Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд ХОЁР УДАА авдаг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр (2021.06.11) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Боловсролын зээлийн сангийн гуравны нэгийг 100 гаруйхан хүүхдэд зарцуулж байна

Боловсролын зээлийн сангийн гуравны нэг буюу 12-15 тэрбум төгрөгийг гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах 100 гаруй хүүхдэд зарцуулж байна. Энэ бол шударга бус санхүүжилт гэж ойлгож байгаа. Монгол Улсад 147 мянган оюутан байгаагийн 5 хувьд Боловсролын зээлийн сангийн зээл хүрдэг. Энэ зээлийг шударга, ил тод болгох шаардлагатай учраас ойрын хугацаанд Засгийн газарт оруулна. Жил бүр 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ санд шаардлагатай байдаг ч хүүхдийн мөнгөний 11 мянган төгрөг боловсролын салбараас татагдсан. Үүнтэй уялдуулан дотоод, гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутан болон хөгжлийн бэрхшлээтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгодог зээлийн мөнгө нэлээд хэмжээгээр танагдсан. Боловсролын зээлийн сангийн шугамаар сурч буй хүүхдийн дипломыг олгохгүй гэдэг асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ЭЕШ-ийг жилд ХОЁР авдаг болно

Төгсөх ангийн 33 мянга, ЭЕШ өгөх 40 орчим мянган хүүхэд байна. Энэ жил өвөрмөц хэлбэрээр авна. Нийт хичээлийн 60 хувьд цахимаар хичээллэсэн тул даалгаврыг хөнгөвчилсөн, цахим хэлбэрээр явсан хөтөлбөр агуулгадаа тааруулна. Энэ жил анги дэвших шалгалт, улсын шалгалтыг цуцалж, зөвхөн ЭЕШ-д бэлдэнэ. Энэ жилээс шалгалтад бэлтгэх сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа. Энэ зөвлөгөөг 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь авсан. Мөн ЭЕШ-ийг жилд хоёр удаа авах тогтолцоо руу шилжүүлэх гэж байна. Хүүхэд хэзээ бэлэн байна, тэр үедээ шалгалтаа өгөх боломжоор хангадаг болно. 

110.000-120.000 төгрөг төлөөд, 2 настай хүүхдээ яслид өгч болно

Сургуулийн өмнө боловсрол олгох нас 3-5 нас байдаг. 0-2 насны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд хөгжлийн асуудал яригдана. Иймд 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг яриа гарсан нь бол буруу ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжоос хамаараад өдөр өнжүүлэх, ясли нээж болно. Ингэхдээ сар бүр 110-120 мянган төгрөгийн хувьсах зардлаа төлөөд, хоёр настай хүүхдээ яслид өгч болно. Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа. Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. Эдгээрийн дүнд 0-3 насны хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд нэг сард 250,000-300,000 төгрөгийн тэтгэлгийг төрөөс өгөх болно. Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм. Таван нас сургуулийн өмнөх боловсролын нас учраас цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавьж байгаа. 

Хичээлийн хоцрогдлыг арилгах төлөвлөгөө 3 жил хэрэгжинэ. КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас үүдэж цахимаар хичээллэж байгаа тул сургалтын хоцрогдол багагүй үүссэн. Халдвар гарахаас өмнө боловсролын салбарт үүссэн маш их хоцрогдол байсан. Үүн дээр цахим сургалтын хоцрогдол нэмэгдэж байгаа тул ирэх 3 жилийн хугацаанд хоцрогдол арилгах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top