Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр уулын спорт сонирхогчдод зориулан өөрийн цахим хуудсаар дамжуулан цуврал зөвлөгөө хүргэж байгаа билээ. Түүний цувралын эхний таван хэсгийг нэгтгэн хүргэж байна.
Цуврал 1
Өнөөдөр Монголд өндөр уулын аялал, спорт авиралт (хаданд, мөсөнд) зохих түвшинд хөгжиж олон хүн хамрагдах болжээ. Үүний зэрэгцээ мэргэжлийн уулчин, сонирхогч гэх яриа яригдах боллоо. Миний хувьд 1991 оноос хойш нэг ч жил алгасалгүйгээр уул болон хаданд авирч, 30-аад жил хичээллэж, тодорхой хэмжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсаар ирсээн. Гэсэн хэдий ч би өөрийгөө мэргэжлийн уулчин гэж үнэлдэггүй. Зүгээр л олон жил уулын болон спорт авиралтаар хичээллэж нэлээд хөөрхөн туршлага хуримтлуулсан хүн гэж өөрийгөө боддог. Дараагийн хэсэгт Монголд байгаа өндөр уулын хөтөчдийн талаарх бодлоо бичье.
Цуврал 2
"Ууланд авируулна" гэсэн зар их явах болжээ. Ууланд хайртай, уулчдаа таньдаг хүний хувьд ямар хүн уулын хөтөчийг нь хийж байгааг сонирхдог. Тэгэхэд дийлэнх хэсэг нь уулчдын цугларалтад нэг ч очиж байгаагүй, ууланд хөтөч хийх туршлагагүй, хэн нэгнийг дагаж ганц хоёр удаа ууланд авирсан хүмүүс явж байгаа харагддаг. Энэ бол олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Бизнес авиралтын олон муу жишээ бий. 1996 оны Эверестийн осол, хамгийн сүүлд К2 уулын осол...
Би бодохдоо, уулын хөтөч гэдэг нь маш олон мэргэжил эзэмшсэн хүн байх ёстой. Жишээ нь, газарзүйч, цаг уурч, эмч, тогооч, сэтгэлзүйч гэх мэт... Мөн тухайн авирч байгаа ууландаа өдөрт 2 удаа авирах чадалтай байх хэрэгтэй (Монголын). Миний хувьд Chamonix уулын сургуулийг төгссөн олон алдартай уулын хөтөчидтэй хамтарсан авиралт хийж, дэлхийд алдартай уулын авиралт зохион байгуулдаг компаниудад олон жил уулын хөтөч хийсэн хэдий ч би өөрийгөө мэргэжлийн уулын хөтөч гэж үнэлдэггүй.
Дараагийн удаа Монголд борлуулж байгаа уулын хувцас хэрэгсэл болон уулчдын хувцаслалтын талаарх бодлоо хуваалцъя.
Цуврал 3
Уулын авиралт нь Himalayan style, Alpine style, өндрийн аялал гэж үндсэндээ 3 хуваагдана. Дотроо олон салбарлана.
Хүмүүс ууланд авирахдаа өөрсдийн ур чадвар, дадлага туршлагаас хамаарч уулс болон багаж хэрэгслээ сонгож авирдаг. Уулын спортоор анхлан хичээллэгсэд заавал мэргэжлийн үнэтэй багаж авч хэрэглэх шаардлагагүй. Жишээ нь, G14 крампон авахын оронд G10 юм уу G12-г хэрэглэснээр крампонтай ажиллах ур чадвар сайжрах болно. Уулчин хүнд зөвхөн өөрийн хэрэглэдэг, өөрийн багаж гэж байх ёстой. Жишээ нь, худрага буюу harness. Манайд "Ууланд авирах гэсэн юм, тийм багажаа өгч хэрэглүүлээч" гэсэн хүсэлт байнга харагддаг. Мөн хуучин худрага, олс зарна гэсэн хүн муутай, ёс зүйгүй зар их явах болжээ. Худрага нь хүний амь настай шууд хамааралтай хэрэгсэл юм шүү. Миний хувьд хуучин худрагаа дурсгал болгон хадгалж, 3 жилд 1 удаа заавал шинэчилдэг. Мөн уулын багаж авахдаа UIAA гэсэн тэмдэгтэй багаж авахыг чухалчилдаг.
Би харин багаж хэрэгсэл дээр мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгч чадна шүү. Дараагийн хэсэгт хувцаслалтын талаарх бодлоо хуваалцъя.
Цуврал 4
Манайд хүмүүс ууланд авирч, аялахын зэрэгцээ хувь хүмүүс болон дэлгүүрүүд A.B.C copy хувцсыг худал сурталчлан зарах болжээ. Дэлхийд номер 1 гэж байхгүй ээ, дэлхийд ижил түвшний шилдэг брэндүүд л байдаг.
Хувь хүн ууланд авирч, аялахдаа хувцаслалтаа авирах ууландаа тохируулахын зэрэгцээ өөрийн биеийн хэлбэр болон физиологийн байдалд тохируулж сонгох нь чухал.
Манайхны ууланд авирч байгаа хүмүүсийн дийлэнх нь буруу хувцасласан харагддаг. Ууланд авирахдаа нэг зузаан куртка өмсөөд болох биш яг дүрмийн дагуу зориулалтын хувцаснуудыг давхарлаж өмсөх хэрэгтэй (Сонгино шиг).
Миний хувьд Монголоос уулын хувцас авдаггүй, ихэвчлэн баталгаат газраас онлайнаар Mammut болон Marmot брэндийн хувцас сонгож захиалдаг. Учир нь чанар баталгаатай, үнэ нь боломжийн байдаг.
Хувцаслалтын талаар зөвлөгөө авч болно. Дараагийн хэсэгт хувцаслалтын давхарлага, дэс дараалал болон материалын талаар хуваалцъя.
Цуврал 5
Ууланд авирахад зөв хувцаслаж, тухайн уулынхаа цаг агаарын нөхцөл тааруулах нь наанадаж эрүүл мэнд, цаанадаж амь насанд ач тустай. Дэлхийн шилдэг брэндүүд уулын хувцас хийхийн тулд эрдэм шинжилгээний баг ажиллуулж, үйлдвэрлэсний дараа мэргэжлийн уулчид болон хөтөчөөр тест хийлгэдэг. Тиймээс уулын оригинал хувцсанд эргэлзэх хэрэггүй гэж боддог.
Манайхны уулын аялал зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөө зөв хувцаслахад суралцаж, бусдад үлгэр жишээ үзүүлэх нь чухал шүү. Ууланд авирч байх явцдаа аль болох хөлрөхгүйгээр нимгэн хувцаслах хэрэгтэй. Амрах болон оргил дээр гарах үедээ тухайн цаг ууртаа тохируулж, салхины хамгаалалттай Hard Sell bolon Down Jacket өмсөөрэй.
Миний хувьд доорх дарааллаар хувцсаа тааруулж өмсдөг.
1. Merino wool. Хөлс шингээж, хурдан хатна, удаан угаахгүй, хэрэглэхэд эвгүй үнэр шингэхгүй,
2. Polar tech технологитой цамц. Хөлс гадагшлуулах болон дулаан хадгалах чадвартай.
3. Down jacket +700-750тай. Биеийн дулаан барих нимгэн өдөн куртка
4. Hard shell. Ус, бороо, салхины хамгаалаттай куртка
5. Down jacket parka +800-850-тай. Авиралтын явцад амрах, оргил, үндсэн отог дээр болон маш хүйтэн нөхцөлд хэрэглэх юүдэнтэй зузаан өдөн куртка.
Өмд
1. Merino wool дотуур өмд
2. Polar tech технологиор хийгдсэн гадуур өмд
3. Hard shell өмд
Зөвлөгөө үргэлжилнэ...
Сэтгэгдэл ( 1 )
Unetei zuvulguu baina.