АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи вакцины сэргээгч тун коронавирусний шинэ “Омикрон” омгоос найдвартай хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэдээлжээ.
Фаучи “Омикрон” омгийн халдварлах чадвар, хоруу чанарын талаар илүү мэдээлэлтэй болохын тулд хоёр орчим долоо хоног шаардлагатай гээд коронавирусний эсрэг гаргаж авсан вакцинууд “Омикрон”-ы халдварын тохиолдолд ч хүндрэлээс хамгаална гэж үзэж байна. Ингэхдээ сэргээгч тун шинэ омгоос найдвартай хамгаална гэж мэдэгджээ.
Тиймээс Цагаан ордон ард иргэддээ хандан сэргээгч тундаа идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.
Италийн эрдэмтэд мөн ижил байр суурьтай байна. Италийн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Валтер Риччардигийн үзэж буйгаар, өдгөө хэрэглэж байгаа вакцинууд “Омикрон” халдвараас хамгаалах гэнэ. Түүний хэлснээр, одоогоор ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт. Гэхдээ хэд хэдэн хүчин зүйлс тодорхой байна. Энэ хувилбарын халдварлах чадвар нь өндөр аж. Хоёрхон долоо хоногийн дотор Өмнөд Африкт халдвар нэг хувиас 30 хувь болж% огцом нэмэгджээ. Халдварлах чадвараараа “Омикрон” омог “Дельта” хувилбараас давамгай байна гэж Риччарди мэдэгджээ. Гэхдээ эерэг тал ч бас бий гэнэ. “Омикрон” хувилбараар халдварласан тохиолдолд харьцангуй хөнгөн өвдөх бөгөөд өдгөө хэрэглэж буй шинжилгээгээр илэрч байна. “Омикрон” омог шинжилгээний илрүүлэлтээс зугтааж чадаагүй ба вакцин үр дүнтэй байх магадлал мөн өндөр байна гэж Риччарди онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )