Оны өмнөхөн УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ. Ингэснээр өнгөрсөн нэгдүгээр сарын 01-нээс эхэлж, шинэ Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл тус хуулийн онцлох заалт, өөрчлөлтийг хүргэж байна. Энэ удаад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан "АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ"-ийг хэрхэн бодож, тооцох талаарх мэдээллийг хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зургаадугаар бүлэгт ажил, амралтын цагийг хэрхэн бодох, тооцохыг дараах байдлаар тусгажээ.
-АЖЛЫН ЦАГИЙН ДЭЭД ХЯЗГААР-
-Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна.
-Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.
-Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байна.
-Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна.Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна.
-Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй.
-АЖЛЫН ЦАГИЙГ БОГИНОСГОХ-
-Ажил олгогч дараах тохиолдолд ажилтны ажлын цагийг нь богиносгоно:
-Ажилтны ажлын цагийг богиносгох тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан;
-Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтны ажлын цагийг богиносгохоор эмнэлгийн магадалгаа гарсан;
-Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь.
-Эрх бүхий байгууллагаас тухайн ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулахаар тогтоосон бол ажил олгогч ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
-Ажлын цагийг нь богиносгосон ажилтанд энэ хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу олговор олгоно.
-АЖЛЫН БҮТЭН БУС ЦАГ-
-Ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны долоо хоногт ажиллах цаг 32-оос илүүгүй байна.
-ЭЭЛЖИЙН АЖЛЫН ЦАГ-
-Ажил олгогч ээлжийн ажлын цаг, хуваарийг ээлжийн ажил эхлэхээс 48-аас доошгүй цагийн өмнө ажилтанд мэдэгдэнэ.
-Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.
-Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.
-Ажилтныг хоёр ээлжид дараалуулан ажиллуулахыг хориглоно.
-ШӨНИЙН ЦАГ-
-Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.
-Шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана.
-Шөнийн цагаар байнга ажилладаг ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажил олгогчийн зардлаар хамруулна.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон ажилтныг ажил олгогч өдрийн ээлжид, эсхүл адил чанарын өөр ажилд шилжүүлэх үүрэгтэй.
-Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
-Насанд хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
Сэтгэгдэл ( 0 )