Цай, кофе нь зөнөглөх өвчний эрсдэлийг бууруулдаг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Өдөрт 2-3 аяга кофе эсвэл 3-5 аяга цай уухад зөнөглөх өвчин тусах эрсдэлийг 28 хувь бууруулдаг болохыг статистик судалгаа харуулжээ. Үүнээс гадна цай, кофе нь цус харвах эрсдэлийг мөн 32 хувиар бууруулдаг байна.

Судалгааны дүнг шинжлэх ухааны “PLOS Medicine” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны явцад Тяньжиний их сургуулийн профессор Ван Яогань тэргүүтэй эрдэмтэд “UK Biobank” төслийн мэдээллийг шинжилжээ.Судалгаанд Их Британийн 400 мянган иргэн оролцож, ДНХ-ийн шинжилгээнд хамрагдаж, хоол, хүнсний хэрэглээ болон хорт зуршлынхаа тухай мэдээлэл өгчээ. Үүнээс гадна тэдний цай, кофены хэрэглээг мөн судалсан байна.

Эдгээр мэдээлэл дээр үндэслэн эрдэмтэд цай, кофены хэрэглээ төслийн оролцогчдын амьдралын ирэх 11 жилд зөнөглөх өвчин, цус харвах эрсдэлийг буруулсан болохыг тогтоожээ. Цай, кофе нь 50-74 насныхны тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн байна.

Өдөрт 2-3 аяга кофе эсвэл 3-5 аяга цай ууж байсан оролцогчдын зөнөглөх эрсдэл цай, кофе огт хэрэглэдэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад 28 хувиар, цус харвах эрсдэлийг 32 хувиар, тархинд цус харвасны дараа зөнөглөх өвчин тусах магадлалыг 20 хувиар буурчээ.

Тиймээс эрдэмтэд цай, кофе хэрэглэх нь өндөр настнуудын тархины үйл ажиллагаа, цусны эргэлтэд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дараа дараагийн судалгаагаар цай, кофенд агуулагдаж буй ямар бодис нь ийм нөлөө үзүүлж буйг тогтооно гэж найдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top