Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц Австри улсын Вена хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын “Academia musica” II уралдаанд алдарт альт хөгжимчин, ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, ОХУ-ын дөрвөн удаагийн Төрийн шагналт, мөн Америкийн хөгжмийн “Грэмми” наадмын шагналт Юрий Башметад зориулсан эрдүү хийл, симфони найрал хөгжмийн концертоор оролцон III байр эзэлжээ. Уран бүтээлчид баяр хүргэж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Та яагаад энэ хөгжимчинд бүтээл зориулах болов?
-Яг зориулсан гэхээр оновчтой болох уу, үгүй юу. Ямартай ч түүгээр тоглуулна гэж нэг талаар мөрөөдөж бичсэн юм. Эрдүү хийлч Юрий Башмет бол дэлхийн нэг номерын альт хөгжимчин. Морин хийлийн тухайд тэргүүлэх хөгжимчдөөр Оросын М.Ростропович, Америкийн Ёо Ёо Ма нарыг нэрлэдэгтэй адил олон улсад альтаар түүнийг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Түүх ярих болох нь. Би сүүлийн жилүүдэд Москвад сурч байгаа юм. П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт хөгжмийн зохиолч мэргэжлээрээ аспирантурт суралцаж дүүргээд, одоо үргэлжлүүлэн урлаг судлалын ухааны докторын зэрэг горилон суралцаж байна. Орос бол урлагийн, хөгжмийн орон. Алдартай багш нар, цуутай хөгжимчид нь бие биеэ андахгүй. Миний мэргэжлийн багш А.Чайковский алдарт Юрий Башмет нар нэг ангийнхан, багын найз нар. Би магистрын дипломын ажлаараа хийлийн концерт бичих саналтай байгаагаа багшид хэлтэл “Чи альтынхыг бич ээ” гэлээ. Тэгэхээр нь багш нэг юм бодож дээ гэж ойлгосон. Манай ангийн нэг бус орос оюутан зохиол бичсэнийг багш Юрийгээр тоглуулсан юм л даа. Тэр маягаараа минийхийг ч гэсэн зүтгүүлэх гэж байгаа юм болов уу. Ер нь түүгээр тоглуулсан ч бай, үгүй ч анх бодсоноороо бүтээлээ зуун дамнасан домогт хөгжимчинд зориулахад болохгүй юм гэж бодоод ийнхүү тодотгоод байгаа юм.
-Тэгвэл цоо шинэ, хэн ч эгшиглүүлээгүй бүтээлээ Австрид уралдаанд илгээжээ?
-Тэгсэн. Ер нь хэр бүтээл болж вэ гэдгийг нь харъя гэж бодоод ноотыг нь явуулсан юм. Сүүлийн хоёр жилд хөгжмийн зохиолчдын уралдаануудыг байнга тусгай программаар ноотыг нь уншиж дүгнэж байгаа. Тэгтэл III байр эзэлжээ. Дүн нь энэ сарын 16-нд гарсан ч, дипломоо өнөөдөр л хүлээж авлаа.
-Хэдэн минутын концерт вэ?
-Ер нь бол 25 минутынх. Гэхдээ зарим сунгаж тоглодог хөгжимчид бараг 30 минут зарцуулах байх.
-Та олон улсын уралдаанд бүтээлээ нэлээд явуулах болжээ. Үүний өмнө ямар амжилт үзүүлсэн билээ?
-Түрүү жил ОХУ-ын Сочи хотод болсон алдарт хөгжмийн зохиолч А.Шниткегийн нэрэмжит уралдаанд төгөлдөр хуур, утсан хөгжмийн найрлын зохиолоо илгээхэд “Шилдэг долоо”-д багтсан байсан.
Сэтгэгдэл ( 2 )
\n\n\n\n\n\n\n\n\n\n
xogjim bo unexeer goyo l doo. xogjim togloj surax ni mash goyo zuil. gexdee zaaval urlagiin xun baix albagui zugeer l xobby bolgoj xogjimdox bol jargal avch irne xund