КОВИД-19: Сүүлийн 15 өдөрт 168 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээг өдөр бүр хүргэж байгаа билээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 328 тохиолдол батлагдсаны 125 нь зөөвөрлөгдөн орж иржээ. 

Арванхоёрдугаар сарын 8-наас хойш өдөр бүр зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, сүүлийн 15 өдрийн хугацаанд 168 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирээд байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо нэмэгдэх тусам Омикрон хувилбар орж ирэх эрсдэл нэмэгдэж байгаа талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлсэн. 

Ингэхдээ тэрбээр "Гадаадаас ирсэн иргэдийг онгоцноос буусан даруйд нь PCR шинжилгээ авч байгаа. Мөн дөрөв хоногийн дараа дахин шинжилгээ авдаг. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдолд дахин мутаци үздэг PCR шинжилгээ авч, генийн дарааллыг нь шинжилж, хувилбарыг нь тогтоож байна. Манай улс омикрон хувилбарыг илрүүлэх лабораторитой. Тиймээс эерэг гарсан тохиолдлыг тухайн үед нь шууд хувилбарыг нь тогтоож байгаа. 

Зөөвөрлөгдсөн тохиолдол өдөр бүр илэрч байна. Энэ хэрээр Омикрон вирус орж ирэх эрсдэл өндөр болж байгаа юм. Тиймээс гадаад улсаас ирж байгаа хүн бүр эрсдэл тээж ирж байгаа гэдгийг санаж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй" гэсэн юм. 

Өдөрт зөөвөрлөгдсөн тохиолдол: 

 

  • XII.08 - 3
  • XII.09 - 1
  • XII.11 - 2
  • XII.12 - 2
  • XII.13 - 2
  • XII.14 - 2
  • XII.15 - 6
  • XII.16 - 5
  • XII.17 - 4
  • XII.18 - 5
  • XII.19 - 4
  • XII.20 - 3
  • XII.21 - 4
  • XII.22 - 125

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top