Омикрон ба халдварын дараа УДААН ҮРГЭЛЖЛЭХ ШИНЖ ТЭМДЭГ

2022 оны 02 сарын 14

Улсын Нэгдсэн төв эмнэлгийн Уушги харшлын төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ц.Батцэнгэл "Ковид-19" халдварын дараах шинж тэмдгийн талаар мэдээллийг өглөө.


Монгол Улсын хэмжээнд болон дэлхийн нийтийн түвшинд одоогийн байдлаар хамгийн их тохиолдож байгаа ковидын халдвар бол "Омикрон" хувилбар байна. Тус хувилбарын нууц хугацаа бусад хэлбэрээс богино буюу дунджаар хоёр хоног байна. Нууц хугацаанд ковидын вирус хүний биед нэвтрэн ороод амьсгалын дээд замын салст бүрхэвчид үржиж олон сая болдог. Эмнэл зүйн шинж тэмдэг  илрэх хүртэлх хугацааг нууц хугацаа гэж нэрлэдэг. Омикроны нууц хугацаа богино, халдварлалт илүү хурдан байна. 

Вакцин хийлгээгүй хүмүүс дээр ковидоор өвдөх, хатгаагаар хүндрэх, нас барах эрсдэл илүү тохиолдож байна.

ОМИКОНЫ ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ

Эмнэл зүйн хувьд омикрон хувилбар нь илүү амьсгалын дээд замын ханиад буюу томуу, томуу төст өвчинтэй илүү ижил төстэй байдлаар илрэх, зарим тохиолдолд эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэггүй мөртлөө шинжилгээгээр илэрч байгаа тохиолдлууд байна.

Омикроны хамгийн гол нэгдүгээр шинж тэмдэг бол хоолойны өвдөлт. Хоолой өвдөх, хөндүүрлэх, хоолой сөөх зэргээр илэрч байна.

Хоёрдугаар шинж нь хоолой сэрвэгнэж, ханиалгана. Гуравдугаар шинж бол ер нь ковидын хэлбэрүүдийн үеэр ядрах, сульдах, хөлрөх шинж тэмдэг түгээмэл ажиглагдаж байна.

Омикроын бас нэгэн чухал онцлог шинж бол үе мөч, булчингийн өвдөлт бусад хэлбэрээсээ илүү тохиолдож байна.

Халуурах, толгой өвдөх, гүйлгэх, амьсгаадах, цээж өвдөх гэх мэт шинжүүд ковидын бусад хэлбэрүүдтэй ижил төстэй. Гэхдээ эдгээр тохиолдол илрэхгүй байх, хөнгөн хэлбэртэй байх нь омикроны үед багагүй бий.

Ерөнхийдөө омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдэг 5-7 хоног цочмог илэрч байна. Ялангуяа халдвар авсан залуучууд долоо хоногийн дараагаас хэвийн байдалдаа орох тохиолдлууд ажиглагдаж байна. Гэтэл өндөр настан, жирэмсэн, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, бөөрний архаг өвчтэй, дархлаа дарангуйлагдсан, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлэх, хүндрэх, зовуурь шаналгаа нь арилахгүй байх нь ажиглагдаж байна.

 

КОВИДЫН ХАЛДВАРЫН ДАРААХ УДААН ҮРГЭЛЖЛЭХ  ПОСТ КОВИД СИНДРОМ

Ковидын халдварын дараа удаан хугацаанд маш олон шинж тэмдгүүд үргэлжлэн явагдаж байна. Эдгээр шинж тэмдгүүд нь хамгийн багадаа 14 хоногт цочмог явагдаж, цаашлаад 3-6 сар хүртэлх хугацаанд удаан хугацаагаар эмнэл зүйн янз бүрийн шинж тэмдэг илэрч байна. Үүнийг "Long covid" буюу ПОСТ КОВИД СИНДРОМ гэж авч үзэж байна.

ХАЛУУРАХ: Өвдөөд эдгэрсэн ч хэсэг хугацааны дараа дахиж халуурах эмнэл зүйн шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ тохиолдолд үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүд, парацетамол хэрэглэх зөвлөмжийг өгч байна.

ЦЭЭЖНИЙ ӨВДӨЛТ: Ковидын халдварын дараа 12-44 хувьд нь цээжээр өвдөлт илэрч байна. Цээжний өвдөлтийн шалтгаан нь юу вэ гэдгийг ялгаж оношилгоо хийх нь чухал байдаг. Цээжний өвдөлт уушги болон цээжний гадна талын гялтан хальсны шалтгаантай, тэдгээр хальсанд үрэвслийн улмаас цээжний өвдөлт үүсэх нэгдүгээр шалтгаан болж байдаг. 

Хоёрдугаар гол шалтгаан нь мэдрэл болон булчингийн шалтгаантай цээжний өвдөлт байдаг. Дараагийнх нь зүрхний шалтгаантай цээжний өвдөлт байна. Ялангуяа ковидын халдварын үеэр болон дараа зүрхний булчингийн гэмтэл, миокардит, перикардит гээд зүрхний үнхэлцэг хальсны үрэвслийн шалтгаантай өвдөлтүүд тохиолдож байна. Цээжний өвдөлтүүд дотроос зүрхний шигдээсээр хүндрэх тохиолдол их тохиолдож байна. Ялангуяа ковидын дараа ийм хүндрэл үүсэж байна.

Тэгэхээр цээжний өвдөлт тогтмол, удаан үргэлжилбэл цаад талд нь ноцтой асуудлууд байж болох учраас яаралтай мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Магадгүй өндөр настай хүмүүс дээр зүрхний шигдээс болох эрсдэл тохиолддог.

ХАНИАЛГАХ: Ковидын дараа ханиалгалт түгээмэл тохиолдож байгаа хүндрэлд ордог. Ер нь ханиалгалтыг цочмог болон архаг гэж хоёр ангилдаг. Ханиалгалтыг гурван долоо хоног хүртэл хугацаанд цочмог гэж үздэг. Цочмог ханиалгалтын нэгдүгээр шалтгаан нь амьсгалын замын цочмог вирусын халдварын араас халдварын шалтгаант ханиалга ордог. Цэргүй, хуурай ханиалгалт элбэг тохиолддог.

Найман долоо хоног, түүнээс дээш удаан хугацаагаар ханиалгахыг архаг ханиад гэнэ. Архаг ханиалгалтын шалтгаан нь өөр байдаг. Цочмог ханиалгалтын дийлэнх нь халдварын шалтгаантай, вирусын халдвараас болж ханиалгадаг бол удаан хугацааны ханиалгалт нь ихэнхдээ харшлын шалтгаантай байдаг.

Ер нь ковидын халдварын дараа бактерын халдвараар хүндрэх, харшил хөдөлж, амьсгалын  замын мэдрэгшил ихсэж, ханиалгах тохиолдол ажиглагдаж байна.

ЦУС ӨТГӨРӨЛ, БҮЛЭН ҮҮСЭХ:

Ковидын халдварын үед болон дараа үүсэж байгаа бас нэгэн ноцтой хүндрэлүүдийн нэг цусны бүлэгнэлтийн тогтолцоо идэвхиж байна. Бүлэн үүсэх, ялангуяа шигдээсээр хүндрэх, тархины цусан хангамжинд бүлэн үүсэж, тархины цус харвартын хүндрэлүүд ковидын нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлж байна гэдгийг судалгаанууд харуулж байна. Тиймээс ковидын халдварын эмчилгээн дээр болон халдварын дараа цусны бүлэгнэлтийг бууруулах эм, эмчилгээний хэлбэрүүдийг өргөнөөр хэрэглэж байна. 2-3 сарыни хугацаанд цусны бүлэгнэлтийг дарангуйлдаг эмнүүдийг хэрэглэж байна.

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО: Ковидын халдвар мэдрэлийн эсийг гэмтээж байна. Тийм учраас ядрах, сульдах, толгой өвдөх, амт үнэр мэдрэхээ болих, хэдэн сар амт үнэр мэдрэхгүй байх тохиолдол ч байна. Энэ нь мэдрэлийн эс гэмтсэн тохиолдолд эргэн сэргэхэд удаан хугацаа шаардагддаг, сэргэхгүй байх осол ч байдаг. Дийлэнх тохиолдолд юмаа мартах, ой санамж муудах, оюун ухааны үйл ажиллагаа удаашрах шинжүүд түргээмэл тохиолдож байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ДАРААХ ХЯНАЛТ

Коронавируст халдварын дараа буюу 6-8 долоо хоногийн дараа дээрх эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй.

Юуны түрүүнд ковидын гол гэмтээдэг эрхтэн бол амьсгалын эрхтэн тогтолцоо, уушги, уушгины хатгалгаагаар үүсдэг. Уушгины хатгалгаа, ялангуяа вирусын хатгалгаа рентген зурган дээр төдийлөн харагдахгүй тохиолдлууд элбэг байдаг. Тиймээс амьсгаадах, цээжээр өвдөх, ханиалгалт удаан хугацаанд үргэлжилбэл уушгины комьпютерийн шинжилгээ хийлгэх нь оношийг нарийн тодруулж, эмчилгээ хийлгэхэд тустай.

Үүнээс гадна цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж цусанд байгаа үрэвслийн идэвхжил, вирусын халдварын шинж, бактерийн халдварын шинж, харшлын шинж ямар байна вэ гэх мэт тухайн хүний бие махбодид явагдаж байгаа өвөрмөц процесуудыг илрүүлэхийн тулд цусны шинжилгээ, комьпютерийн шинжилгээ хийлгэх нь чухал.

Үүнээс гадна ковидын дараа амьсгаадах шинж тэмдэг их илэрч байгаа. Тиймээс спирограмма буюу уушгины талбай хэмждэг багажийн шинжилгээ хийлгэх. Энэ нь Нэгдүгээр эмэнэлг дээр үнэ төлбөргүй, даатгалаар хийдэг. Энэ шинжилгээнд хамрагдаж уушгины үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгуулж, нарийн мэргэжлийн зөвлөгөө авч болно. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ЭХО шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галина (66.181.176.35) 2022 оны 02 сарын 16

Шинжилгээ авч”байгаа эмч нар, угаасаа л ингэж байгаа, бид ч бас ингэж өвдөөд л ажлаа хийж байна гэх нь өөрт нь мөнгөний ашиггүй улсын эмнэлгийнхэн байгаад байна!!!

1  |  0
Top