Ураны асуудал тойрсон олон асуудал дэгдэж байна. Хууль ч батлагдаж байна. Тиймээс энэ цаг дор Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Цөмийн энергийн хууль батлагдаж, нэлээд хэл ам дагуулж байна. Энэ хуулийн ололт, амжилтын талаар мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Энэ хууль нэгдүгээрт, Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтаар эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийд тунхагласан ганц орон шүү дээ. НҮБ хүлээн зөвшөөрсөн энэ статусаа хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм. Харин дараагийн гол өөрчлөлт бол монголчууд ямар ч төсөл дээр таван хувийн л АМНАТ авч ирснийг өөрчилсөн явдал. Хэрвээ ураны үнэ өсвөл АМНАТ дагаж өсдөг, хэрвээ буувал таваас доош буудаггүй байх өөрчлөлт оруулсан.
-Олон л зүйл ярьж байна. Чухам ямар гоц шалтгаан байна вэ?
-Хэд, хэдэн үндсэн шалтгаан байна. Ирэх 2025 он гэхэд дэлхий дээр 120 орчим мянган тонн уран буюу шар нутгийн эрэлт бий болно. Гэтэл хүн төрөлхтний шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадал 80 орчим мянга л байна гэсэн судалгаа бий. Энэ бол ирээдүйд ураны үнэ тэнгэрт хадна гэдгийг хэлээд байгаа юм. Тийм болохоор үнэ нь өсвөл өсдөг, буурвал буурдаг системийг урьдчилан харж, оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой шиг гэрээ хийхдээ гэрээ, хуулийн өөрчлөлтийг цуг оруулж ирдэг байсан. Түүнээс болоод бид ашгаа ирээдүйд авна, авахгүй гэсэн бөөн хэрүүл болж байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлээд хуулиа тодорхой болгочихъё. Түүндээ тааруулж, гэрээ хэлэлцээрээ хийе л гэж байгаа юм. Мөн нөхөн сэргээлттэй холбоотой мөнгө төгрөгөө их тодорхой болгож өгсөн. Олон улсын банк эсвэл Монголбанкны тусгай санд байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай мөнгийг байршуулдаг байхаар болсон. Энэ их аятайхан өөрчлөлт болсон гэж бодож байгаа.
-Төр эзэмших хувиа эзэмших нь зөв байх. Гэхдээ роялтыг 19 хувь хүртэл гэхээр хүмүүс итгэхгүй байх шиг?
-Тухайн компанийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хувь эзэмшинэ. Эсвэл төрийн мөнгөөр хайлт хийсэн бол тухайн ордын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Гэвч энэ хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг. Тэгээд бөөн асуудал болсон түүх бий. Харин үүнийг АМНАТ-өөр орлуулъя л гэж байгаа юм. Ер нь УИХ нь цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, экпортлох бодлогоо хяначихдаг. Засгийн газар нь Их хурал руугаа оруулчихдаг уян хатан систем бий болж байгаа явдал нь цөмийн энергийн салбарт урин хаврыг дуудсан өөрчлөлт боллоо гэж гэж бодож байна. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан энэ үед мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх томоохон эерэг дохио боллоо. Хөрөнгө оруулагч нарт ч итгэл төрүүлэх зүйл болж байгаа байх гэж бодож байна.
-Уг нь бол Ашигт малтмалын тухай хууль ч бий, ганц энэ удаагийнх биш уул уурхайн салбарт хамтарсан туршлага байхад заавал хууль өөрчлөх шаардлага байсан уу?
-Харин ч ийм ойлголт төрөхөөс сэргийлэхийн тулд бид хуулиа өөрчилж байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд өөрчилж байгаа хэрэг. Түүнээс биш ганцхан Францад зориулж өөрчлөөгүй. Тэгээд ч энэ салбарт Франц гэдэг бол ганцхан л оролцогч шүү дээ. Өөр олон орон бий. Нэмээд хэлэхэд 27 жилийн өмнө манайхтай хамт анх ураан ярьж эхэлсэн Казахстан улс өнөөдөр тасраад алга болсон. Тэр хэмжээгээрээ эдийн засаг нь өссөн. Шинэ нийслэлээ барьчихсан. Дахиад атомын станц барих талаар санал асуулга явуулахад ард иргэдийнх нь 71 хувь дэмжиж байна. Гэтэл манайх эсэргүүцсээр л байна шүү дээ. Ер нь уран олборлож, экспортлоно гэдэг бол атомын цахилгаан станцтай болоход 10 алхам ойртож байна гэсэн үг. Тэгэхээр бид ямар ч байсан хуулиа батлаад авчихсан нь сайн хэрэг.
-Нэгэнт хууль гарсан, одоо ураны олборлолт бол явчихна. Харин дараагийн асуудал болохоор Атомын цахилгаан станц гэдэг зүйл ярьж байна. Энэ талаар юу гэх вэ?
-Би саяхан Эдийн засгийн хөгжлийн яамны Үндсэн хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Ингэж байхдаа Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдчихлаа. Ингээд сэтгэл ханаж болохгүй. Эдийн засаг хөгжлийн яамнаас газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйгээ тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Энэ байдлаа бид тодорхой болгож байж дэлхийн хэмжээний тоглогч болно. Хятад гэхэд л газрын ховор элементийн ганцхан ордоосоо л манай олдог бүх мөнгийг олж байна. Гэтэл манайх Халзан бүргэтэй ордоо хаах тухай ярьж байна. Дэлхий нийт өндөр технологи, соронзон материал, хиймэл оюун ухааны зүг явж байна. Энэ бүхэнд хамгийн чухал зүйл чинь газрын ховор элемент. Тиймээс бид энэ талын бүх зүйлээ сайтар цэгцлэх хэрэгтэй. Манайх хамтарсан засаг байгуулаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байна. Гэвч үүнд нэг их ухаан хэрэггүй. Халзан бүргэтэйн орд явбал л хөрөнгө оруулагч ирнэ. Явахгүй бол үргэнэ. Энэ бүхэн маш энгийн. Томоохон төслүүдийг ингэж хардаг болох хэрэгтэй байна. Мөн эдийн засгаа, өндөр технологийг хөгжүүлэхийн тулд нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын шинжлэх ухаанд хандах хандлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Бид одоо Түвд болох уу, орчин цагийн өндөр хөгжилтэй улс болох уу гэдэг сонголт дээр байгаа гэж боддог. Монгол, Франц хоёр улс хамтраад ураны эрэл хайгуулын шатанд ажиллаж ирсэн. Үүний үр дүнгээр хоёр улсын хамтарсан “Бадрах энержи” гэдэг компани байгуулагдсан. Цөмийн энергийн тухай хуулиар тус компанийн 34 хувийг Монгол Улс үнэ төлбөргүй авсан байдаг. Хайгуул хийгээд манай улсыг 200 мянган тонн байгалийн ураны нөөцтэй гэж тогтоосон. Үүнийн тал хувь нь “Бадрах энержи” компанийн мэдэлд байгаа юм. Дулаан-Уул, Зөөвч овоо гэсэн ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийх цаг үеийн шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийчих юм бол хайгуулын шатнаас олборлох, шар нутгийг экспортлох шатанд очих юм. Сая манай улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр уг хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий зарчмуудыг тохиролцсон тохиролцоон дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” компани бол Монгол Улсын “Бадрах энержи” компаниас эзэмшиж байгаа Монгол Улсын 34 хувийн эрдэс баялгийг бодлогыг хэрэгжүүлдэг корпораци шүү дээ. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэх ийм үйл явдал боллоо. Цаашлаад энэ хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор үргэлжилж, УИХ-аар оруулж батлаад ажил хэрэг болоод явах учиртай.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд урьдчилсан байдлаар ямар, ямар нөхцөлүүдийг тохирсон бол. Манай улсын хувьд 10 хувийн давуу эрхтэй хувьцаа авна гэж байсан. Энэ нь ямар учиртай вэ?
-Би албан ёсны Ажлын хэсэгт нь ороогүй боловч авсан мэдээллээр болямар ч байсан рояалтиг өндөр тогтооё гэсэн зарчимд хүрсэн юм билээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан 19 хувь хүртэл, стандарт нь 11, хамгийн багадаа тав байхаар тохирсон. Манайхан “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашина” гэж ярьдаг. Рояалти гэдэг бол эзэнд өгч байгаа мөнгө юм. Өмнө нь хоёр улсын Засгийн газар хоорондын ойлголцлоор бол хамтраад шар нунтаг гаргаад эхлэхээр Монголд оногдох хувьтай тэнцүү эцсийн бүтээгдэхүүнийг уранаар нь авна гэсэн тохиролцоо байгаа. Ингээд ирвэл стратегийн хувьд Монгол, Франц улсууд хамтран мега төсөл хэрэгжүүлэхэд нэг алхамаар урагшиллаа гэсэн үг. Мега төсөл гэдэг чинь 500 сая ам.доллараас дээш мөнгөн дүнтэй төслийг хэлдэг. Ийм хэмжээний төслийн мөнгө тухайн улсын банкуудаар дамжин орж ирэх ёстой. Мөн хүний нөөцийн 95 орчим хувь нь монгол ажилчид байх зарчмын тохиролцоо хийгдсэн байна. Энэ мэт олон мега төслүүд хэрэгжүүлж байж манай улс өрсөлдөх чадвартай улс орон болно.
-Энэ төсөл манай улсад эдийн засгийн болон нийгмийн талаасаа ямар үр өгөөж өгөх вэ?
-Эдийн засгийн талаасаа мэдээж чухал үр нөлөөтэй. Бүх төрлийн татвараа төлөөд ажлын байр бий болгоод явна. Гол асуудал бол Оюу толгой дээр гаргасан алдааг давтахгүй байх ёстой. Үүн дээр Засгийн газраас ч анхаарч байгаа байх гэж найдаж байгаа. Ингэхийн тулд рояалтиг л маш сайн ойлголцох хэрэгтэй. Дээрээс нь цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, байгаль орчинтой хэрхэн харилцах тухай заалтуудыг тусгайлан оруулж өгөх нь нээлттэй байгаа. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг. Манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсэхэд анхлан дэмжсэн орнуудын нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс маш өргөн, урт хугацааны дипломат харилцаатай. Энэ оны тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол Францын онцгой түнш” гэж зарласан. Тэгвэл сая манай Ерөнхийлөгч очихдоо манай гуравдагч хөрш гэж зарлана гэдэг бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа их өндөр түвшинд очсоныг харуулж байгаа юм. Үүний дараагийн алхам бол стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах явдал. Энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин бусад хөрөнгө оруулагч нар ч орж ирнэ. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэгээс гадна Европын холбооны эдийн засаг, геополитикийн гол тоглогч орон. Ингээд бодохоор Европын хөрөнгө оруулагчид, улс төрийн анхааралд манай улс очиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж болох юм гэсэн ойлголтыг өгсөн. Үүний ч дагуу зөвхөн уран гэлтгүй уул уурхайн бусад салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагч нар илэрхийлээд эхэлсэн байна. Энэ бол маш зөв дохио.
-Манайхан ярьж л байдаг. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж батлаад ажил хэрэг болгож чадах болов уу. Учир нь нэлээд хэдэн “Эх оронч” гишүүн бий шүү дээ?
-Зүгээр нэг Засгийн газар, эсхүл Ерөнхийлөгч дурлаад хийгээд байгаа ажил огт биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, дэмжээд хийж байгаа ажил. ҮАБЗ-ийн зөвлөмж гараад хэрэгжээд явж байгаа ажлыг эсэргүүцэх юм бол ҮАБЗ-ийн үзэл санааны эсрэг үйл ажиллагаа болно. Тэгэхээр улс орны зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг анхааралдаа авах шаардлагатай. Зөвхөн Их Хурлын гишүүн ч биш. Эсэргүүцээд байгаа нөхдүүдийг анхааралдаа авах хэрэгтэй юм. Үндэсний хэмжээний мега төслийг гацаах тал дээр оройлон тоглогч байж болохгүй. Эдийн засгийн ач холбогдлоос гадна үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үзэл баримтлал дээр дипломат яриа хэлэлцээрээр Монгол Улс өөрийн аюулгүй байдлаа хангана гээд заачихсан байгаа. Энэ ажлын нэг хэсэг нь гэж ойлгож болно. Нөгөө талаасаа 30 жилийн өмнө Казахстан манайх хоёр нэг гараанаас гарсан. Гэтэл одоо Казахстан дэлхийн нэг номерын уран экспортлогч орон болсон. Манайх л суурин дээрээ хий эргэсээр байна. Тийм учраас хөршөөсөө сургамж авч, алдааг нь давтахгүй, зөвийг нь давтаад явах ёстой. Энэ мега төсөл бол зөвхөн эдийн засгаас гадна стратеги, аюулгүй байдлын, соёлын, бизнесийн, өндөр технологийн гээд маш олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад Монгол Улс хиймэл дагуул хөөргөх чиглэлд ажиллаж байна. Франц улсад Чингис хааны үзэсгэлэн гаргаж, Монголын соёлын өдрүүдийг хийж байна. Ер нь социализмын үеэс л гуравдагч орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаан дээр Франц улс хамтран ажилладаг байсан. Шар нунтаг гаргадаг орон болно гэдэг чинь урт хугацаандаа бид өөрийн гэсэн цөмийн реактортой болох боломжтой болж байгаа юм. Одоо бид хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байгаа. Бид энэ хамаарлаас гарахгүй бол Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт, Шинэ сэргэлтийн тухай ойлголт байхгүй. Гангийн үйлдвэр, Аж үйлдвэрийн парк байгуулж, утаанаас салж чадахгүй. Өрсөлдөх чадварт муугаар нөлөөлсөөр байна. Тийм учраас энэ төслийг дээр доор, төр хувь гэхгүй дэмжээд явах нь зүйтэй.
-Том төсөл учраас бодит орлогоос гадна дам нөлөөлөл их байна байх, тийм үү?
-Хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байж том үйлдвэр хөгжинө гэж бодоод байдаг. Гэтэл том үйлдвэрлэл, мега төслүүд явж байж, түүнийгээ дагаад жижиг үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид үүсэн бий болно. Хэрэв анзаарч байгаа бол Оюутолгойг дагаад маш олон компани хөл дээрээ бат зогссон. Олон улсын стандартыг мөрдөж сурч байна, дэлхийн компаниудтай хамтран ажиллах чадвартай болж байна. Тиймээс бид энэ мэтийн мега төслүүдийг чадвал жил бүр л нэгийг эхлүүлээд байх ёстой гэж би хувьдаа боддог. Хойшид зөвхөн Франц бус, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд, байнгын бус гишүүн орнуудыг дэмжээд мега төслүүдийг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мега төслүүд Монголыг хүчирхэг болгоно. Эдийн засгийн хувьд хүчирхэг, өрсөлдөх чадвартай болно гэдэг бол бусад бүх талаараа хүчирхэг орон болдог. Дээрээс нь энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр эдийн засагчид ажиллахаас гадна физикийн чиглэлийн хүмүүсийг оруулж ажиллуулах шаардлагатай. Энэ бол цацраг идэвхит ашигт малтмал дээр суурилсан гэрээ болохоос биш мөнгөн дээр суурилсан гэрээ биш. Өөрөөр хэлбэл, аль нь эхлэл, аль нь төгсгөл гэдгийг нь харж, хөл, толгой хоёрыг нь зөв олж байж энэ төсөл үргэлжлэх учиртай.
С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 7 )
Монголоор дүүрэн ийм доктор нэртэй ном уншиж хагас дутуу ойлгосноо ярьдаг хүмүүс их бий шүү
Тэнгэр бурхан минь, байгаль ухаж цадахгүй шжналаараа хойч үеийн хоолыгхулгайлагчдыг хурдах цөөлж өгөөч
,,за одоо болио хуц
,,за одоо болио хуц
Kazakhstan gants uranaar mungu oldgui yum shuu mangaraa.Asar olon turuliin export hiideg.nuurs, gazariin tos, shatdag hii, hovor element, zes , tumuriin huder, alt mungu geed mash olon ashigt maltmalaas gadna ur taria, hunsnii nogoonoos avahuulaad jimsgene, mah suun buteegdehuun expirtoldog.Naad uran chin kazahiin exportiin jaahan l heseg.
Доктороо ч хат энэ хамгийн болдоггүй нөхөр дөө элбэгийн суганы үс гээ биздээ.
Уран шар нунтаг хоёроо ялгахгүй хольж ярьж байж газрын ховор элемент, атомын цахилгаан станц, ураны эрэлт гэж худлаа бүлтэрээд байх хэрэггүй.