Нэмэлт тунг нэг жилийн дотор тариулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 Европ даяар тархаж байгаа талаар анхааруулжээ

ДЭМБ-ын Бүсийн захирал доктор Ханс Клюге BBC-д  өгсөн ярилцлагадаа  Европын орнууд цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх гуравдугаар сар гэхэд 500 мянга орчим хүн нас барж болзошгүй гэсэн байна.  Тус тивд  өдөрт батлагдаж буй халдварын тоо өссөөр байгаа юм. Доктор Клюге  вакцинжуулалтыг эрчимжүүлж, нийгмийн эрүүл мэндийн үндсэн арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлэхийг уриалжээ.

Тэрбээр   вакцинжуулалт бол цар тахалтай тэмцэх  хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна.  Сүүлийн саруудад Европ тив даяар вакцинжуулалтын түвшин эрс удааширчээ. Испаничуудын 80 орчим хувь дархлаажуулалтад хамрагдсан бол Франц, Германд 66-68 хувьтай байгаа юм. Түүнчлэн төв болон зүүн Европын зарим оронд хүн амынхаа талыг хувийг ч дархлаажуулж амжаагүй хэвээр байна. Өнгөрсөн  аравдугаар сарын байдлаар оросуудын дөнгөж 32 хувь нь бүрэн тунд хамрагджээ.

 Өнгөрсөн долоо хоногт Герман, Их Британи зэрэг оронд хоногт илрэх шинэ тохиолдлын тол  30 мянга давсан нь тахлын дөрөв дэх давлагаа эхэлснийг илтгэж байгаа юм.Өнгөрсөн баасан гарагт Австри  КОВИД-19 вакцинжуулалтыг хууль ёсных болгосон Европын анхны улс болсон. Шинэ журам хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх аж. Европын бусад хэд хэдэн  улс мөн адил арга хэмжээнүүд авч эхлээд байна.

Тухайлбал, Чех, Словак зэрэг оронд  вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоохоор болжээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн судлаачид КОВИД-19-ийн вакцины цар тахлын эсрэг үйлчлэлийг нь хадгалахын тулд нэмэлт тунг тариулах шаардлагатай гэдгийг ард иргэддээ анхааруулсан байна. Тус сургуулийн судлаачдын “Lancet Microbe” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар вакцины үр дүнг 50-иас дээш хувьд байлгахын тулд нэмэлт тунг эхний хоёр тунг хийлгэснээс нэг жилийн дотор тариулах шаардлагатай гэнэ.

Энэхүү судалгааг ахлан явуулсан, Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн “Kirby” хүрээлэнгийн Халдварын тархвар судлал, бодлогын шинжилгээний бүлгийн дарга, доктор Дебора Кромерын “Халдварлах чадвар өндөр Дельта гэх мэт шинэ хувилбарууд цаг хугацааны явцад вакциныг тэсвэрлэх чадвар нь улам нэмэгдэж буй нь судалгааны явцад ажиглагдсан.  Судалгааны явцад  Дельта тэргүүтэй бусад хувилбарын улмаас халдварын эсрэг вакцины үйлчлэл буурч байгааг тогтоосон. Цаашлаад вакцины үр дүн цаг хугацаа өнгөрөх тусам багасах нь тодорхой байна” гэжээ. 

Улс орнууд хүн амынхаа вакцинжуулалтын түвшинг өндөр байлгахыг зорьж байгаа энэ үед ийм судалгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг тэрбээр онцлоод, нэмэлт тун хийлгэхгүй бол КОВИД-19-өөр халдварлахаас хамгаалах вакцины үйлчлэл нь зургаан сарын дараа 50 хувиас доошилж буурч магадгүй хэмээсэн байна.  Сиднейн их сургуулийн профессор Жейми Трикас “Бидний харж байгаачлан Дельта шиг халдварлах, өвчлүүлэх чадвартай өөр өөр шинэ хувилбарууд цаашид шинээр бий болох учир энэхүү судалгаа нь КОВИД-19-ийн омгуудын эсрэг вакцины үр дүнг үнэлэх үндэс суурийг тавьж байна” гэж ярьжээ.

Дэлхийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг Европ тивд дэлхий дахинд бүртгэгдсэн нийт КОВИД-19-ийн халдварын тохиолдлын 22 орчим хувь буюу 10 гаруй сая тохиолдол бүртгэгдээд байна. Харин  КОВИД-19-өөр нас барсан хүний тоо 269 мянгад хүрсэн нь дэлхий дахинд бүртгэгдсэн 1.2 сая орчим нас баралтын 23 хувийг эзэлж байна. Цар тахлын хоёр дахь давлагаа Европт эхэлж, Франц, Герман, Их Британи зэрэг улсад энэ оны хавар тогтоож байсан үндэсний хэмжээний хорио цээрийн дэглэмээ дахин сэргээж эхлээд байна. Үүнээс гадна Испани, Итали, Португаль зэрэг улсад вирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ чангатгаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top