Хаврын борлог зэрлэгээн дундаас наран хөлбөрч, дөрвөн уулын дунд хаврын дунд сар иржээ. Өвлийг өсгийдөж үлдээсэн хавар цаг зуныг өлмийдөн угтахаар яаран буй нь яах аргагүй гуравдугаар сар. Урин цагийн салхи сэвэлзэж, айсуй бүхнийг урин даллаж байгаа тийм л орон зай. Энэ сард гэрэл гэгээ бүхэн бий.
Ийм л гэрэлт цагаар цантай цонхон дээр нэгэн бүсгүйн нэрийг дурсамж бүхэнтэй хамт бичээд цаг нарны орон зайд “сэтгэл” хэмээн тунхаглана. Гэлээ ч миний бичсэн бүхэн, чиний нэрний үсгүүдтэй хамт урин цагийн эрхээр урсаж алга болно. Ингээд би чимээгүйхэн дотогшоо асгасан цагаан гунигаа хөглөөд цаг нарны орон зайд гуравдугаар сарыг чамтай хамт хүлээнэ. Энэ сард намайг угтан авдаг зүйл олон байдаг ч орхиж одох зүйл үүн лугаа адил олон болдог жамтай.
Тухайлбал, босго даван мэндлээд буй гуравдугаар сард олон баяр болдог. Юуны өмнө нэгэн цагт улс орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа өгч байсан эрэлхэг эх орончдыг дурсах “Эх орончдын өдөр”-өөр энэ сар эхэлдэг. Ингээд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”, “Эр цэргийн баяр”, Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсэн хөгжсөн баяр, Дэлхийн яруу найргийн өдөр, “Наруызын баяр” гээд олон баярыг нэрлэж болно. Баяр олон байх тусмаа сайхан. Баяр байгаа газар жаргал байдаг гэдэг биз дээ.
Нөгөө талаар хаврын дунд сар тохиож байгаа энэ үе бол яах аргагүй сэтгэл хөвсөлзүүлнэ. Энэ бүхнийг би гуравдугаар сарын цантай цонхон дээр тунхаглан бичлээ ч түрхэн зуур тодроод урин цагийн салхинд урсаж алга болохыг харах гунигтай ч сайхан. Тиймээс би ахиад л гурван сарын цонхон дээр амраг зүрхний үгээ сийлэх гэж, энэ сард болж өнгөрдөг бүхнийг сийлэх гэж амгалан ертөнцийн гурван сарыг амьтнаас өмчилж хүлээдэг биз ээ.
С.УУГАНБАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )