“Төсвийн тодотголын төсөл ерөөсөө л ковидын эсрэг зарцуулагдана гэсэн концепцитэй хийгдсэн” гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Тодотголын төсөл хуульчлагдан батлагдсанаар 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдэж, төсвийн нийт алдагдал 3.6 их наяд төгрөг болж, ДНБ-д эзлэх хувь 5.1 хувиас 3.7 хувиар нэмэгдэж, 8.8 хувь болж өсөх юм.
Тэгвэл өчигдөр /2021.06.30/ чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэгийг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн болон цар тахлын эрсдэлийг удирдахад Засгийн газар төлөвлөлт хийх эсэхийг илүүтэй тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байгаа. Төсвийн тодотголоор 237 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмсэн бөгөөд даатгалын сангийн үлдэгдэл нь 492 тэрбум төгрөг байна. Үүнийг эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ үзүүлэх цар тахлын үйлчилгээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн тодотголоор орж ирэх хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж, цар тахлын эсрэг цаашдын бэлэн байдлыг хангахын тулд эм болон оношлуурын нөөц бүрдүүлэхэд зарцуулна.
Тухайлбал, уушги орлуулагч аппарат улсын хэмжээнд 3 байгаа бөгөөд нэмж нэг аппаратын захиалгыг өгөөд байна. Уг аппаратын дагалдах хэрэгсэл нь нэг хүнд хэрэглэх өртөг 35 сая төгрөг. Тодорхой хэмжээнд дагалдах хэрэгслийг нөөцөлсөн ч цар тахлын халдвар хүндэрсэн хүмүүстээ хэрэглэж дууссан. Төсвийн тодотголын хүрээнд энэ аппарат болон дагалдах хэрэгслийг нэмж захиалсан байгаа ч үйлдвэрлэхэд багагүй хугацаа шаарддаг” гэсэн юм.
Сануулахад, Манай улс ковидын улмаас 582 иргэнээ цаг бусаар алдаад байна. Уг вирусээр өвчлөн, эндсэн иргэдийн олонх нь хууч өвчин, олон эрхтэний дутагдалтай холбоотойгоор амиа алдсан гэх мэдээллийг албаныхан өгдөг. Нөгөө талаас хоногт 2 мянган халдвар шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо хэдийнэ 100 мянгыг давсан ийм нөхцөлд бүхэл бүтэн улсын хэмжээнд уушги орлуулагч гуравхан аппараттай байгаад байж болох уу гэдэг асуудал нийтийн анхааралд байгаа. Тэгвэл тодотголын хүрээнд ямар ч байсан 1 ширхэг аппарат нэмж авах бололтой. Ковидын халдварлах, өвчний нөхцөл байдлыг хүндрүүлэх шинж чанартай шинэ төрлүүд хөрш орнуудад бүртгэгдэж, манайд ч эхнээсээ бүртгэгдээд эхэллээ гэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмжүүд авахад тухайлан анхаарч, арга хэмжээ авах шаардлагатайг хэлэх нь зөв болов уу.
Сангийн сайд Б.Жавхлан тодотголын төслийн танилцуулга хийж, дараах мэдээллийг өглөө.
Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн орлогыг ядууралд өртөхөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон.
Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Коронавируст цар тахлын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад улсын төсвөөс нийт 45.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл урамшууллыг олгох, “КОВИД-19” цар тахлын вирусээр өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх замаар цар тахлын улаан бүсэд ажиллаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын хөдөлмөрийн бодит гүйцэтгэл дээр үндэслэж цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгохоор тооцлоо. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тус салбарын цалин хөлс, урамшууллын асуудлыг хангалттай нөөцлөх шаардлага бий болж байна.
Мөн халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны долоодугаар сарын 01-н хүртэл 100 мянган төгрөгөөр, долоодугаар сарын 01-нээс он дуустал 20 мянган төгрөгөөр олгоход шаардагдах төсөв батлагдсан. Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь бага, дунд орлоготой өрхийн орлогод хүндээр тусахаар байна. Өмнөх онд хэрэгжүүлсэн цар тахлын үеийн нийгмийн хамгааллын мөнгөн дэмжлэгийн хэлбэр нь олон мянган өрхийн орлогыг ядуурлаас урьдчилан сэргийлж чадсан оновчтой арга хэмжээ болсныг Олон улсын байгууллагууд онцолсон. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 100 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаарддаг 16 хүртлэх насны хүүхдэд олгодог амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42,9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Халдварт цар тахлын нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед төрийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн ашгаас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг хариуцан төлж байгааг он дуустал, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгахад 700 орчим тэрбум төгрөг зарцуулна.
Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулна гэсэн мэдээллийг өгсөн юм.
2020, 2021 оны ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг амжилттай дуусгах, дараагийн эдийн засгийн шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах, зөв шилжилт хийхэд макро бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, цахилгаан, дулааны мөнгийг чөлөөлж байгаа нь халамжийн арга хэмжээ мэт боловч дотоодын эдийн засгийн эргэлт сул хэвээр байгаа тул үүнийг дэмжих давхар бодлого явуулж байна гэв.
Мөн тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтын зардлын талаар хэлэхдээ төсөвт суусан хөрөнгө оруулалтуудад хасалт хийгээгүй, тэглээгүй. 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй болон дэд бүтэц, газар нь шийдэгдээгүй ийм төслүүдийн гүйцэтгэл жилийн эцэст 100 хувьд хүрэхгүй гэсэн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Иймд 22 төслийн нийт 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр таналт хийж байна. Энэ жилийн хувьд 457 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг явуулж, нийтдээ гүйцэтгэл нь 77 хувьтай байгаа бөгөөд Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт долоодугаар сарын 01-ний өдрийн дотор хөрөнгө оруулалт, худалдан авалтаа зохион байгуулах чиглэл өгсөн гэсэн нэмэлт тайлбарыг чуулганы хуралдаанаар өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )