НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын үеэр Польш, Вьетнам, Чили зэрэг нүүрсний томоохон хэрэглэгчид хатуу түлшнээс татгалзах үүрэг авчээ. Нүүрс нь уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр оруулж буй цорын ганц хамгийн том хүчин зүйл юм.
СОР-26 бага хурлыг зохион байгуулж буй Их Британийн Засгийн газраас мэдээлснээр, дэлхийн нийт 190 улс орон, байгууллага нүүрснээс татгалзах амлалт өгчээ. Гэхдээ Австрали, Энэтхэг, Хятад, АНУ зэрэг эдийн засаг нь нүүрснээс ихээхэн хамааралтай улс орон энэхүү санаачилгад нэгдээгүй байна.
Хэлэлцээрт гарын үсэг зурсан талууд нүүрсээр ажилладаг цахилгаан станц зэрэг эрчим хүчний эх үүсвэрт зориулсан хөрөнгө оруулалтаа зогсоох үүрэг хүлээжээ. Томоохон улс орнууд 2030-аад он, буурай орнууд 2040-өөд онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйл ажиллагаа үе шаттайгаар зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэ санаачилгад дэлхийн 40 гаруй орон нэгдсэн байна.
Дэлхий дахинд нүүрсний хэрэглээгээ бууруулах чиглэлд дэвшил гаргаж байгаа хэдий ч нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр байсаар байна. 2019 оны байдлаар цахилгаан эрчим хүчний 37 хувийг нүүрснээс гарган авчээ.