ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Олон улс болон Монгол Улсад "Ковид-19" халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.
(2022.01.21)
Тэрээр "Дэлхий дахинд өнөөгдрийн байдлаар 318 сая хүн "Ковид-19" цар тахалд өртөөд байна. Эдгээрийн 5.5 сая нь нас барсан. ДЭМБ зургаан бүс нутагт хувааж, өвчлөлийг бүртгэдэг. Бүс нутгуудаар харьцуулж үзвэл, Европын холбоо, Америк тивд тархалт хамгийн өндөр байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн улсуудад АНУ, Франц, Энэтхэг, Итали, Англи орлоо.
"Омикрон" шинэ хувилбар манай улсыг оролцуулаад, нийт 149 оронд бүртгэгдлээ. Хамгийн олон бүртгэгдсэн тохиолдлын тоо, нас баралтаар тэргүүлж байгаа улс Их Британи, Дани, Герман, АНУ, Норвеги зэрэг Европын холбооны улсууд, Хойд Америкийн улсууд байна.
Сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо манай улсад ч нэмэгдэж байна. 2000-3000 болж ихэссэн. Нийт илэрч байгаа тохиолдлын тоог илэрхийлдэг шалгуур үзүүлэлт байдаг. Эдгээр шалгуур үзүүлэлтээс хамгийн мэдрэг шалгуур нь нийт байгаа PCR шинжилгээний тоо, түүнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 байсан бол өнөөдрийн байдлаар 25 хувь болж, тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Улаанбаатарт тохиолдлын тоо огцом нэмэгдсээр байгааг анхаарна уу. Түүнчлэн Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад халдварын тоо эрс нэмэгдэж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )