Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.01.14)
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дэлхий нийтийн халдварын нөхцөл байдал болоод нийслэл дэх эмнэлгийн орны талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр “ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 15 сая тохиолдол бүртгэгдсэнийг онцолсон. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 53 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Өмнөх долоо хоногт нь 10 сая тохиолдол бүртгэгдэж байсан.
Сүүлийн 30 хоногт дэлхий даяар 357 мянган генийн дараалал тогтоох шинжилгээ хийсэн байна. Үүний 59 хувь нь Омикрон хувилбар байсан гэж ДЭМБ-аас зарласан.
Монгол Улсад бол халдварын тохиолдлын 70 орчим хувийг Омикрон эзэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлээд байна.
Дельта хувилбарын оргил үед Монгол улсад 22 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэж байсан. Маш хүнд ангилалд 300 орчим хүн багтаж байсан.
Харин Омикроны дэгдэлтийн үед одоогийн байдлаар 5300 хүн эмнэлэгт хэвтэж байна. Үүний 35 нь маш хүнд ангилалд байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь вакциндаа бүрэн хамрагдаагүй.
Өнгөрсөн хоногт манай улсад 2010 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гурван нас баралт бүртгэгдсэн байна. Манай улсын хувьд вакцины хамрагдалт, өвчлөөд эдгэсэн хүмүүсийн тоо, бүүстэр тунд хамрагдсан хүмүүсийн тоо өндөр учир давлагаа харьцангуй хөнгөн байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Hamragdalt ih bhaaraa hungun bdah um bh daa.