Өвлийн олимпийн нээлтийн ёслолын өмнөхөн буюу өнгөрсөн баасан гарагт Бээжинд Хятад, Оросын удирдагчид уулзсан. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1972 оны хоёрдугаар сарын 21-нд Ричард Никсон, Мао Зэдун хоёр гар барьснаар хүйтэн дайны геометрийг өөрчилсөн юм. Тухайн үед ажиглагчид энэхүү айлчлалыг "Дэлхийг өөрчилсөн долоо хоног" гэж нэрлэж байв.
Гэсэн хэдий ч уг уулзалтаас хойш хагас зуун жил өнгөрч, энэ удаад Москва, Бээжин хоёр ойртож байна. Ши Жиньпин Путин нар 2013 оноос хойш 38 удаа уулзсан байна. Уулзалтын үеэр Украины асуудлаарх Оросын байр суурийг дэмжиж буйгаа Ши Жиньпин илэрхийлсэн нь Кремль олон улсын тавцанд ганцаардмал биш гэдгийг харуулж буйг ажиглагчид онцолж байгаа юм.
Харин Хятадын хувьд АНУ, Их Британи болон бусад улс орон өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлож буй энэ үед Путиний айлчлал томоохон дэмжлэг болж буй юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт болсон уулзалт нь Ши Жиньпин сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын удирдагчтай биечлэн уулзаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.
Ши Жиньпин болон Путиний уулзалтад Вашингтон болон барууны бусад орон ч ихэд ач холбогдол өглөө. Уулзалтын үеэр Украины асуудал хурцаар тавигдсан бөгөөд 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой барууны ширүүн шүүмжлэлийг эсэргүүцэж, Путин Ши Жиньпинд хандаж байсан.
Харин энэ удаа Кремль Бээжин хоёр 15 гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнд дэлхийн гол асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын асуудлаарх Орос, Хятадын нийтлэг үзэл бодлыг тусгасан хамтарсан мэдэгдэл хүртэл багтаж байгаа юм.
Путинийг Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд, Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин зэрэг дипломат болон эрчим хүчний дээд албан тушаалтнууд дагалдан явсан.
Энэ нь яриа хэлэлцээний гол сэдэв нь эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаа байсныг харуулж байгааг ажиглагчид онцолж байна. Үүний баталгаа болж Бээжин болон Москва 400 тэрбум ам.долларын 30 жилийн хугацаатай байгалийн хийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Хоёр тал мөн "Сибирийн хүч 2" хийн хоолойн төлөвлөгөөг хэлэлцсэн нь маргаантай байгаа "Хойд урсгал 2" хоолойгоор дамжуулан Европоос өөр байгалийн хий дамжуулах буюу Хятадын зах зээлд борлуулах боломжийг олгож буй гэдгийг Техас мужийн Остин дахь Гэгээн Эдвардын их сургуулийн Козмецкийн төвийн захирал, профессор Шарил Кросс тодотгожээ. Хэдийгээр хоёр тал тохиролцоонд хүрсэн ч хоолой барихад олон жил шаардагдах болно.
Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 147 тэрбум ам.долларт хүрсэн нь барууны хориг арга хэмжээний дараа 2015 онд 68 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад хоёр дахин их болоод байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт хоёр орны өндөр албан тушаалын дипломатууд Азийн асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлэхээр тохиролцсон нь барууны орнуудын шахалтын улмаас улам бүр ойр дотно харилцаатай болж байгааг илтгэсэн хамгийн сүүлийн алхам боллоо. Атлантын Зөвлөлийн дэргэдэх Хятадын судлалын төвийн тэргүүн Дэвид Шуллман “Ши Жиньпин, Путин хоёрын харилцаа түүхэн дэх хамгийн сайн харилцаа гэдгийг дахин онцолж, хоёр улс стратеги, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байх болно” гэжээ.
Түүнчлэн Шарил Кросс "Хоёр удирдагч хоёр талын аюулгүй байдал, эдийн засгийн харилцаа холбоо, Америкийн дэлхийн нөлөө болон олон улсын либерал дэг журамд сорилт болж буй дэлхийн аюулгүй байдлын олон асуудлаар нийтлэг үзэл баримтлалтай байгаагаа илэрхийллээ. Ардчилсан улс орнуудын хагарал болон Атлантын далайг дамнасан аюулгүй байдлын эвсэл нь Москва, Бээжин хоёрт ашигтай байх болно. АНУ болон түүний холбоотнууд эдгээр хоёр том гүрнийг ойртуулахгүй байх, Орос, Хятад хоёрын янз бүрийн бүс нутагт (Европ, Ази) нэгэн зэрэг тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван туулах талаар бодох ёстой" гэжээ.
Харин Бээжингийн Жэньминь их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхун “Бээжингийн мэдэгдлүүдийг Оросын талыг баримталсан гэж үзэж болох ч зарим нэг томоохон эргэлзээтэй зүйл байна. Жишээ нь, Хятад улс дайн болвол цэргийн хүчээр дэмжинэ гэж хэзээ ч амлаж байгаагүй. Үүний нэгэн адил Путин өмнө нь Тайваний асуудлаарх Бээжингийн байр суурийг дэмжиж байсан ч томоохон мөргөлдөөн гарсан тохиолдолд цэргийн ажиллагаанд оролцох амлалт өгч байгаагүй" гэв.
“Өвлийн наадмыг дипломат аргаар бойкотлосон хүмүүс болон Бээжинд ирсэн улс орнуудын удирдлага хэмээн хоёр хуваагдаж, дэлхий хоёр туйл руу чиглэж байна гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
yund zursan boldoo bid zalbiraad l suuj bauxaas