“Талибан” хөдөлгөөний байгуулсан Афганистаны түр Засгийн газар ой модыг огтлохыг хориглох, бэлтгэсэн модны хууль бус худалдааг зогсоох тушаал гаргалаа.
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгч, Соёл, мэдээллийн сайдын орлогч Забихулл Муджахид мэдэгдэхдээ “Засгийн газрын тогтоолоор өнөөдөр ой мод огтлохыг хатуу хориглох шийдвэр гарлаа. Тэрчлэн бэлтгэсэн модыг хууль бусаар худалдаалах хориотой. Мужуудын Аюулгүй байдлын албад болон эрх баригчид энэхүү журмыг сахиулахад анхаарал хяналттай ажиллаж, ийм үйлдлийг таслан зогсоох ёстой” гэжээ.
Ойг огтлох нь дэлхийн дулаарлын шалтгаан болдог
Дэлхийн хуурай газрын гуравны нэг буюу 4 тэрбум га газарт тархан ургадаг ойн ашиг тус маш их. Хамгийн чухлаас нь дурдвал, хүчилтөрөгч үйлдвэрлэх, нүүрстөрөгчийг бууруулах, хөрсийг тогтоон барьж, элэгдэл, эвдрэлд орохоос хамгаалах, гадаргын болон гүний усны эргэлтийг тэнцвэржүүлнэ.
Ой модыг огтолсноор хөрс суларч, элэгдэн, улмаар алдагдалд орохын зэрэгцээ хөрсний усны горим алдагдаж, мөнх цэвдэг хайлдаг. Түүнчлэн тогтоон барьж байсан нүүрсхүчил нь агаарт дэгдэж, дээр нь модны шингээх байсан нүүрсхүчил нэмэгдэх юм. Энэ нь эцэстээ дэлхийн уур амьсгалын дулааралд гол түлхэц болдог. Түүнчлэн агаарын бохирдол ихэсч, хөрсний ус болон гадаргын усны нөөц багасна.
Манай улсад л гэхэд социализмын үед ой модыг нэлэнхүйд нь огтлох аргыг өргөн хэрэглэж байсны улмаас Монголын ойн экосистемийн 40 хувь нь өөрчлөлтөд оржээ.
Олон улс “Талибан”-ы Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй
Афганистанд хяналтаа тогтоосон талибуудын шинэ Засгийн газрыг олон улс хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Цагаан ордоноос мэдээлснээр АНУ-ын Засгийн газар талибуудыг хүлээн зөвшөөрөхгүй аж. Гэхдээ Афганистаны Төв банкны хөрөнгийг царцаах төлөвлөгөө одоогоор байхгүй гэжээ.
Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичиг Жен Псаки “Манай бодлогод ямар ч өөрчлөлт ороогүй. АНУ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг томоохон донор орон. Энэ ажлаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна.
АНУ Дохад “Талибан” хөдөлгөөнийхөнтэй хийсэн яриа хэлэлцээрийг нээлттэй бөгөөд мэргэжлийн түвшинд болсон гэж дүгнэжээ.
“Талибан” хөдөлгөөний бүрдүүлсэн Афганистаны Засгийн газар АНУ-тай Афганистанд хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх асуудлаар тохиролцоо хийсэн билээ. АНУ афганчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд тусламжийг бусад хүмүүнлэгийн байгууллагад шилжүүлж өгөх байраар хангана гэсэн юм. Талибууд Дохагийн хэлэлцээрийн биелэлтийг чухалчилж үзэж байгаа аж. “Талибан”-ы төлөөлөгчид “Хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн асуудалтай холбох ёсгүй” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель “Талибан” хөдөлгөөний байгуулсан Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх талаар яриа байхгүй гэсэн билээ. Гэхдээ тус хөдөлгөөнтэй яриа хэлэлцээрүүд үргэлжлэх ёстой гэсэн байна.
Герман улс Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд төсөв гаргана гэдгийг Ангела Меркель хэлжээ.
ОХУ-ын хувьд “Талибан” хөдөлгөөнийг террорист бүлэглэл гэж үздэг юм.
Сэтгэгдэл ( 0 )