ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Олон улс болон Монгол Улсад "Ковид-19" халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.
(2022.01.21)
Тэрээр "ХӨСҮТ үндэсний хэмжээний дата цуглуулж, судалгаа хийдэг. Тандалт судалгаанаас харахад таваас дээш өвчлөл бүхий кластер 32 бүртгэгдсэн байна. Ажлын байр болон гэр бүлээс халдвар авах тохиолдлууд өндөр байна. Түүнчлэн сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авсан байна.
Хүүхдийн өвчлөлийн хувьд эрс нэмэгдлээ. Өмнөх альфа болон дельта хувилбарын үед таван хүн дутмын нэг буюу ойролцоогоор 19-20 хувь нь хүүхдүүд байдаг байсан бол "Омикрон" шинэ хувилбарын хувьд энэ тоо 21,7 хувь болсон.
Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь нийлээд 73 хувьтай байна. 0-11 насны хүүхдүүд бол ковидын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг. Энэ бүлэгт өвчлөлд өртөх магадлал өндөр байгааг харж болно.
Бидэнд "Омикрон"-ы давалгаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчны улирлын дэгдэлтийн үе ирсэн. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон. Хоёр долоо хоногийн эхнээс эхлээд томуугийн А хүрээний N3H2 вирус тодорхойлогдсон байгаа.
Ерөнхий нөхцөл байдлын үнэлгээг харахад, одоо хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, ялангуяа вакцинжуулалтын үйл явцыг сайжруулж, дархлаа сэргээх 3, 4 дүгээр тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Түүнчлэн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш зөвхөн гэр гэртээ тэмдэглэх гэдэг уриалгыг дагах шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
тэгээд вакцинаа яаралтай худалдаж аваад хийгээч ингэсээр бтал бүх хүүхдүүпээ өвчлүүлээд урхаг архаг өвчтэй болгож санаа нь амрах юм бна л дааа