Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
(2022.01.13)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2279 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өдөрт бүртгэгдэх халдвар тоо оны өмнө 200 хүртлээ буурч тогтмолжсон байсан. Гэвч он гарснаас хойш эргээд халдвар нэмэгдэж, өнөөдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Мөн өнгөрсөн хоногт архаг хууч өвчтэй ковид хавсарсан гурван хүн нас баржээ
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5590, гэрийн хяналтад 17.927 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 856 нь хүүхэд, 460 нь жирэмсэн эх байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 673 хүний бие хүнд, 35 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.
Сануулахад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбар дотоодод гарсан. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа. Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа гарчээ. Иймд мэргэжлийн байгууллагаас иргэдийг гурав болон дөрөвдүгээр тунд идэвхтэй хамрагдаж, хүндрэлээс сэргийлэхийг уриалж буй юм.