Үндэсний спортын анхдугаар чуулганд 740 төлөөлөгч оролцлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Үндэсний спортын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын өвлөн уламжлагчид, бөхчүүд, уяач, харваач оролцож, үндэсний спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход шаардлагатай зөвлөмж гаргах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ ухамсарт эх оронч үзлийг төлөвшүүлэх эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монголчууд бидний анхны төрт улс болох Хүннү гүрний үед бөх барилдаж, харваачид цэц мэргэнээ сорьдог, хурдан морь уралдуулдаг байсан тухай түүхэн баримт байдаг нь эрийн гурван наадмын өв соёл, үүх түүх өнө эртнээс улбаатай бөгөөд төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотолж байна" хэмээв.

Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн төв болгох, дэлхийн монгол туургатнуудтай хамтран ажиллах зорилгоор "Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулах асуудлаар Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.

Уг чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний спортын хороо хамтран зохион байгуулсан юм.

Тус чуулганы төлөөлөгчдөөс дараах зөвлөмжийг гаргуулав.

ЗӨВЛӨМЖ (төсөл)

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Үндэсний спортын анхдугаар их чуулган”-ыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн Ордонд үндэсний спортын 15 холбооны 770 төлөөлөгчид хуран чуулж, хэлэлцэн зөвлөлдөж энэхүү зөвлөмжийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, Монгол Улсын иргэд болон Үндэсний спортын соёлын өв тээгч Монголоороо овоглосон хүн бүр мэргэн оюундаа тунгаан ажил үйлс болгон хэрэгжүүлэхийг хүсэж энэхүү зөвлөмжийг хүргүүлж байна.

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

1.1.Монголын уламжлалт үндэсний спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хууль, дүрэм, журмыг үндэсний спортын өв тээгчид, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачилгыг тусган, үндэсний уламжлалт соёлын өвийг алдагдуулахгүйгээр батлах,

1.2 Үндэсний их баяр наадмын үндэсний морин уралдааны төрлийг нутгийн уугуул монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулж, зохион байгуулах, шударга өрсөлдөөнийг хангах, уралдах адууг бүртгэлжүүлж, цахим ил тод болгох, хариуцлага, ёс зүй, жудгийг эрхэмлэх, уяачийн үүргийг тусгах зэргээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлах,

1.3 Спортын төлбөрт таавар, бооцоот тоглоомын хуулийг боловсруулан хэрэгжүүлэх замаар үндэсний морин уралдаан болон морин спортын төрлүүдийг тусад нь хөгжүүлэх, спорт дахь шударга бус өрсөлдөөнийг хангах, ариг сонирхлын зөрчлийг таслан зогсоож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын татварын орлогоос зохих хэсгийг Спортыг дэмжих санд төвлөрүүлэн үндэсний спорт, соёлын өвийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх,

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД

2.1.Монгол Улсын ирээдүйг түүчээлэх хүүхэд залууст Үндэсний өв соёлын нэг үндэсний спортыг залгамжлуулан өвлүүлэн хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол үндэстэний онцлог, ондоошлыг сурталчлан таниулах Үндэсний спортын өв соёлыг хадгалах, хамгаалах, дэлгэрүүлэн хөгжүүлэх талаар бие даасан Зарлиг буулгах,

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

3.1.“Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгоход үндэсний спортын өв, соёл, амьдралын ухаан, арга зүйг үр дүнтэй ашиглах, төрийн удирдлагын төвлөрлийг бууруулах үүднээс мэргэжлийн төрийн бус байгууллагад төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх замаар үндэсний спортын соёлын өвийг хадгалах, дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах,

3.2.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагад биеийн тамирын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан үндэсний спортын өв соёлыг зааж сургах, уламжлан өвлүүлэх ажлыг боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх,

3.3.Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд ойрын жилүүдэд үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын байгууллагуудын нэр хүндтэй томоохон үндэсний спортын олон улсын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх, санал гарах,

ДӨРӨВ БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА НАРТ

4.1.Олон нийтэд үндэсний спортын өв соёлыг түгээх, сурталчлах, боловсрол олгох, газар нутаг, соёлын өвөрмөц онцлогт тохирсон соёлын өв, үндэсний спортод түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг манлайлан зохион байгуулах.

ТАВ. ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭРИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД

5.1.Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, үндэсний ондоошил, өв соёлоо өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, өнгө төрх, ялгарал болгон эдийн засгийн үр шим, өгөөжийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үндэсний спортын өв соёлыг шингээхийн зэрэгцээ түгээн дэлгэрүүлэхэд бүх талаар хамтран ажиллах.

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ

6.1.Хүн бүр эх түүх, хэл, соёлоо шимтэн судалж, үндэсний уламжлалт спортоор сонирхон хичээллэж, түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг оруулах.

ДОЛОО. ҮНДЭСНИЙ СПОРТЫН СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧ ЭРХЭМ ТАНД

7.1.Төрт ёс, түмэн олноо хүндэтгэж аливаа шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, ёс жудагийг эрхэмлэн, Үндэсний спортоо цэвэр тунгалаг, бүрэн бүтнээр нь өвлүүлэн уламжлуулах их үйл хэрэгт идэвхийлэн оролцох

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top