Өнгөрсөн Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн аварга Абдулрашид Садулаев олимпын аварга болсныхоо дараа ОХУ-ын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Олимпын хошой аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Финалын барилдааны өмнө надад хэрэв ялах юм бол хаалтын ёслолын Тугч болно шүү гэж хэлсэн. Би таван жилийн өмнө Риогийн олимпод тугчаар ажиллах хүсэлтэй байсан ч болоогүй. Тугч болно гэдэг нэр төрийн хэрэг. Би их баяртай байгаа.
-Олимпын наадам эхлээд л хэрэв Садулаев аварга болбол хаалтын ёслолын тугч болно гэж ярьж байсан шүү дээ.
-Би ер сонсоогүй байсан.
-Снайдер та хоёр гурав дахь удаагаа барилдлаа. Гэхдээ энэ удаагийн барилдаан өмнөх Парис, Будапештийнхээс өөр байсан.
-Тэр барилдаанууд ДАШТ-ий финал байсан бол энэ удаад олимпын наадмын финал шүү дээ. Жижигхэн алдаанаас болоод ялагдаж ч болно. Снайдер биеийн бэлтгэл маш сайн байсан. Эхний минутаас л дайраад эхэлсэн. 2017 оны барилдааныг сануулах гэж хүссэн байх. Харин би эрсдэл гаргахгүй, алдаа хийхгүй барилдахыг хичээсэн. 100 хувь биш ч гэсэн барилдаан миний төлөвлөгөө ёсоор явагдсан.
-Ямар төлөвлөгөөтэй байсан бэ?
-Алтан медаль авах. Би барилдааны өмнө ямар нэг тодорхой төлөвлөгөө зохиож, боддоггүй. Бүх юмыг барилдааны дундуур зөнгөөрөө хийдэг. Би мэх, барилдаанаа маш олон жил хийж, бэлтгэж байгаа болохоор бараг автоматаар л гардаг юм. Дэвжээн дээр шийдвэр гаргах нь надад илүү амар байдаг.
-Кайл Снайдертай дахин таарч барилдана гэж бодож байна уу?
-Би зодог тайлах бодолгүй, Кайл ч дэвжээгээ орхино гэж хэлээгүй болохоор дахиж таарах нь ойлгомжтой. Ослогийн ДАШТ-д таарч болох ч би одоохондоо дэлхийн аваргад барилдах эсэхээ шийдээгүй байна. Олимпын дараа амрах шаардлагатай.
-Олимпын үеэр хөлний гэмтэл санааг тань зовоож байв уу? Гэмтлийн улмаас та удаан барилдаагүй байсан.
-Санаа зовоогүй ч түгшүүр бол байлаа. Токиод намайг нэг ч удаа хөлд ороогүйг та анзаарсан байх. Хөлд орохоос айж байсан. Чөлөөт бөхөд өөр зөндөө мэх бий. Энэ гэмтэл надад заавал туулан, давж гарах ёстой том сорилт болж өгсөн. Түрүүлнэ гэж бардамналгүй, өрсөлдөгчөө басалгүй барилд гэж дээд тэнгэрээс өгсөн сорилт байх. Гэхдээ шархадсан арслан илүү аюултай байдаг шүү дээ.
-Замболат Тедеев таныг 125 кг-ийн олимпын аварга Гейбл Стивенсонтой барилдсан ч илт давуу ялж чадна гэж хэлсэн.
-Багш мэдэж байгаа биз. Би энд Стивенсоныг анх удаа л харлаа. Америкчууд сэтгэл санаагаа яаж бэлтгэдгийг мэдэх юмсан. Залуухан хүү ирээд л Таха Акгюль, Гено Петриашвили гэсэн аварга загаснуудыг ялчихлаа. Тийм болохоор АНУ-ын шигшээ багийн сэтгэл зүйч нь хэн, яаж багаа бэлтгэдгийг мэдэх хүсэлтэй.
-Хүнд жингийнхэнтэй барилдааны бэлтгэл хийдэг үү?
-Бараг үгүй. Тэдэнтэй барилдах хэрэг байхгүй шүү дээ. Санамсаргүй гэмтэл авах эрсдэлтэй.
-Та өөрийгөө онцгой тамирчин гэж боддог уу? Тан шиг бөх 100 жилд нэг төрдөг гэлцэх юм.
-Үгүй дээ, над шиг бөх олон бий. Агуу бөх гэвэл Сан Саныч Карелин, Михейн Лопес нарыг л хэлж болно.
-Чөлөөт бөхийн түүхэнд хамгийн олон цомтой бөх болохын тулд та 2024 он хүртэлх бүх ДАШТ-д түрүүлж, Парисын олимпын аварга болох хэрэгтэй.
-2024 он хүртэл үү? Ажиллах болно. Эрүүл мэндийн асуудал гарахгүй бол бүх дэлхийн аваргад оролцохыг хичээнэ. Болж байгаа бүх тэмцээнд оролцож, өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийнэ.
-Риогийн олимпын дараа та их удаан амарсан.
-Энэ удаад удаан амрахгүй. Мэдээж хэсэг амарна, гэхдээ формоо алдахгүй.
-Рио, Токиогийн олимпыг харьцуулбал?
-Үзэгчтэй явагдана гэдэг огт өөр юм билээ. Үзэгчгүй болохоор Токиод бэлтгэлийн барилдаан хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ бүх юманд өөрийн сайн, муу тал гэж бий. Риод өөр төрлийн үүрэг хариуцлага байлаа. Энэ тохиолдлыг ашиглан, багийнхаа бүх гишүүн, сонгомол барилдааныхан, ОХУ-ын бүх олимпын тамирчиддаа баяр хүргэе. Токиод ялагдсан тамирчиддаа сэтгэлээр уналгүй, дүгнэлт хийхийг хүсэж байна. Олимпын наадамд оролцоно гэдэг л маш том туршлага шүү.
-Холимог тулаанд шилжих эсэхийг Токиогийн олимпын дараа асуугаарай гэж та нэгэнтээ хэлсэн байсан.
-Надад холимог тулаанд шилжих ямар ч бодол, хүсэл байхгүй.
Сэтгэгдэл ( 1 )
”Орос танк” аугаа амьтан шүү