АНУ-ын Вермонтын их сургуулийн судлаачид бүтээсэн био робот нь өөрөө үржих чадвартай болохыг тогтоожээ.
“NewScientist” хэвлэлд бичсэнээр, дэлхийд анх удаа лабораторийн нөхцөлд мэлхийн эсээс гаргаж авсан ксенобот буюу синтетик биет бага хэмжээний бүтэц үүсгэн, зохион байгуулагдаж, бичил хэмжээний ачааг хөдөлгөж сурчээ. Био роботууд бүлэг болохдоо таван хоногийн дотор гурван мянга орчим эсээс бүрдсэн бөмбөлөг үүсгэх чадвартай болохыг эрдэмтэд ажиглажээ. Шинээр үүссэн эсүүдээс шинэ ксеноботууд үржин гардаг байна. Арванхоёр био роботоос бүрдсэн бүлэг 60 мянган эсээс нэг эсвэл хоёр шинэ үеийг үүсгэдэг болохыг тогтоожээ.
Судалгааны багийн ахлагч Жош Бонгардын хэлснээр, ксеноботууд олшрох үе шат бүрд үүсэж буй “үр” дахин үржих чадвар муутай болдог байна. Хамгийн сүүлийн үеийн ксенобот 50 эсээс бүрдэх ба сэлж, олшрох чадвараа алддаг гэнэ.
Ингэхдээ ксеноботын олшрох явцыг удирдаж болно гэж эрдэмтэд онцолжээ. Алгоритмын тусламжтай тэд ксеноботын ямар хэлбэрүүд хамгийн олон “үр” өгөх боломжтойг тооцоолон гаргажээ. Энэхүү нээлтийн тусламжтай судлаачид дэлхий дээр үүсэн анхны амьд организмууд хэрхэн үрждэг байсныг тогтоох боломжтой болно гэж найдаж байна.
Вермонтын их сургуулийн эрдэмтэд 2020 оны эхээр Xenopus laevis төрлийн мэлхийн амьд эсээс дэлхий дээрх анхны био роботыг гаргаж авсан юм. Ксеноботын хэмжээ нь нэг мм бага аж.
Сэтгэгдэл ( 0 )