Коронавирусний “мю” хувилбарын талаар юу мэдэх ёстой вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хяналт, судалгааны жагсаалтдаа коронавирусний цоо шинэ хувилбарыг нэмсэн нь “Мю” омог юм. Өөрөөр хэлбэл “Мю” хувилбар нь коронавирусний бусад омгоос генийн хувьд ялгаатай гэсэн үг бөгөөд олон улсад энэ хувилбар тархсан тул хүн амын эрүүл мэндэд онцгой аюултай байж болзошгүй гэж үзэж байна.

“Мю” хувилбарын генийн өөрчлөлтүүд нь вирусийг илүү халдвартай, хоруу чанартай, вакцин болон бусад хувилбарын халдварын дүнд тогтсон дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай болгох боломжтой гэнэ. Улмаар вирусийг эмчлэхэд илүү төвөгтэй болгох магадлалтай гэж судлаачид үзэж байна. Ингэхдээ судлаачид “магадгүй” гэж анхааруулжээ.

Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Мю” хувилбарыг VOI буюу “анхаарал татах” ангилалд багтаагаад байна. Өөрөөр хэлбэл илүү аюултайг илтгэх “сэтгэл түгшээх” (VOC) ангилалд одоогийн байдлаар оруулаагүй байна. “Мю” хувилбарыг VOC ангилалд шилжүүлэх эсэхийг тодорхойлохын тулд анхааралтай ажиглаж байгаа аж. Одоогийн байдлаар, ДЭМБ анхаарал татах ангилалд ороод буй “Эта”, “Йота”, “Каппа” болон “Лямбда” зэрэг дөрвөн хувилбарыг мөн ажиглаж байгаа юм. Гэхдээ эдгээр хувилбарууд бүгд дэгдэмхий органик нэгдэл гэж ангилагдаагүй байна.

“Мю” хувилбар дархлаанаас зайлсхийх чадварыг илтгэсэн мутацуудыг нэгтгэж буйгаараа анхаарал татаж байна гэж ДЭМБ тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, вакцины дүнд тогтсон хамгаалалтаас зайлсхийх онцгой чадвартай гэсэн үг.

Хаана тархаж байна вэ?

“Мю” хувилбар анх 2021 оны нэгдүгээр сард Колумб улсад бүртгэгдэв. B1621 гэх албан ёсны нэршилтэй хувилбар өдгөө 40 гаруй улсад тархаад байгаа ч одоогоор халдварын 0.1 хувийг эзэлж байна. Колумб улсад хамгийн өргөнөөр тархаад буй энэ омог халдварын 39 хувийг эзэлж байсан бол сүүлийн дөрвөн долоо хоногт ганц тохиолдол бүртгэгдээгүй байна. Эквадорт шинжилгээнд хамрагдсан сорьцын 13 хувийг эл хувилбар эзэлсэн бол сүүлийн дөрвөн долоо хоногт энэ үзүүлэлт есөн хувь болжээ. Чили улсад сүүлийн дөрвөн долоо хоногт шинжилсэн сорьцын 40 орчим хувийг энэ хувилбар эзэлжээ. Өөрөөр хэлбэл, “Мю” хувилбарын тархалт Колумб улсаас Өмнөд Америкийн бусад улс орнуудад шилжиж байгаа гэнэ. Их Британид нийт 45 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх сорьцийн генийн дарааллыг тогтоодоггүй тул бодит байдалд тохиолдлын тоо илүү өндөр байх магадлалтай гэнэ.

Хэр аюултай вэ?

“Мю” хувилбар “Дельта” хувилбараас илүү халдвартай эсэх, илүү хоруу чанартай эсэх асуудал судлаачдын анхаарлыг татаж байна. “Мю” хувилбар нь “Альфа” хувилбарт анх ажиглагдсан, коронавирусийг илүү халдвартай болгосон “P681H” мутацыг агуулж байна. Гэхдээ энэ судалгаа нь зөвхөн анхан шатных тул үр дүнг нь бусад эрдэмтэд албан ёсоор авч хэлэлцээгүй байна. Тиймээс “P681H” мутац вирусний шинж чанарт хэрхэн нөлөөлснийг баттай хэлэхэд эрт гэнэ.

Түүнчлэн, “Мю” хувилбарт “E484K”, “K417N” зэрэг мутац илэрсэн нь эсрэг биетээс зайлсхийх чадвартайг илтгэж байгаа аж. Эдгээр мутац нь коронавирусний эсрэг зарим вакцины үйлчилгээг сулруулдаг ба “Бета” хувилбарт илэрч байжээ. Үүний сацуу тус хувилбарт “R346K” болон “Y144T” зэрэг өөрчлөлт илэрсэн ба эдгээр мутацын үр дагавар нь одоогоор тодорхойгүй ба судлагдаж байгаа гэнэ.

“Мю” хувилбар хүний биед тогтсон дархлаанаас зайлсхийх чадвартай эсэх талаар одоогоор хязгаарлагдмал мэдээлэл байна. Ромын лабораторид явуулсан судалгаанаас үзвэл бусад хувилбартай харьцуулахад “Мю” хувилбарын эсрэг “Pfizer / BioNTech” вакцины үр дүн буурсан болохыг лабораторийн нөхцөлд тогтоожээ.

Цаашид хэрхэх вэ?

“Мю” нь ДЭМБ-ын жагсаалтад энэ оны зургаадугаар сараас хойш бүртгэгдэж буй эхний шинэ хувилбар. VOI буюу “анхаарал татах” ангилалд багтсан хувилбарын талаар ДЭМБ харьцуулсан судалгаа хийж, тухайн хувилбарын тархалт, үр дагаврын талаарх мэдээллийг гишүүн орнуудаас цуглуулах замаар бусад хувилбаруудтай харьцуулан судалдаг байна.

“Мю” хувилбарыг “сонирхол татах” ангилалд багтаасан нь коронавирусний шинэ хувилбарууд гарч ирэх боломж буйг анхааруулж байна. Илүү халдвартай “Дельта” хувилбарын тархалт олон улс орон, ялангуяа вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн дунд хүчтэй багаа нь коронавирусний омог, хувилбарууд цар тахлын явцыг хэр хурдан өөрчлөх боломжтойг илтгэж байна. Вирус өвчтөний биед үржих бүрд хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарыг бий болгох магадлалтай аж. Тиймээс шинэ хувилбар үүсэхээс сэргийлэх хамгийн гол арга зам нь дэлхий нийтээр вакцинд хамрагдах явдал гэж эрдэмтэд сануулж байна.

“Мю” хувилбар гарч ирсэн нь энэ зорилго ямар чухал болохыг дахин сануулж байна. Маш олон хүн, ялангуяа хөгжиж буй орны иргэд вакцинд хамрагдаагүй л байна. Тиймээс эдгээр орнуудад аль болох богино хугацаанд вакцин хүргэж, шинэ хувилбар дахин үүсэхээс сэргийлэх хэрэгтэй байна гэж судлаачид анхааруулсаар. Эс тэгвэл цар тахал сунжирсаар байх болно.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Top