Ч.Даваабаяр: Цар тахлын үед үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Цар тахлын жилүүдэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч, доктор Ч.Даваабаяртай ярилцлаа.


-2020 оны байдлаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 98.6 хувь нь цар тахал бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэж байна” гэдгийг танай холбооны судалгаанд дурдсан байсан. Цар тахалтайгаар бараг гурав дахь жилээ угтах гэж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. Өмнөх хатуу хөл хорионы үеүдтэй харьцуулахад байдал дээрдсэн үү?

-Цар тахал гэлтгүй өнгөрсөн 30 жилд жижиг, дунд үйлдвэр Монгол Улсад хөгжөөгүй. Яагаад хөгжөөгүй гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар олгогдож байсан мөнгө эзэддээ хүрдэггүй байсантай холбоотой. Их хэмжээний мөнгө төлөвлөдөг ч үр дүн муутай зарцуулж иржээ. 2019 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хэрэг задарч, нийгэм даяар шуугьсан шүү дээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх улс орон санхүүгийн болон санхүүгийн бус гэдэг хоёр л аргаар дэмждэг. Мэдээж хамгийн эхний арга санхүүжилт. Санхүүжилтээ бүрэн авч чадахгүй эсвэл огт авч чадахгүй нөхцөлд хөгжил ярихад хэцүү. Бизнес эрхлэгчид нь санасандаа үйл ажиллагаа явуулж чадахгүй өртэй үлддэг. Энэ замаар жижиг, дунд үйлдвэрлэгчдээ өртэй л болгож байснаас биш яг эцсийн дүндээ тус салбарт ороод ашигтай ажиллаад явахад маш хэцүү цаг хугацаа бүтэн 30 жилд өнгөрлөө. 2019 оны сангийн шуугианаас хойш цар тахал гараад 2020 оны хоёрдугаар сараас улс орнууд хил гаалиа хааж, өөр өөрсдийнхөөрөө амьдарлаа. Энэ хугацаанд ч хамгийн түрүүнд өртөж хохирсон хэсэг бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын сүүлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах захирамжаар 4800 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа шууд зогсоосон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай болсноос хойш өнгөрсөн 10 гаруй жилд жижиг, дундын салбарт хоёр их наяд орчим төгрөгийн санхүүжилт сангаар дамжин гарсан байдаг. Тус санхүүжилтээр үр дүнд хүрээгүй нь олон ч, үйлдвэр боссон нь цөөн бий. Жижиг, дундын салбарын асуудлууд хагарч, овоо нэг салбар руу анхаарч эхлэх гэж байтал цар тахал гарсан юм л даа. Мэдээлэл болгоод хэлэхэд, цар тахал гарснаас хойш зургаан удаагийн хатуу хөл хориогоор нийт 92 хоног бид, өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид, бараг бүх аж ахуйн нэгж гэрээсээ гараагүй, хүнснээс бусад үйл ажиллагаа явагдаагүй. Энэ бол жижиг, дундын салбарын уналтын үе байлаа. Ерөнхийдөө цар тахлын эхний жилүүдэд Монгол Улс эдийн засгаа, эдийн засагт өндөр үр өгөөжтэй жижиг, дундын салбараа хаясан гэхэд хилсдэхгүй. Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахалтайгаа зэрэгцээд УИХ, орон нутгийн том том сонгуулиуд ч боллоо. Улс төрийн нөхцөл байдлууд бизнес эрхлэгч нарт, тэр дундаа жижиг, дундын салбарт сөрөг нөлөөллүүд үүсгэснийг ч үгүйсгэх аргагүй.

-Хатуу хөл хорио удаа дараа тогтоосны дараа төрөөс дэмжлэгүүд олгосон л доо. Цахилгаан, усны төлбөр, зарим төрлийн зээл, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлт одоо бодоход хэр үр дүнгээ өгсөн бол?

-Дэмжих хэсгээ дэмжилгүй яах вэ. Хэдэн сарын хугацаанд банкны зээл, зээлийн хүүг хойшлуулах, зарим төрлийн татварын хөнгөлөлт, нийгмийн даатгал, цахилгаан, усны төлбөрийн чөлөөлөлт зэрэг дэмжлэгийг үйлдвэрлэгчдэд төрөөс үзүүлсэн. Хойшлуулсан хугацаа дуусангуут л банкны хүү юу юугүй нэхэгдэж эхэлсэн. Бүр автоматаар дансанд байсан мөнгийг нь татаж авсан. Цалин, орлогоо нөхөж чадахгүй аж ахуйн нэгжүүд эхнээсээ үйл ажиллагаа нь түр болон бүтэн зогсож, дампуурч ч байлаа. Энэ байдал эргээд сэргэх хэцүү, унах амархан. Цахилгаан дулаан, усны хэрэглээний төлбөрөөс хэчнээн хөнгөлсөн ч гэсэн яг тухайн цаг хугацаанд буюу хатуу хөл хорионд үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж олон байсан шүү. Тэд хөнгөлөлт авч чадаагүй. Энэ мэт судалгаа муутай, учир авцалдаа сул дэмжлэгүүд ч байсан.

-Жижиг, дунд үйлд­вэрийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш хоёр их наяд орчим төгрөгийг тус салбарт гаргасан гэлээ. Тэгвэл цар тахлаас хойш Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ажлын байрыг дэмжих чиглэлээр хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгж, иргэддээ зориулахаар болоод, хэрэгжиж байна л даа. Энэ дэмжлэг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хүрч байна уу?

-Холбогдох яамнаас бол гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгааг хэлдэг. Сүүлд сонсох нь ээ, нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон гэж байгаа юм. Үүнээс олонх нь иргэд зээл авч л дээ. Улмаар 125 мянган ажлын байр хамгаалагдсан гэсэн. Өнөөдрийн хувьд ямар ч банк ажлын байрыг дэмжих зээлийг олгохгүй, бараг өнгөрсөн долоодугаар сараас хойш дэмжлэг түр зогсоод эхэлсэн. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын зээлийг арилжааны банкуудаар олгож байсан. Мэдээж цөөхөн хэдэн компанид илүү их мөнгөний дэмжлэг үзүүлсэн гэдэг тодорхой. Тэр нь нэг талдаа хадгаламж эзэмшигч нарын мөнгө. Арилжааны банкууд гурван хувийн алдангиа төрөөс аваад, аж ахуйн нэгж, иргэдийн хадгаламжаас гурван хувиа аваад үндсэндээ бол зургаан хувийн хүүтэй зээл л дээ. Өөрөөр хэлбэл, банкны салбарт нэг их алдагдал байхгүй. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ эрсдэлтэй зээл гаргачих юм бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэх учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээс алдахгүйн тулд барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгө сайтай боломжтой газруудад зээл өгнө. Бизнес нь хамгийн их доголдсон жижиг, дунд үйлдвэрийн салбартаа бол зээлийг дөнгөж амсуулсан. Огт өгөөгүй гэхгүй. Банкууд тайлан тавихдаа хэлнэ. Цөөхөн жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл өгсөн, ихэнхдээ том аж ахуйн нэгжүүд, түүний охин компаниудад ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгогдсон. Нэмж хэлэхэд, үндэсний үйлдвэрлэгчид зээл авч чадаагүй байхад гаднаас бараа татдаг хүмүүст зээл илүүтэй хүрсэн.

-Жижиг, дунд үйлдвэр­лэгчид, үндэсний үйлдвэр­лэгчдээ дэмжих чиглэлээр ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Цар тахлын жилүүд нөгөө талдаа үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломж олгож байна. Манай улсад жижиг, дунд үйлдвэрийн тусдаа агентлаг байгуулагдсан. Одоо жижиг, дунд үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийн банктай болох шаардлага байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбар эдийн засагт татварын талаасаа ч юм уу том ач холбогдол өгдөггүй. Монголын топ компаниуд тэрбум тэрбумаар улсад татвар төлдөг. Тэгвэл жижиг, дунд үйлдвэрлэгчид эдийн засагт тэр хэмжээний татвар төлөхгүй. Гэхдээ улсын хэмжээнд 800 мянгаас нэг сая хүнийг ажлын байраар хангадаг салбар. Стратегийн салбар юм. Стратегийн салбарыг Засгийн газар бодлогоор дэмжиж, хууль, эрх зүй болон эдийн засгийн орчныг нь сайжруулах ёстой. Улсад хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын дийлэнх хувь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг. Энэ салбарын нөхцөл байдал хүндрэх тусам нийгэмд ажилгүйдэл бий болно, ажилгүй хүмүүс хэрэг, зөрчилд холбогдоно, архидалт үүснэ. Ядуурна. Нийгмийн хар бараан үзэгдлүүд ихэсдэг. Хүмүүс гадуур сэлгүүцэж, хэрэг зөрчилд холбогдох завгүй ажил хийвэл амьдрал сайжирна. Амьдралын төлөө тэмцэнэ. Хамгийн их ажлын байрыг бий болгодог жижиг, дундын салбараа дэмжихгүй бол нийгэмд энэ мэт сөрөг нөлөө их гарна. Аль ч улсад жижиг, дунд үйлдвэр стратегийн салбар. Тухайлбал, Австрали улсад нийт хүн амын 98 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг. Хятад улсын хүн амын 90 гаруй хувь жижиг, дундын салбартаа үйлчилгээ эрхэлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд жилд 60, 60 саяар нь ард түмнээ ядуурлаас гаргаж байна. Монгол Улсын хувьд жижиг, дунд үйлдвэрийн яам байгуулж, жижиг, дунд үйлдвэрийн тусгайлсан банкаар дамжуулж зээл олгохгүй л бол зээл үйлдвэрлэгчдээ хүрч чадахгүй. Зээл төрийн банкаар дамжихгүй бол хувийн банк хэзээ ч шийдэл биш гэсэн үг. Арилжааны банкаар дамжсан зээл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүрэхгүй ээ. Зээл, санхүүжилтийг хүргэх, бодлогын асуудлыг шийдэх ганц гарц бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний яам, тусгайлсан банктай болох шаардлагатай.

-Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд мэдээж нөлөөлж байгаа байх?

-Цар тахал дижитал хөгжлийг 10 жилээр хурдасгалаа. Цаг үеэ дагаж төр засаг, бизнесийн модуль хурдтай өөрчлөгдөж байх ёстой. Төр засаг ард түмнийхээ бизнес хийх, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, бизнесүүд нь улсдаа татвараа төлөөд, ажлын байраар хүмүүсээ хангаж явах байтал өдөр өдрөөр бараа, бүтээгдэхүүн, хэрэгцээтэй юм бүхний үнэ нэмэгдэж байгаа нь бизнесүүдэд маш том дарамт болдог. Мэдээж цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал ирэх жилүүдэд илүүтэй ажиглагдана. Энэ үед яаж ажиллах талаар төрийн болоод бизнесийн загвараа одооноос сайтар боловсруулах хэрэгтэй. Улс орныг удирдах менежментээ цаг үетэйгээ тохируулаад хурдан өөрчлөх, төр өөрөө шинэчлэгдэх, бизнесүүд загвар зарчмаа шинэчлэх ёстой. Хэн хэнийгээ шүүмжлэх бус яаж цар тахлын өмнөх үеийн эдийн засагтаа эргэн очих вэ гэдэгт анхаарах нь улс орны ч тэр, бизнесүүдийн ч том зорилт боллоо. Манай улсад нийгмийн нэг асуудал нь хавтгайрсан халамж. Халамж ажил эрхлэлтэд нөлөөлдөг. Угтаа бол авах шаардлагатай, ажил хийж үнэхээр чадахгүй хүмүүс л халамжийг хүртэх ёстой. Өнгөрсөн гуравдугаар сард гарсан НҮБ-ын нэг судалгаагаар цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын хүн амын тал орчим хувийн амьжиргааны түвшин буурсан. Гурван хүний нэг нь туйлын ядуу эгнээнд орсон. 2019 онд тогтмол 1000 гаруй хүн халамж авдаг байсан бол 2020 он гараад 7000-8000 хүн халамж хүртэгч болсон гэж судалсан байна лээ. Халамж хавтгайрсан улсын иргэд ажил хийе гэхээс илүү хэрхэн, яаж халамж авах вэ гэдэгт анхаардаг юм шүү дээ.

-Салбар салбарт ажиллах хүчин хомсдож байгааг хэлэх юм. Үүний нэг шалтгаан халамжийн бодлого ч байж мэдэх л дээ. Танай салбарын хувьд ажиллах хүчний бэрхшээл тулгамдав уу?

-Ажиллах хүч үнэхээр асуудал болж байгаа. Жижиг, дундын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын ихэнх ажилтан коронавирусний халдвар авсан, ээлжлэн халдвар гарч, халдварыг эмчлэх хүрээнд өмнө нь гарч байгаагүй гэнэтийн зардлууд гарч ирсэн. Хэвийн үйл ажиллагаа явуулах гэхээр ажиллах хүч дутагдаад байна. Тэгэхээр ямар ч байсан хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгууллагууд татвараа хэвийн төлж, цалингаа хэвийн өгч чадах уу гэдэг асуудал. Ажил олгогчид ашиг олох бус цалингаа тавих асуудалд хамаг анхаарлаа хандуулж байна.

-2022 оны улсын төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчил­гээний салбарыг дэмжих бод­лого, зохицуулалт орсон уу?

-Улсын төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг тусгайлан дэмжсэн зохицуулалт байгаагүй. Харин УИХ-аар цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх чиглэлээр хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр байсан. Батлагдах түвшиндээ яригдахаар асуудал өөр болох болов уу гэж найдаж байна. Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2021 он дуустал хэрэгжээд, 2022 оноос эдийн засгаа сэргээх багц хуулиуд хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт байна. Энэ үед л эдийн засагт сэргэлт яригдахаас биш, өнөөдөр яригдахааргүй байна. Монголчууд хөдөлмөрч ард түмэн шүү. Зөв залаад, удирдаад явбал ямар их бүтээн байгуулалт хийж байсан, ямар богино хугацаанд үйлдвэрүүд босож байсан түүх бидэнд, жижиг, дундын салбарт бий. Дэлхий даяарчлагдсан энэ үед богино хугацаанд өрсөлдөөнд гарах боломж ч бидэнд байна. Энэ бүгдээ ашиглахад бодлого хэрэгтэй байна л даа.

-“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт гишүүнчлэлтэй, улсын хэмжээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ нэгтгэсэн хамгийн том холбоо. Цар тахлын үед гишүүнчлэл нь буурч байна уу, өргөжин тэлдэг үү?

-Цар тахлын үед холбооны гишүүд эрчимтэй нэмэгдэж байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь хүндрэх үедээ нэгдэж нийлдэг юм байна.

-Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, импортын бараа бүтээгдэхүүний үнийн ялгаа заримдаа их өндөр байна л даа. Дотоодын хүнс, бараагаа хэрэглэе гэхээр илүү үнэтэй гэсэн асуудалтай нүүр тулах нь бий. Энэ асуудлыг шийдэх боломжтой юу. Дотоодын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, чанаржуулах шаардлагатай юм шиг. Хил хаасан үед ч дотооддоо хүнс, барааны асуудлаа шийддэг болчихвол сайхан шүү дээ?

-Үндэсний үйлдвэр бойжих хүртэлх таван жилд төр бодлогоор зохицуулалт хийхэд цаашдаа үйлдвэрүүд өөрсдөө хөгжөөд явна. Тиймээс цар тахлын үед бизнесүүдээ урьд жилүүдээсээ ч илүү анхаарч дэмжих хэрэгтэй. Шаардлагатай бол бүтээн байгуулалтын орчныг нь бий болгож, ирээдүйд итгэсэн санхүүжилт гаргах хэрэгтэй. Цар тахлын хүнд үед ард түмнээ ажилтай, орлоготой байлгая гэвэл үндэсний үйлдвэрүүд, жижиг дундын салбарыг дэмжихээс өөр арга байхгүй. Монгол Улс байгаа түүхий эд, нөөцөө, өсөж үрждэг газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлье. Дотоодын бүтээгдэхүүн үнэтэйдээ үнэтэй. Нэмүү өртөг шингэсэн гэдэгт цалин, татвар, цахилгаан, дулаан гээд л бүх үйл явц орно. Бэлэн хийсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж зарах, үйлдвэрлэхийн хооронд том зааг бий. Дээрээс нь үндэсний үйлдвэр чанартай түүхий эдээр бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Импортын дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх үү, үндэсний чанартай бүтээгдэхүүн хэрэглэх үү гэдгээ хэрэглэгч сонгох эрхтэй. Дахин боловсруулсан хүнсийг удаан хугацаанд хэрэглэвэл биед нэмэлт тэжээл шаардагдана, хорт хавдар үүснэ. Чанаргүй бүтээгдэхүүний цаад уршгийг нь бодож л арай илүү өртөг шингэсэн үнэтэй чанартай бүтээгдэхүүн сонгодог шүү дээ.

-Сүүлийн 30 жил жижиг, дундын салбарыг бодлого, санхүүжилтийн хувьд дутагдалтай байхад хүргэсэн гол асуудал, асуудал үүсгэгч нь хэн юм бол?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт их наядаар хэмжигдэх мөнгө эргэлдсэн ч яагаад хөгжөөгүй вэ гэдгийг энэ салбарыг хариуцсан үе үеийн дарга, улс төрийнхнөөс асуух хэрэгтэй. Бидний хувьд өнгөрснөө сөхөхөөс илүү ирээдүйгээ харж байна.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн. Өмнөхөөсөө хууль, эрх зүйн орчин сайжирсан уу, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна уу?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 оны зургаадугаар сард шинэчлэгдэн батлагдсан. Салбарынхны үйл ажиллагаанд ахиц авчирсан. Тус хуулийн дагуу жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг байгуу­лагдсан. Тус хуульд хэрэгжиж байгаа чухал зохицуулалтууд бий. Жишээлбэл, “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ” хэмээн хуульчилж өгсөн нь өөрөө ололт. Ингэхдээ бичил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгож, тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргах зэрэг эерэг зохицуулалтууд орсон байдаг. Мөн жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч гэсэн зохицуулалт, зохион байгуулалтын асуудлыг ч хуульд тусгахдаа амьдралд хамгийн ойр байдлаар оруулахыг хичээсэн байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шинэ(202.55.188.39) 2021 оны 10 сарын 21

Аль нэг яамны сайдаас дутуугүй сэтгэдэг залуу шүү, амжилт хүсье. Энэ улсад ямар үйлдвэр хэрэгтэй, хүнд хэцүү үе тохиолдоход яаж давж гарах уу, гээд бодлоготой байгаарай. Хэзээ нэг цагт ард түмэн чамайг сонгоно. Монголд хамгийн хэцүү юм бол сав баглаа боодлын хувьд хужаагийн хараанд байна даа.

0  |  0
Top