Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт 2.9 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 49 мянга гаруй хүн энджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын шинэ тохиолдол өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар, нас баралт таван хувиар тус тус өссөн байна.
Халдварын шинэ тохиолдлуудын тал гаруй хувь нь Европт бүртгэгдэж, халдвар 18 хувиар нэмэгджээ. Бусад бүс нутагт халдвар буурсан байна. Тухайлбал, Африкт халдвар 21 хувиар, Баруун Номхон далайн бүс нутагт 17 хувиар буурчээ.
Нас баралт Европт 14 хувиар, Зүүн өмнөд Азид 13 хувиар тус тус өссөн байна. Харин Ази, Номхон далайн бүс нутагт нас баралт 16 хувь, Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт 13 хувь, Африкт 11 хувиар тус тус багассан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д халдварын 512 956 тохиолдол, Их Британид 330 465, ОХУ-д 248 956, Туркт 196 850, Украинд 134 235 тохиолдол тус тус бүртгэгджээ.
ДЭМБ-ын мэдээллээр, сүүлийн гурван сард дэлхий дахинд “Дельта” хувилбар хурдацтай тархаж, давамгайлах хувилбар болоод байна.
Түүнчлэн, 24 хүртэлх насныхны дунд коронавирусний халдвар өсөж буйг шинжээчид анхааруулж байна. Ялангуяа Европ, Баруун Номхон далайн бүс нутагт бага насны хүүхэд, залуучууд халдвар авах нь нэмэгджээ. Үүний гол шалтгаан нь 24-өөс дээш насныхан вакцинд илүү хамрагдсан бөгөөд хүүхэд, залуусын хичээл эхэлсэнтэй холбоотой хавьтал нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч энэ насныхны дунд хүнд хэлбэрийн ковид харьцангуй бага байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш нийт 243 857 028 хүн халдвар авч, 4 953 246 хүн эндээд байна. Сүүлийн нэг хоногт дэлхий дахинд халдварын 295 432 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 469 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )