С.Энхболд: Цар тахлын IV давлагааны оргил үе энэ сарын сүүлээр болно

2022 оны 01 сарын 10

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр / 2022.01.10/ мэдээлэл хийж, Монгол Улсын дотоодод буюу хүн амын дунд "Омикрон" хувилбарын таван тохиолдол илэрснийг хэллээ.

Өнгөрсөн баасан гарагт гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн омикроны 12 тохиолдол байгааг ЭМЯ-наас мэдээлж байсан юм. Ийнхүү дотоодод коронавирусний омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнээр олон нийт эргээд өөрсдийн аюулгүй байдалд анхаарах шаардлага үүсэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллийнхээ үеэр “Өнөөдөр (өчигдөр) дотоодын ПСР шинжилгээгээр S генийн алдагдал илэрсэн. Омикроны таван тохиолдол бүртгэгдлээ. Ингэхээр манай улсын дотоодод таван тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ гэдгийг мэдэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь, мөн омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон, дотоодод бүртгэгдсэн нь манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байна. Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна гэсэн урьдчилсан тооцооллыг манай эрдэмтэд гаргасан. Хэдий тохиолдлын тоо өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа ч гэсэн ард түмэн та бүхэн маань айж сандрах зүйл байхгүй. Омикрон хувилбар нь дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдаж байгаа.

Мөн дотоодод батлагдсан тохиолдлуудын шинж тэмдэг дээр манай эмнэлзүйн багийнхан бас тандалт хийсэн.

Эдгээр батлагдсан тохиолдлуудаас 96 хувь нь хөнгөн, үлдсэн дөрвөн хувь нь хүндэвтэр шинжтэй байна.

Коронавирусний дөрөвдүгээр давлагаа томуугийн идэвхжилтэй давхцах энэ үед эрүүл мэндийн салбарын орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд бид эхний ээлжинд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийг эрэмбэлэн хэвтүүлж эмчлэх тул та бүхнийг хүлээцтэй байхыг мөн уриалж байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам энэхүү давлагааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр бид хамтдаа энэ давлагааг амжилттай даван туулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. 

Ж.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.86.25) 2022 оны 01 сарын 10

Омикрон орж ирэхгүй юм шиг шинэ жилийг дураар нь орхисон биздээ яагаад хэдэн дарга нохдод ашигтай болоод уу

0  |  0
Top