ДЭМБ: Хоёр хүн тутмын нэг нь халдвар авна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Халдварын шинэ тохиолдол дээд хэмжээнд хүрч, эмнэлгүүд дүүрч, оношлуурын хомсдол үүсэв.

Коронавирусний халдвар урьд өмнөхөөс ч илүү улангасаж байна. Шинэ жилийн баярын дараа цар тахлын шинэ давлагаа вакцинжуулалтын түвшингээр тэргүүлж буй улс орнуудыг хүртэл нөмөрсөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна.

Ойрын 6-8 долоо хоногт Европын хүн амын тал гаруй хувь “Омикрон” халдвар авна гэж ДЭМБ-ын Европ дахь салбарын тэргүүн Ханс Клюге Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн үзүүлэлтийг үнэлэх төвийн мэдээллийг дурдан мэдэгджээ.

Европ, Төв Азийн 50 гаруй улс оронд “Омикрон” өргөн тархаад байна. Мутацын улмаас вирус хүний эсэд маш хялбар нэвтэрч байгаа тул өмнө нь өвдөж байсан, вакцин хийлгэсэн хүмүүс хүртэл халдвар авч байна гэж эмч нар анхааруулж байна.

Европт нэгдүгээр сарын эхний долоо хоногт халдварын долоон сая гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Хамгийн өндөр үзүүлэлт АНУ-д бүртгэгдсээр байна. Тус улсад хоногт 1.35 сая шинэ тохиолдол батлагдсанаас тал хувь нь “Омикрон” халдвар. Блүмберг агентлагийн онцолсноор, энэ нь зөвхөн албан ёсоор шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо. Ихэнх хүмүүс түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгаа бөгөөд цалингүй болохоос эмээж, хариугаа мэдээлэхгүй байна.

АНУ-д эмийн сангуудаар чөлөөтэй зарагдаж байсан түргэвчилсэн оношлуур өдгөө хомсдолд оржээ. Үүнээс гадна эмнэлгүүд мөн дүүрээд байгаа аж. Он гарснаас хойш 135 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Эрүүл эмч битгий хэл эрүүл багш, жолооч гээд эрүүл ажилтан ховордоод байна. Тус улсад олон мянган сургууль хаалгаа барьж, нислэгүүдийг цуцалж, Нью Йорк хотод метроны галт тэрэгний тоог цөөлсөн байна. Ажлын хүчний хомсдол үүсгэхгүй тулд шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тусгаарлалтын хугацааг 10 хоногос таван хоног болгож, цөөлжээ.

Энэтхэг улсад мөн нөхцөл байдал хүнд байна. Тус улсад хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо 160 мянгыг давж байна. 

Гоа мужид 23.00-06.00 цагийн хооронд хөл тогтоогоод байгаа бол бусад мужуудад зөвхөн хүнс, эм худалдан авахын тулд гадаа гарахыг зөвшөөрчээ.

Дэлхийн статистикийн “Worldometers” сайтын мэдээллээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 317 саяыг давж, өнгөрсөн нэг хоногт 3.1 сая шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 7-нд дэлхий дахинд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 300 саяыг давж байсан бол таван хоногийн дотор 17 саяар нэмэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top