С.Мөнгөнчимэг: Төсвийн тодотгол хуулийн зохицуулалтаараа л явна

2021 оны 06 сарын 16

Төсвийн гүйцэтгэлийг одоогийн байдлаар авч үзэхэд, орлого, зарлага аль аль  талдаа огцом цөмрөлт гараагүй байгаа. Гэхдээ сүүлийн хагас жилд  орлого талдаа, зардал талдаа ямар байх  вэ. Ер нь эдийн засгийн төлөв ямар байхаар байна вэ гэдгээ тооцож, харсны үндсэн дээр тодорхой шийдэл гарах байх. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс КОВИД & ТӨСӨВ сэдвийн хүрээнд дараах асуултуудад хариулт авлаа.


-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төсвийн тодотголыг наадмаас өмнө, хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд энэ сарын 14-нд өгсөн. Сангийн яам тодотголын төслийг боловсруулж байгаа юу?

-Засгийн түвшинд төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэхээр байгаа, өнөөдрөөс шийдвэр гарах байх. Манай Сангийн яамны зүгээс бол эдийн засгийн тооцоо, судалгаануудаа гаргаад, холбогдох ажлууд хийгдэж байна.

-Намын бүлгийн дарга тодотголын талаар ярихаас хоёр өдрийн өмнө Б.Жавхлан сайд “Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригдана” гэж хэлж байсан. Өчигдөр ҮСХ-ноос танилцуулсан оны эхний таван сарын байдлаарх төсвийн үзүүлэлтийг харахад, орлогын бүрдэлт гайгүй байна. Тэгэхээр энэ тодотгол ирэх сарын 1-нээс зогсох Хүүхдийн мөнгөний нэмэгдэл зэрэг, халамжийн зардлуудтай холбоотой юу?

-Төсвийн тодотголыг ямар тохиолдолд хийх ёстой вэ гэдгийг хуульд дөрвөн зүйл заалтаар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр хуулийн зохицуулалтаараа л явна гэсэн үг. Одоогийн байдлаар гүйцэтгэлийг авч үзэхэд, орлого, зарлага аль аль талдаа огцом цөмрөлт гараагүй байгаа. Гэхдээ сүүлийн хагас жилд  орлого талдаа, зардал талдаа ямар байх  вэ. Ер нь эдийн засгийн төлөв ямар байхаар байна вэ гэдгээ тооцож, харсны үндсэн дээр тодорхой шийдэл гарах байх. Хуулиараа л зохицуулагдаад явна даа.

-Энэ оны төсөв батлагдахын өмнө таньтай ярилцаж байхад онцгой нөхцөлд төсөв алдагдал хүлээх нь зайлшгүй гэж та хэлж байсан. Зарим эдийн засагчийн зүгээс төсөв дунджаар гурван жилийн алдагдлыг хоёр жилд үүрээд байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа...?

-Ковидоос шалтгаалсан онцгой нөхцөл байдал үргэлжилсэн хэвээрээ байгаа учраас ард иргэдийнхээ амьдрал, өрхийн орлогыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихэд тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Дэлхийн бусад улс орнууд ч ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тийм учраас, төсөвт тодорхой дарамт үүснэ гэсэн үг. Улс орнууд үүнийг яаж нөхөж байгаа вэ гэхээр төсвийн тодорхой дэмжлэгүүдийг олон улсын байгууллагуудаас авч байгаа. Манай улс энэ зарчмаар явж байна. Онцгой нөхцөл байдалд хэрэгжиж буй учраас энэ нь байж болох л арга хэмжээ гэж үзэж байгаа. Зарим эдийн засагчид сүүлийн хэдэн жил төсөв байнга алдагдалтай баталлаа гэж ярьж байна. Гэхдээ төсвийг батлахыг нь ярьдаг хэрнээ гүйцэтгэл талыг нь ярьдаггүй. Төсвийн гүйцэтгэлүүдийг харахад  эцсийн үр дүн нь гарч байгаа. 2018 онд манай төсөв ашигтай гарсан. 2019 онд гүйцэтгэлээрээ  төсөвлөсөн алдагдлаа хамаагүй бууруулж гаргасан. 2020 онд бол ковидын нөхцөл байдалтай байсан учраас алдагдалтай гарсан. Зарим улстөрчид, эдийн засагчид төсөвлөсөн талаас нь илүү яриад байдаг. Гүйцэтгэл тал дээр ямар үр дүн гарсан юм бэ гэдгийг давхар ярих нь зүйтэй байх.

-Хүүхдийн мөнгөний нэмэгдлийн нийт дүн их наяд гаруй төгрөг шүү дээ. Цаашлаад он дуустал үргэлжлүүлэхээр болвол төсөв дээр нэлээд ачаалал ирэх байх?

-Бүх хүүхдэд  сард 100 мянга төгрөг олгоход төсөв дээр 1.4 их наяд төгрөгийн ачаалал үүсдэг. Бүтэн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг харахад  1.6 их наяд байгаа шүү дээ. Гэхдээ хүүхдийн мөнгөтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй байна. Төсвийн  боломж, бололцооноос гадна эдийн засгийн өсөлтөд ямар нөлөө үзүүлэх юм гэх мэт цаад том нөлөөллийг нь судлах Ажлын хэсэг  ажиллаж байгаа. Үргэлжлүүлэн олгох боллоо гэхэд зарим зардлаасаа, хөрөнгө оруулалтаас ч юм уу, хасагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, ажлын байранд ямар нөлөө үзүүлэх юм бэ гэх мэт олон талаас судалж буй Эрсдэлийн үнэлгээний Ажлын хэсгийн судалгаагаар илүү тодорхой болох юм.

-Он дундаа орж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл ямар байгаа вэ?

-Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1.6 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүнээс 300 орчим тэрбум нь концесс, бусад нь хуучин, шинэ хөрөнгө оруулалтад тусгагдсан. Үүн дээр, хэд хэдэн зарчим барьж байгаа. Хуучин эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг аль болох шахаад дуусгая гэсэн зарчим барьж, хөрөнгө оруулалтуудыг хийгээд явж байна.

Ковидоос болоод экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ  буурсан нь  эдийн засагт төвөгтэй нөхцөл байдал үүсгэхээр байна. Гэхдээ бид энэ нөхцөл байдлыг богино хугацаандаа сайжруулаад, оны сүүлийн хагастаа экспортоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа.

-Оны сүүлийн хагаст төсөвт тулгарч болох сорилтуудыг Сангийн яам хэрхэн тооцож, харж байна вэ?

-Нэгдүгээрт, ковидын нөхцөл байдал байна. Өвчлөлөөс хамаараад, хөл хорио тавих уу, тавихгүй юу. Вакцинжуулалтын явц, үр дүн ковидын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх вэ. Ковидын үед авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого, “10 их наядын төлөвлөгөө” зэргээс эдийн засгийн нөхцөл байдал хамаарч, тодорхойлогдоно. Мөн яах ч аргагүй уул уурхайгаас хамаарсан эдийн засаг учраас гадаад зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ  ямар байхаас,  экспортод гаргаж байгаа хэмжээ ямар байхаас ихээхэн хамаарна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар хоёр жилдээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн  үнэ тогтвортой байх юм байна гэсэн хандлагатай байгаа. Одоо байгаа үнээс нэг их буухгүй. Энэ нь  бидэнд харьцангуй эерэг таатай боломжийг бий болгож өгч байна. Дараагийн нэг асуудал нь гадаад талдаа БНХАУ-ын эдийн засаг огцом сэргэлттэй байгаа. БНХАУ сэргэж байна гэдэг нь манай гол уул уурхайн бүтээгдэхүүн авдаг улсын эдийн засаг сэргэж буй учраас таатай боломж үүсгэж байна.

Манай тухайд ковидоос болоод экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ  буурсан нь  эдийн засагт төвөгтэй нөхцөл байдал үүсгэхээр байна. Гэхдээ бид энэ нөхцөл байдлыг богино хугацаандаа сайжруулаад, оны сүүлийн хагастаа экспортоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. Өнгөрсөн жил авч хэрэгжүүлсэн “Ногоон гарц” журмаа хэрэгжүүлээд, өдөртөө 1200-аас, 2000-аас дээш машинаар  гаргаад эхлэх юм бол дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл хугацаанд алдсанаа нөхөх боломж бололцоо байж болох юм гэж үзэж,  тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд ярьж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч. Ер нь 3 хувийн хүүтэй зээл олголтын явц ямар байна вэ?

-Ажлын байрыг дэмжих зээл хэвийн олгогдоод явж байгаа. Саяын 28 хоногийн хатуу хөл хорионы  үед зээл олголт саарсан. Хөл хорионоос хойш зээл олголт нэлээн хурдтай явагдаж байна.  Энэ зээл банкуудын эх үүсвэрээр олгогдож байгаа. Засгийн газраас хоёр л зүйлээр хамтарч ажиллаж байгаа. Аж ахуйн нэгж, хувь хүн бизнес эрхлэхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь зээлийн хүүгийн дарамт байдаг. Тиймээс Засгийн газар хүүгийн хөнгөлөлтийг нь үзүүлж байна.  Тухайн иргэн, аж ахуйн нэгжид  9 хувийн хүүтэй очих байсан зээлийг бид хүүгийн хөнгөлөлтийг нь өгөөд, гар дээр нь 3 хувийн хүүтэй олгуулж байгаа. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдал гардаг. Тэгэхээр Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэл хувьд нь батлан даах нөхцөл, бололцоог бүрдүүлж өгч байгаа. Арилжааны банкууд, Монголбанк, Засгийн газар хамтраад ковидын хэцүү нөхцөл байдалд богино, дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2 их наядын зээлийг олгохдоо эдийн засаг, зах зээлд шингээх боломж ямар байна вэ гэдгийг тооцож, судалсны үндсэн дээр гаргасан. Одоо бол тооцооллоор аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч иргэдийн зээлийн эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэж буй учраас 3 их наяд болгож, нэмэгдүүлье гэж байгаа юм. Энэ зээлийн эх үүсвэр нь банкуудынх. Банк хадгаламжийн мөнгөөр эх үүсвэрээ татдаг. Иргэдээс хадгаламж татаад зээл олгож байгаа хэлбэр. Банкууд өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлт, хадгаламжаар татаж байгаа мөнгөөрөө зээл гаргадаг учраас зээл олголтод тодорхой хугацаа орж байгаа. Одоогоор Ажлын байрыг дэмжих хүрээнд 17,785 зээлдэгчид 1.3 их наяд төгрөгийн зээлийг  гараад байна. Энэ хүрээнд 67,489 ажлын байрыг хадгалаад байна. Зээлийн батлан даалтын сан 130 зээлд, 17.5 тэрбумын зээл гаргасан байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр он дуустал хэрэгжээд явна. Гурван  их наядын зээлийг  банк гурван  сарын хугацаанд шууд гаргачихгүй шүү дээ.

-Танд баярлалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top