А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй боловч халдвар тараах эрсдэл нь өндөр​​​​​​​

2022 оны 01 сарын 21

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа коронавируст халварын цар тахал удаан үргэлжилж, "Омикрон" хувилбарын дэгдэлт эрчимтэй явж байгаа энэ үед ард иргэддээ зориулж дараах зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна.


Хүн амын дунд коронавируст халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, омикроны зочмог дэгдэлт, давалгаа үргэлжилж байна. Дэлхий дахинаа "Омикрон" хувилбараар үүсгэгдсэн энэ давалгаа ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд Ковид-19 цар тахал дэгдсэн  үеэс хамгийн өндөр хурдтай, тархалт ихтэй давалгаа үргэлжилж байна. Омикрон хувилбартай холбоотойгоор хийсэн ДЭМБ-ын хоёр удаа хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт эрсдэл МАШ ӨНДӨР гэж гарч байна. Тэгэхээр энэ хувилбарын цар тахлын дэгдэлт маш эрчтэй явагдаж байна гэсэн үг. Омикрон хувилбарын хавьтлуудад тархах хурд маш эрчтэй явж байна. Тухайлбал Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна. Лаборторийн шинжилгээгээр сорьцын эерэг эзлэх хувь 24, 27 гээд өсөж байна.

Шинэ хувилбар бүртгэгдэж байгаа улс орнуудын урьдчилсан судалгаа, дүгнэлтүүд өөрийн орны нөхцөл байдлыг харахад "Омикрон"-ын эмнэл зүйн хүндрэл нь бусад хувилбаруудтай адилхан эмзэг бүлэг, архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд, вакцинд хамрагдаагүй хүмүүст эрсдэл өндөр, хүндрэх эрсдэл нэмэгдэж байна.

Бид коронавируст халдварын цар тахалтай тэмцээд хоёр жил гаруй хугацаа болж байна. Тэгэхээр манай ард иргэд дэлхий дахинаа энэ халдварын учрын олоод, юунаас, ямар замаар дамжин халдваж байна вэ, ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдэг ойлголттой болсон. Вакцинтай болсон. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдэд суралцсан. Тийм учраас халдварын дэглдэлт ихсэх тутам эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр мэргэжилтнүүд, ард иргэд, бусад байгууллагын хүмүүс бүгд нийлж, омикронтой тэмцэнэ. Тиймээс энэ цаг үед бид бүгдээрээ нийлж, зөв зүйтэй хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.

 

ШИНЖ ТЭМДЭГГҮЙ БОЛОВЧ ХАЛДВАР ТАРААГААД ЯВАХ ЭРСДЭЛ НЬ ӨНДӨР

 

Халдварын нууц үеийн хугацаа богино, 2-4 хоног байна. Халдварын нууц үеийн хугацаа богино байх тусам халдварлалтын индекс хурдтай явагдах тусам олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх эрсдэл нэмэгддэг. Бид томуугийн дэлдэлтийг мэддэг. Жил бүр дэгдэлтийн үед хаана олон хүн байна, тэнд хадварын дэгдэлт явагддаг. Үүнтэй адилхан дамжих зам нь адилхан, халдварын эх уурхай нь өвчтэй хүн, хавьтлууд байна. Дамжиж байгаа зам нь агаар дуслын зам байна. Өртөж байгаа хүмүүс нь олноор бөөгнөрсөн, ойрхон байсан, максгүй, дархлаа султай хүмүүс өртдөг.

Ер нь халдварын нууц үеийн хугацаа богино. Халдвар авсан байхад гурав, дөрөв хоногийн дараа амьсгалын дээд замын шинж тэмдгүүд, хоолой өвдөх, ханиах, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл" би яав" гэж иргэн хүн өөртөө хяналт тавьж, бусад томуу төст өвчний шинж тэмдэгтэй ижил шинж тэмдэг илэрсэн үед анхаарал тавих хэрэгтэй.

Нөгөө талаар амьсгалахад хүндрэлтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрбэл таны халдвар хүндрэх эрсдэлтэй болж байна. Тиймээс эмнэл зүйн эхний хөнгөн шинж тэмдэг илрэх үед өөрийгөө хянаж, харьяа эрүүл мэндийн байгууллагатаа мэдээлж, эрт эмчилгээнд орж, эрт хариу арга хэмжээг авах нь чухал.

 

Түүнээс гадна халдварын тархалтад нөлөөлж байгаа нэг гол асуудал бол халдварын өргөн тархалт, ялангуяа нууц үеийн хугацаа богино үед халдварын эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд 30-аас дээш хувийг эзэлдэг. Тиймээс хавьтал болсон иргэн хэдий шинж тэмдэггүй боловч халдвар тараагаад явах эрсдэл нь өндөр болдог. Тэгэхээр хажуудаа байгаа зүгээр хүнээс ч халдвар авах магадлалтай болж байгаа учраас энэ асуудал нэлээд анхааралд орж ирж байна. Тэгэхээр халдварын нууц үеийн хугацааны төгсгөл, эмнэл зүйн шинж тэмдэг эхэлж байх үед халдварын тархалт өндөр байдаг. Үүнийг хүн бүр анхаарах хэрэгтэй. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр дөнгөж хамт байсан найз нөхөр, ажлын газрын хүн чинь гэнэт ханиалгаад, гэнэт толгой нь өвдөөд, ядраад  сульдаад, дээр хэлсэн шинж тэмдгүүд илэрвэл энэ хүн халдварт өртөж эхэлж байгаа юм байна, үүнээс халдвар авах нь илүүтэй гэсэн шүү гэж, гэр албан газартаа хаана байсан халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг баримтлах нь зөв байна шүү гэдгийг иргэн бүр бодож байх хэрэгтэй.

Угаасаа ямар ч халдварын шинэ хувилбарууд орж ирэхэд хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тийм учраас энэ халдвар хүн болгон өвдөх эрсдэлтэйгээс гадна тухайн орон нутгийн өнцөг булан бүрт хүрэх эрсдэлтэй. Тойрч гарахад хэцүү. Өөрөө өөрийгөө хамгаалах, дархлаажуулалттай болох, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал учраас иргэн бүрийн хариуцлага илүүтэй чухал.

 

ХАЛДВАРУУДЫН ҮЕД ХАМГААЛАХ ГАНЦ АРГА БАЙДАГ НЬ ВАКЦИН ЮМ

 

Бид коронавируст халдварын талаар сэрэмжлүүлэх үндсэн хоёр чиглэл дээр ард иргэд, аж ахуйн нэгж, хамт олон анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээрт хувь хүнд чиглэсэн арга хэмжээ. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй хавьтал болоод, дээрх шинж тэмдгүүд илэрбэл тухайн хүн өөрөө өөрийгөө, амьдарч байгаа гэр орон, нөхцөл байдалдаа тохируулаад боломжийн хэрээр өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гэртээ тусгаарлагдаад харьяа эрүүл мэндийн байгууллагатаа утсаар мэдэгдэж, зөвлөгөө, зөвлөжмүүдийг авч эмчилгээндээ ор. Ханиаж найтаахдаа зөв дадалтай байж, цаасаар ам хамраа дарж ханиалгах, тохойруугаа ханиах, гарын ариун цэвэр, орны ариун цэврийг сайн сахих, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх тал дээр хувь хүн анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт олон нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ авах. Энэ нь халдварт өртсөн хүний гэр бүл, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт арга хэмжээнд оролцсон хүмүүст чиглэсэн арга хэмжээ байх ёстой. Хамт байсан нэг хүн чинь өвдвөл би өвдсөн байх эрсдэлтэй, маш хурдан халдаж, шинж тэмдэг илэрхийнхээ өмнө халдварыг тараадаг юм билээ, гэртээ аваачаад хайртай дотно хүмүүсээ өвчлүүлчих вий, өндөр настай хүмүүсийг өвчлүүлчих вий гэж сонор сэрэмжтэй байж, өөрийгөө, хамт олноо сэрэмжлүүлэх, олон нийтийн газраар явахгүй байх, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж нь өөрсдөө ажилчдынхаа халдварын сэргийлэлтийн дэглэм дээр онцгой анхаарах хэрэгэтй. Аль тасаг нэгж дээр халдвар гарав? тэр тасаг нэгжийн хүмүүсийг яах вэ?, гэрээр цахимаар ажиллах боломжийг хангах уу?, вакцинд хамрагдсан хэн нэгэн боломжтой хүнийг албан газраас нь ажиллуулах уу гэдэг албан газар бүр тактиктай байх хэрэгтэй.

Гуравдугаарт вакцинжуулалтын асуудал. Дэлхий даяараа вакцинд анхаарал хандуулж байна. Ер нь халдварт өвчин шинээр үүссэн үед вакцинаар хянадаг, удирддаг халдваруудын үед хамгаалах ганц арга байдаг нь вакцин юм. Дэлхий нийтээрээ вакцинд хамрагдахын төлөө зорьж байна. Дэлхийн нийт хүм амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал хяналтанд орж хязгаарлагдана. Тийм учраас дэлхийн аль нэг улсад халдвар дуусаагүй байхад бид тайвширч болохгүй. Хоёрдугаарт Монгол улсад вакцины сонголттой, хангалтай байна. Өнөөдөр манай улс шиг дөрөв дэх тунгаа хийж байгаа улс орон ховорхон. Тэгэхээр энэ төр засаг, эрүүл мэндийн байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийлж нэгдээд, ард иргэд маань вакцинд хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Гэхдээ би өнөөдөр вакцин тариулчихсан маргааш нь өвдөхгүй гээд явах эрсдэлүүд харагдаж байна. Вакцинд хамрагдсан бол 7-10 хоног өөрийгөө хянах хэрэгтэй. Тэр үнэ цэнтэй вакциныхаа дархлаа тогттол нь гэртээ биеэ хянах хэрэгтэй. Тэгэхгүй гадуур явж халдвар авчихаад вакцинд халдвар өгөөд байна. Тэгж болохгүй. Аливаа юм өөрийн дэг жаяг, голдиролтой байдаг. Магадгүй өргөн тархалтын үед вакцины хамгаалах чадвар тодорхой хэмжээнд буурдаг. Гэхдээ танд орж байгаа коронавирусыг таны дархлаа таньж хариу урвалж үзүүлдэг учраас та хүндрэхгүй. Үүнийг сайн ойлгох нь хүн бүрийн үүрэг болж байна.

Түүнчлэн дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжинэ гэдэг нь дусал, шингэн, витамин хийлгээд байхыг хэлэхгүй. Та зөв хооллох хэрэгтэй. Зөв хооллохын тулд гэр байгаа боломжит хоол хүнсээ халуун бүлээнээр нь цаг хугацаатай иддэг, тодорхой цаг хугацаанд унтаж амардаг. Хичээл, сургууль амарч байгаа энэ үед хүүхдүүдээ өдрийн цагаар 2-3 цаг унтуулж амраах хэрэгтэй. Унтана гэдэг дархлаа сэргээхэд онцгой ач холбогдолтой. Оройн цагаар эрт унтаж байх. Нөгөө талаар ядрахгүй, стрессгүй тайван байх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top