур амьсгалд найдах нь эрсдэлтэй санаа. Учир нь Францын нийгэмд хэтэрхий олон асуудал хуримтлагдсан тул Олимпын алтан медаль эсвэл Евро-2024-ийн ялалтаар шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Франц түүхэндээ анх удаа хэт барууны үзэлтэй засгийн газартай болох магадлал өндөр. Харин үр дагаврыг нь хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй.
Сэтгэгдэл ( 0 )