Вакцины дараа үүссэн ЭСРЭГ БИЕ тодорхой хугацааны дараа буурна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07


Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2021.01.07) ковидын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Вакцинжуулалтын үр дүнгээр бид Дельта хувилбарын давлагааг давсан" гэж мэдэгдлээ. 

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийнхэн, онцгой байдлын албаныхан "Астра Зенека" вакцины хоёр тун хийлгээд, бүүстер тундаа "Файзер" тариулсан. "Файзер" вакцинаар бүүстер хийсний дараа тэдний эсрэг биеийн түвшин нэмэгдсэнийг тогтоожээ.

Ковидын эсрэг вакцины гуравдугаар тун нь дархлаа өдөөх бололцоотой тун гэж үзэж байна. Түүнчлэн "Вероцелл" вакцины хоёр тунгийн дараа бүүстер тундаа "Файзер" хийлгэсэн тохиолдолд үүссэн эсрэг бие мөн маш сайн хадгалагдаж байгаа аж.

Вакцины дараа үүссэн эсрэг бие нь тодорхой хугацаанд хадгалагдаж, тодорхой хугацаанд буурч байдаг. Иймээс бүүстер тун халдвараас хамгаалах гол арга гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ. Харин вакцин хоорондын зайг гурван сар гэж зааж өгчээ. 

Дэлхий дахинд Омикроны давлагаа дэгдсэн нь Дельтагийнхаас 4-5 дахин өндөр байгаа юм. Гэхдээ энэ хувилбар хурдан тархаж, хурдан буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд хийж буй. Мөн хүндрэх эрсдэл үүсгэх нь харьцангуй бага байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Хамгийн гол нь бүүстер тунд хамрагдах идэвхээ нэмье, вакцины дөрөв дэх тунг хийлгэе гэсэн чиглэлтэй нийт 10 төлөвлөгөө гаргасан" гэдгийг мөн энэ үеэр танилцууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top