Коронавирусний шинэ хувилбаруудын халдварын шинж тэмдгүүд амьсгалын замын халдварт өвчнийхтэй төстэй ч амьсгалын давтамж уушгинд асуудал үүссэнийг илтгэдэг гэж ОХУ-ын дархвар судлаач Владимир Болибок “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Үнэрлэх чадвар алдагдах нь ковид-19 халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэгт тооцогддог байсан. Ийм зовуурь илэрсэн өвчтөнүүд тэр даруйд эмчид ханддаг байсан бол коронавирусний шинэ хувилбарууд гарч ирснээр үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг тэр бүр илрэхгүй болсон гэж эмч онцолжээ. Харин ханиах, өндөр халуурах нь амьсгалын замын халдварт өвчний үед ч илэрдэг тул онош тавихад хүндрэлтэй болжээ.
Тиймээс уушги гэмтсэнээ амьсгалын давтамжаар өөрөө тодорхойлох боломжтой гэж Болибок онцолжээ. Ковид-19 халдварын шинжилгээ өгөхөөс өмнө амьсгал давчдаж буй эсэхээ сайтар ажиглах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөж байна. Ойр ойрхон амьсгалж, цээж хэржгэнэх нь аюултай шинж тэмдэг аж. Хүнд зүйл өргөж, сэтгэл нь түгшээгүй бол хүний хэвийн амьсгалын давтамж минутад хорь орчим байдаг байна. Тайван, хэвийн үед үүнээс илүү тоогоор амьсгалж байгаа бол уушгинд асуудал үүссэнийг илтгэдэг тул эмчид хандах хэрэгтэй гэж Владимир Болибок тайлбарлажээ.