Хятад, Орос хамтарч саран дээр Олон улсын станц байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

БНХАУ, ОХУ хамтран олон улсын сарны станц байгуулахаар болжээ.

Бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, 2035 он гэхэд станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Хятадын Үндэсний сансар судлалын агентлагийн Сар судлалын хөтөлбөрийн орлогч дарга Пэй Жаоюй Олон улсын сансар судлалын бага хурал дээр мэдэгджээ.

2026-2030 оны хооронд Хятадын тал “Чаньэ-8”, Оросын тал “Луна-28” хөлөг хөөргөж, буултын технологийг туршин, том оврын ачаа хүргэх, Дэлхий рүү сарны хөрсний дээжийг авчрах, Олон улсын сарны станцын удирдлагын төвийг байгуулах ажлыг гүйцэтгэх юм. 2031-2035 оны хооронд сар руу хэд хэдэн нислэг үйлдэж, станцын бүрэлдэхүүн хэсгүүдийг сар руу хүргэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Дэлхийн тойрог зам болон саран дээр станцын дэд бүтцийг байгуулах юм.

Харин бэлтгэл ажлын хүрээнд, манай хоёр хөрш зургаан хөлөг хөөргөх гэнэ. Судалгааны эхний шат 2021-2025 оны хооронд үргэлжилж, Хятадын тал Чаньэ-4, Чаньэ-6, Чаньэ7 хөлөг хөөргөх бол Оросын тал “Луна-25” автомат станц, “Луна-26“ тойрог замын аппарат, “Луна -27” судалгааны хөлөг хөөргөх юм. Үүнд Хятадын “CZ-3B”, “CZ-5”, Оросын “Союз-2” пуужин тээвэрлэгчийг ашиглах гэнэ. Энэ шатанд станц байгуулах газрыг сонгож, Дэлхийн дагуулын гадаргуу дээр өндөр нарийвчлалтай, зөөлөн буулт хийх технологийг туршихаар зорьж байна. Ингэхдээ санаачлагчид бусад түнш орны оролцоог үгүйсгээгүй байна.

Оросын сансар судлалын “Роскосмос”, Хятадын Үндэсний сансар судлалын агентлаг 2021 оны гуравдугаар сарын 9-нд олон улсын эрдэм шинжилгээний сарны станц барихад хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Талууд хамтын туршлага, шинжлэх ухааны технологийг ашиглан саран дээр станц байгуулах замын зураг гаргахыг зорьж байна. Хамтарсан төслийн хүрээнд сарны гадаргууг судлахаас гадна Дэлхийн дагуулын тойрог замд хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top