Түүхэн өндөр буюу 16 их наядын зарлагатай төсвийн төсөл өргөн барих уу?

2021 оны 09 сарын 29

Хоёр өдрийн дараа буюу аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина.

Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Сангийн яаманд ирүүлж, нэгтгэгдсэн орлого, зарлагын тоонуудыг УИХ-д өргөн барих төсөлд хэрхэн яаж эцэслэн тусгах вэ гэдгээ өнөөдөр  /2021.09.29/  Засгийн газар хэлэлцэж буй юм. Сангийн яамнаас Засгийн газарт танилцуулсан  2022 оны төсвийн төсөлд одоогоор зарлагын хэмжээг 16 их наяд төгрөгөөр тооцсон байгааг тодотгоё.

16 их наяд төгрөгийн зардал гэдэг бол Монгол Улсын төсвийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Дашрамд өгүүлэхэд,  манай улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин  2019 оноос анх удаа 10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа 14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. Түүнчлэн энэ 2021 оны төсвийн тухай хуулийг батлахдаа ч, зарлагыг  13.9 их наяд төгрөг байхаар баталсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар төсвийн төсөлд тусгагдахаар  хэлэлцэгдэж  буй 16 их наяд төгрөгийн зарлагыг албан ёсоор тусган, УИХ-д өргөн барьж, улмаар хуульчлан баталчихвал, зарлагын өсөлтийн  түүхэн үзүүлэлт  дахиад шинэчлэгдэнэ гэсэн үг.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн зарлага, тэр дундаа хөрөнгө оруулалтын зардлын талаар хэлэхдээ:

"Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн бизнесийн орчныг дэмждэг, дэд бүтцүүдийг бий болгоход төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг чиглүүлнэ. Ковидын нөхцөл байдал үргэлжлэх учраас эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Бусад нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд дээр бол боломжийнхоо хэрээр хэмнэлтүүдийг хийнэ. Тэгснээр тэр орон зайг дэд бүтэц рүүгээ илүү оруулъя гэсэн зорилтууд тавьж байгаа.

Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, унаа машин дээр аль болох мөнгө  тавихгүй байхаар төлөвлөж ажиллаж байна. Ирэх сарын 1-нд Засгийн газар төсвийнхөө бодлогыг эцэслээд, тоонуудаа боогоод УИХ-д өргөн барина. Арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар төсөв батлах эрх мэдэл нь УИХ-д байдаг.

Шилжих төсвийн хөрөнгө оруулалтуудыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй. Олон жил үргэлжлэх тусам л эрсдэл гардаг. Төсөвт өртөг нь нэмэгддэг. Инфляц зэрэг бидний тооцоолоогүй олон эрсдэл гарч ирж байгаа учраас шилжих хөрөнгө оруулалтуудыг  бол бушуухан дуусгах хэрэгтэй. Концессын өрүүдийг бушуухан дуусгах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалтуудад  онцгой анхаарна. Тэвчиж болох олон төрлийн хөрөнгө оруулалтууд байна” гэсэн.

Тэгэхээр Монгол Улс ирэх онд хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн зарлага гаргах вэ гэдгийг төсвийн төсөлд нэгтгэн тусган, засагт оруулж ирсэн салбарын сайдын өгч буй мэдээлэл  өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг ирэх онд  тусгах болов уу гэсэн хүлээлт араасаа дагуулж буй.

Гэхдээ ковидын эрсдэл түүхий эдээс шалтгаалах орлогод нөлөөлөх магадлал өндөр байгаа энэ үед зарлагыг 16 их наяд хүргэнэ гэдэг бол алдагдлаа л өсгөхийн цондон байж болох юм.

Ирэх оны төсвийн төсөлд  жишгийн дагуу нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн экспортоос төсөвт төвлөрүүлэх орлогыг өндөр байхаар тооцож тусгасан. Тэрдундаа нүүрсний экспортын биет хэмжээг  36.5 сая тонн байхаар 2022 оны төсвийн төсөлд тусгаад буй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковид болон БНХАУ-ын эрэлтээс хамааран манай нүүрсний экспортын биет хэмжээ  төсөвт тусгасан тооноос дандаа бууралттай байгаа. Гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт тогтвортой байгаагүй төсөвт ихээхэн дарамт үүсэхээр байсан. Түүнчлэн цаашид түүхий эдийн үнэ тогтвортой өснө гэсэн баталгаа байхгүй учраас орлогоо тооцохдоо эрсдэлээ тооцоолох л шаардлагатай.

Сангийн сайд Б.Жавхлан ч уул уурхайн түүхий эдийн экспортод эрсдэлүүд байгааг өөрөө хэлсэн. Гэсэн ч үнийн өсөлттэй байгаа үед  экспортыг тултал хийнэ гэж үзэж  өндөр тоо тусгаад байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Нүүрсний экспорт түүхэндээ хамгийн өндөр байсан нь 2019 он байдаг. Энэ жил 30  гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тооцож, тусгасан байсан боловч сая тодотголоор 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс л гарахаар байна. Экспорт биднээс шууд шалтгаалахгүй  нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ. Гэхдээ бид 2019 оны хүрч байсан түвшиндээ экспортоо  хийе ээ гэж зорьж, оруулсан. Өөрөөр хэлбэл 36.5 сая тонн нүүрс гаргая гэж тооцсон.

Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Ирэх жил манай гол түүхий эдүүд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ бидэнд тохиромжтой байх нь. Энэ алтан боломж, цонх үеийг ашиглаж,  экспортоо тултал хийх ёстой. Үүний төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ  гэж харж байгаа. Харамсалтай нь хил нэвтрүүлэх экспортын процесс зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй.  Хоёр улсаас шалтгаална. Аль аль талаасаа шинэ горимд зөвшилцөж байж экспорт амжилттай явах учраас үүний төлөө гадаад харилцаа, уул уурхай эрчим хүч тээвэр гээд бүхий л чиглэлд яамдууд хүчин чармайлтаа гарган ажиллаж байж экспорт амжилттай явна. Төмөр замаар гаргадаг  төмрийн хүдэр, зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа. Ирэх оны төсөвт 5-10 хувийн нэмэлттэй төсөвлөлөө” гэсэн.

Мөн тэрбээр төсвийн алдагдлын талаар тодотгохдоо, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон түүнд заасан Төсвийн тусгай шаардлагуудын дагуу 2022 онд 5.1 хувь, 2023 онд 3.6 хувь, 2024 онд 2.4 хувийн алдагдалтай байхаар, алдагдлыг шат дараатай бууруулахаар тусгасан. Энэ хүрээндээ 2022 оны төсвийн төсөлд алдагдлыг тооцож, тусгасан гэсэн юм.

Тодотгоход, энэ 2021 оны улсын төсвийн тодотголыг хаврын чуулган хаахаас өмнө хэлэлцэн, батлахдаа төсвийн алдагдлыг  ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлсэн. Тодруулбал, энэ оны төсвийг анх хуульчлан батлахад, алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар  тооцож, баталсан бол тодотголоор 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдсэнээр, нийт алдагдал 3.6 их наяд төгрөг болсон юм.  Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд 2021 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 8.8 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчлан тусгасан. Тэгэхээр хуулийн хүрээнд алдагдлаа тултал нь өсгөсөн нь энэ юм.

Харин 2022 оны тухайд Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн алдагдал  ДНБ-ий 5.1 хувиас хэтрэх ёсгүй. Тэгэхээр төсвийн зарлагыг түүхэн өндөр буюу 16 их наяд төгрөгт хүргэж оруулж ирж буй нь алдагдлыг өсгөх орон зай хуулийн хүрээнд байхгүй болж байгаатай холбоотой биз ээ.

Уг нь цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ үед зарлагын хэмжээг  ингэж тултал нь өндөр тусгаж оруулах биш, төсвийн бодлоготоо орон зай үлдээх тал дээр анхаарахад илүүдэхгүй болов уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top