ЦАР ТАХАЛ ба АВЛИГА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24


Дэлхий дахинаа 2021 оныг дараах хүндхэн нөхцөл байдалтайгаар үдэж байна.

262 сая гаруй хүмүүс Ковид-19 цар тахлын халдвар авч, 5.2 сая иргэн нас барж, “Омикрон” хувилбар олон улс оронд тархаад байна.

Олон улсны түвшинд 8.2 тэрбум вакцин тараагдсанаас ердөө 5.8 хувь нь хөгжил буурай оронд хуваарилагджээ. Хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж буй цар тахлын дараагаар Африк тив дэх 4 эмч тутмын ердөө нэг нь вакцинд хамрагдаж, үлдсэн эмнэлгийн ажилчдыг халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллуулж байна.

Вакциныг шударга бусаар хуваан авсан талаар олон иргэд, байгууллага шүүмжилж байгаа бөгөөд вакцин тарих үндэсний сул дорой арга хэмжээ болон вакцин хийлгэхээс зайлсхийх байдал нь одоогийн эрүүл мэндийн салбар дахь нөхцөл байдлыг дээрдүүлсэнгүй. 2021 оны 11 дүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдах байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд дэлхийн удирдагчид уулзаж цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авч эм тариа, вакцин, тестийг улс орнуудад тэнцвэртэйгээр тараах олон улсын баримт бичиг байгуулахаар хэлэлцэв.

Гэсэн хэдий ч цар тахлын үе дэх авлигын талаар ихэнх байгууллага, удирдагчид ам нээгээгүй бөгөөд авлигаас шалтгаалан цар тахлын нөхцөл байдал дордож байгаа талаар хэн ч тоомсорлосонгүй. Авлига нь цар тахлын үе дэх нөөц бололцоог шаардлагатай газарт хуваарилагдахад хүндрэл учруулж, эрүүл мэндийн салбарын болон үндэсний вакцинжуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон нийтийн итгэлийг бууруулж, вакциныг зөв зохистой хуваарилахад саад учруулсан юм.

Одоогоор дэлхий дахинаа авлигаас шалтгаалж цар тахлын дараах нөхцөл байдал илрээд байна. Үүнд:
 

  • Хуурамч вакцин болон шинжилгээний хариу зардаг хууль бус зах зээл бий болсон
     
  • Цар тахлын үед төсвийн хөрөнгийн худалдан авалт, гэрээ байгуулах үйл ажиллагаанд авлига их хэмжээгээр гарах болсон
     
  • Вакцинжуулалт болон бусад эмчилгээний ил тод байдалд сөргөөр нөлөөлж, худал мэдээлэл түгээх болсон
     
  • Цар тахалтай тэмцэх төсөв, вакцин болон эрүүл мэндийн багаж хэрэгслийг шамшигдуулах, хулгайлах үйлдэл ихээр гарах болсон
     
  • Цар тахлын улмаас нас барсан иргэд, халдвар авсан иргэдийн тоог хуурамчаар үйлдэх болсон
     
  • Өндөр түвшний авлига дэлгэрч цар тахалтай холбогдуулан түүнийг мөрдөн шалгах ажиллагаа удааширснаар хариуцлагаас зайлсхийх соёлыг бий болгосон
     
  • Эрүүл мэндийн салбар дахь жижиг хэмжээний авлигын хэмжээ ихэссэн болно.

Цар тахлын үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөн дараах авлигын хэргүүд ил тод болжээ. Үүнд:
 

  • Кени Улсын Эрүүл мэндийн яамны албан тушаалтнууд бүлэглэн гадаад улсаас хандивласан вакциныг нэг бүрийг нь 177 ам.долларын үнэтэйгээр худалдан борлуулсан байна.
     
  • Их Британийн Засгийн газраас эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл худалдан авах нийт гэрээний 66 гаруй хувь нь “ВИП” замаар буюу холбогдох хууль, журамд заасан ажиллагааг хийлгүйгээр цөөн тооны компанитай байгуулагджээ.
     
  • Өмнөд Африкийн 11 компани Засгийн газарт эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл худалдаж олсон орлогыг татварын албанд мэдээлээгүй боловч төрийн байгууллагатай гэрээ хийсэн хэвээр байна.
     
  • Цар тахалтай тэмцэх төсвөөс их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан. Тухайлбал, ОУВС-гаас Афганистанд 27 мянган ам.доллар, Ардчилсан Конго Улсад 357 сая ам.доллар олгосон боловч албан тушаалтнууд шамшигдуулсан байна.
     
  • “Модерна” болон “Pfizer” компаниуд цар тахлын нөхцөл байдлаас ашиг олж байгаа талаар шүүмжлэл олон улсад дэлгэрэв. Мөрдөн шалгалтын явцад гэрээний нууцлалтай холбоотой зохицуулалт нь “Pfizer” компанийг вакциныг үйлдвэрийн үнээс маш өндөр үнээр буюу нэг бүр нь 1 ам.доллараар худалдах боломжийг олгосон байна. “Модерна” компани нь зөвхөн хөрөнгө чинээлэг улсуудад вакцин худалдаалж, ядуу буурай орнуудад вакциныг маш өндөр үнээр худалдан борлуулж байгаа талаар шүүмжлэл ихэд гарах болов.
     
  • “Pfizer” компанид ажиллаж байсан судлаач тус компанийг эрүүл мэндийн мэдээллийг хуурамчаар үйлдсэн талаар шүгэл үлээв.
     
  • Хуурамч вакцин худалдаалагдаж эхлэв. 2021 оны 11 дүгээр сард хуурамч АстраЗенека вакцин Иран Улсад олдсон байна.
     
  • Сомали Улсаас зарласан нийт нас барагчдын тоо бодит байдлаас 30 дахин бага байсныг илрүүлэв.
     
  • Лесото Улсад эрүүл мэндийн ажилчид вакцины гэрчилгээг нэг бүрийг нь 20 фунтын үнэтэйгээр худалдаалсан бол Австрали Улсад иргэд хуурамч вакцины гэрчилгээ авахаар эмч нарт олон мянган австрали долларын хахууль санал болгож байна.
     
  •  Африк болон Зүүн Өмнөд Азийн улс орнууд вакцин хийлгүүлэхээс татгалзаж байна. Учир нь тус улс орнуудад авлигын түвшин өндөр учраас ард иргэд нь Засгийн газарт итгэх итгэл буурч, вакцинд хамрагдахаас зайлсхийх болжээ.

Цар тахлын үе дэх авлигын нөхцөл байдал нь Ковид-19 вирустэй тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Авлига нь эрүүл мэндийн салбарыг доройтуулж, өндөр ач холбогдол бүхий нөөц бололцоог үгүй хийж, цар тахлыг бидний бодсоноос урт хугацаагаар үргэлжлэх орчныг бүрдүүлжээ. Иймээс олон улсын түвшинд мэдээллийн ил тод байдал, эгэх хариуцлага, шударга ёсыг бататгах чиглэлд анхаарал хандуулж 2022 онд мөн адил өмнөх алдаагаа давтахаас зайлсхийх хэрэгтэй юм.

Эх сурвалж: https://www.u4.no/blog/covid-19-corruption-in-2021-the-pandemic-rages-on

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top