Ц.Билэгтсайхан: Монголд "Омикрон"-ы 12 тохиолдол батлагдлаа

2022 оны 01 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2022.01.07


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан энэ үеэр "Монгол Улсад коронавирусний "Омикрон" хувилбарын 12 тохиолдол батлагдлаа. ПСР-аар "омикрон" байх магадлалтай гэсэн ангилалд байсан бол NGS-ээр "омикрон" мөн гэж батлагдаж байна. Тодруулбал, энхийг сахиулагчдаас авсан 10 сорьц, Станбул-Улаанбаатарын нислэгээс 1, Банкок-Улаанбаатарын нислэгээс 1 тохиолдол илрээд байна. 

Халдварт өвчний эсрэг авах хамгийн гол арга хэмжээ болох олноороо, нийтээрээ цуглахгүй байх явдал. Шинэ жилийн үеэр энэ байдал алдагдсан. Тохиолдлын тоо 3-4 дахин нэмэгдээд ирлээ. Шаардлагатай хэвтэн эмчлүүлэх хүмүүс, бага насны хүүхдүүдээ эрэмбэлж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Хөнгөн буюу шинж тэмдэггүй хүмүүс гэрийн тусгаарлалтад байж, эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой" гэлээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр оны өмнө авсан сорьцуудад "Дельта" вирусний тохиолдол илүүтэй байжээ. 

Зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдын 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байгаа бөгөөд эрчимт эмчилгээний заалттай хүн байгаагүй, эмнэлзүйн хувьд харьцангуй хөнгөн байгаа аж.  

Тусгаарлах байруудад ирсний дараа эерэг гарсан хүмүүс бүгд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. 

"Омикрон"-ы давлагааг "Дельта"-гаас 4-5 дахин өндөр гэж ярьж байгаа. Гэхдээ хурдан тархаад, хурдан буурна гэж тооцоолж буй. Хүндрэх эрсдэл үүсгэж байгаа нь харьцангуй бага байна гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо. 

Хамгийн гол нь бүүстэр тунгийн үйл ажиллагааг нэмж, дөрөв дэх тунг хийх чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.

Top