Хамгийн өндөр ЗАРДАЛТАЙ зуны олимпын НААДМУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

“Токио-2020” зуны олимпын наадам хамгийн их зардалтай наадмуудын нэг болж түүхэнд үлдэнэ. Цар тахлын сүүдэрт дарагдсан энэ удаагийн олимп нэг жил хойшлохдоо зардлаа гурав дахин нугалжээ.

Чухам энэ л шалтгаанаар түүхэнд хамгийн их зардлаар бүтсэн, гаргасан зардлаа нөхөх гэж хэдэн арваныг үдэх олимпын наадам гэж эдийн засагчид таамаглаж байна. “Токио-2020” зуны 32 дахь удаагийн наадмыг оролцуулаад хамгийн их зардалтай зуны олимпын наадмуудыг танилцуулъя.


Бээжин-2008

Зардал: 45 тэрбум ам.доллар /өнөөгийн ханшаар 56.7 тэрбум ам.доллар/

Эрчимтэй тэлж буй эдийн засаг, мөнгөжиж буй хөрөнгөтнүүд Бээжин хотод олимпын наадам зохион байгуулахыг дуу нэгтэй дэмжсэн. Олимпын наадмыг зохион байгуулах Бээжин хотын дэд бүтэц, метроны шугам, цэвэр, бохир усны систем зэргийг иж бүрэн шинэчилж, олон арван шинэ барилга байгууламж ашиглалтад оруулж, цэнгэлдэх хүрээлэнгүүдээ ч нэмсэн энэ олимпын наадмын зардал 45 тэрбум ам.доллар болж байжээ. Олимпын наадмын нээлт, хаалт, хөнгөн атлетикын тэмцээн зохион байгуулсан “Шувууны үүр” цэнгэлдэхийг л гэхэд 460 сая ам.доллароор босгожээ.


Токио-2020

Зардал: 26 тэрбум ам.доллар /үүнээс ч нэмэгдэх магадлалтай/

Олимпын наадмыг зохион байгуулахаар төлөвлөж 2013 онд ОУОХ-ны хурлаар Токио хотыг олимпын наадамыг зохион байгуулагчаар сонгоход 7.3 тэрбум ам.доллароор зохионо гэж төлөвлөж байлаа. Гэвч энэ зардал өдгөө 26 тэрбум ам.доллар болж өсөөд байна. Олимпын наадам дуусахад энэ тоо өсөж 30 тэрбум ам.долларын босго давж магадгүй гэж шинжээчид таамагласан. Бүх зүйлд тооцоотой ханддаг Японы хувьд зардал өсөж байгаа нь таагүй мэдээ. Дээрээс нь хүн амын цонх үе нь таагүй байдлаар эргэж, ахмад настнууд нэмэгдэж байгаа нь олимпын наадмаас үүдсэн эдийн засгийн хямрал гарахад хүргэж болзошгүй гэж учир мэдэх эдийн засагчид анхааруулсаар буй.


Лондон-2012

Зардал: 14.8 тэрбум ам.доллар /өнөөгийн ханшаар 17.5  тэрбум ам.доллар/

Олимпын наадмыг гурван удаа зохион байгуулсан европын анхны хот бол Лондон. Нэгэн цагт дэлхийн төв байж байгаад тулах цэгээ АНУ-д алдсан энэ хот орчин цагийн олимпын наадамд ээлтэй цөөхөн хотуудын нэг. Их Британийн засаг захиргаа зөвхөн дэд бүтцэд л гэхэд 604 сая ам.доллар зарцуулсан нь ямархан зардалтай байсныг харуулна. Гэхдээ таван тэрбумаас хэтрүүлэхгүй гэж байснаа бодвол эцсийн зардал өндөр. Лондон хот олимпын наадам зохион байгуулсан зардалаа нөхөх хүртэл 2022 оныг хүлээх хэрэгтэй болсон. Брекситын дараа энэ тоо таван жилээр сунасан билээ.


Рио-2016

Зардал: 13 тэрбум ам.доллар /өнөөгийн ханшаар 14.7 тэрбум ам.доллар/

Алдарт “Business Insider” сэтгүүлийн тооцоолсноор Рио де Жанейрогийн олимп бол “санхүүгийн сүйрэл” болсон олимп. Анхны төсвөөсөө даруй 50 хувь өссөн нь үүний тод жишээ. Зөвхөн Рио де Жанейро хотын метроны шугамыг засварлан, сайжруулахад 2.9 тэрбум ам.дллар зарлцуулсан байна. Түүнээс гадна барилга байгууламжийн зардал хэтэрхий өндөр байсан нь томоохон албан тушаалтнуудын “мөнгө идэх” гайхалтай завшаан болсон. Хэрэв санхүүгийн хяналттай байсан бол зардлын хэмжээ үүнээс ч бага байх боломжтой байсан. Рио де Жанейрогийн олимптой холбогдуулан барьсан зарим цэнгэлдэх өнөө хэр нь ашиглагдахгүй тоосонд дарагдсан хэвээр байна.


Афин-2004

Зардал: 7.5 тэрбум ам.доллар /өнөөгийн ханшаар 10.7 тэрбум ам.доллар/

Учир мэдэх хүмүүс Грекийн санхүүгийн хямрал Афины олимпоос эхлэлтэй гэж үздэг. Нэг талаар тийм байж мэдэх ч нөгөө талаараа зөвхөн олимпын наадам хямралд нөлөөлөөгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүй. Анх төлөвлөж байснаасаа нэг дахин нэмэгдсэн энэ наадмын зардлын ихэнхийг хот төлөвлөлтөд зарцуулжээ. Бүтээн байгуулалтад ч мөн адил их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Их мөнгөн маргаан дагуулдаг бичигдээгүй хууль Афины олимпод ч үйлчилсэн. Зохион байгуулснаас нь хойш зургаан жилийн дараа олимпын наадмын төсвийг захиран зарцуулсан хэд, хэдэн хүн шүүхээс ял сонсжээ.


Сидней-2000

Зардал: 6.5 тэрбум ам.доллар /өнөөгийн ханшаар 10.2 тэрбум ам.доллар/

Тухайн цаг үедээ олон нийт Сиднейн олимпыг маш амжилттай зохион байгуулсан олимпын наадмуудын нэг гэж дуу нэгтэй үнэлж байв. Одоо ч энэ үнэлгээ хэвээр. Учир нь цэвэр, бохир усны системээ бүрэн шинэчилсэн нь энэ олимпын өв болон үлдэж, амралтын хүрээлэнгүүдэд одоо ч хүний хөл тасрахгүй байна. Сиднейн олимпоор ашиглалтад орсон цэнгэлдэх хүрээлэн, спортын төвүүдийг 715 сая ам.доллароор босгосон бөгөөд Сиднейг дэлхийн аялал жуулчлалын төв болгоход ихэд нөлөөлсөн гэж “The New York Times” сонин үнэлжээ. Энэ жагсаалтад багтсан бусад олимпуудыг бодвол зардлаа нөхсөн, өв болон үлдсэн цор ганц олимп нь Сидней ч байж мэднэ.

 

Жич: Энэхүү жагсаалтад зөвхөн зуны олимпын наадмуудыг хамруулсан болно.


Мэдлэгт нэмэр: ОХУ-д 2014 онд зохиогдсон Сочигийн өвлийн олимпын наадам түүхэнд хамгийн өндөр зардалтай олимп болж үлджээ. Энэ олимпыг зохион байгуулахад нийт 55 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Анх төлөвлөж байснаас 10 хувиар өссөн энэ наадмын 85 хувийг спортын бүтээн байгуулалтаас бусад арга хэмжээнд зарцуулсан байна. Зардлаа нөхөхөд ОХУ-д 45 жил шаардлагатай гэсэн багцаа судалгаа бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top