Ө.Ганзориг: Энэ хавар Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч хоёр алтны салбарт гол анхаарах ёстой

2022 оны 03 сарын 15

 

Ковидоос шалтгаалсан эрсдэл  хэвээрээ  энэ үед ОХУ, Украины нөхцөл байдал хурцадсан нь эдийн засагт дараа дараагийн асуудлыг нэмж үүсгэхээр байгаа билээ. Үүсээд буй онцгой нөхцөл нь  эдийн засгийн өнөөгийн байдал болон цаашдын төлөвт хэрхэн нөлөөлж болзошгүй талаар эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.

 


-Ковид цар тахлаас хамаарсан эдийн засаг, нийгмийн хямралын талаар таньтай өмнө нь ярилцаж байхад, “алдаанаасаа суралцахгүй байгаа нь энэ хямралын үеэр ч харагдаж байна” гэж та хэлж байсан шүү дээ. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харахад мөн л сорилт, бэрхшээлүүд тулгарсан хэвээрээ байна. Та эдийн засагч, судлаачийн хувиар ямар хүлээлттэй байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Ковидын нөхцөл байдлаас үүдэн нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсантай холбоотойгоор инфляц дэлхийн бүх улс оронд эрчимтэй өссөн. Монголд  бүр илүү хүндээр тусаж байгаа. Учир нь манайх үйлдвэрлэгч орон биш. Дээрээс нь БНХАУ ковидын эсрэг Zero-Covid буюу ковидгүй улс гэдэг зорилт тавьж, хилээ хаасантай холбоотойгоор манай улсад их хүндээр туссан. Энэ нөхцөл байдал сайжрах байх гэсэн эерэг хүлээлт байтал эсрэгээрээ Орос, Украины хоорондын  зөрчил, дайнаас болоод сайжрах төлөвгүй нөхцөл байдал үргэлжилж байна. БНХАУ гуравдугаар сар гараад хилээ нээчих болов уу гэсэн хүлээлт байсан ч, талаар болж байх шиг байна. Хилийн хүндрэлтэй нөхцөл  байдал цаашаа үргэлжлэхээр байна. Манай эдийн засгийн 90 гаруй хувь, экспорт, импорт БНХАУ-аас хамаарч байгаа. БНХАУ-ын тал хилийн хорио цээр тавьсан дээр нэмэгдээд, ОХУ-ын дайны асуудал гарч ирснээр нэлээн хүндхэн нөхцөл байдал руу шилжин орж байна.  Дээрээс нь 2021 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ Монголын санхүү, мөнгөний, эдийн засгийн байгууллагуудын тооцоолж байснаас их зөрүүтэй буюу маш бага тоо гарлаа шүү дээ. 2021 онд эдийн засаг төдийлөн сайнгүй байсны дээр инфляцын дарамт нэмж орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал нэлээн хүндрэх тийшээ хандаж байна гэж харж байгаа.

- Инфляцтай зэрэгцээд төгрөгийн гол валютуудтай харьцах ханшийн сулрал эрчимжээд ирлээ. Ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага өдөр ирэх тусам өссөөр байна. Ийм үед Төв банк, Засгийн газрын хамтын ажиллагаа, хоршил юун дээр төвлөрөх хэрэгтэй вэ. Өмнө нь энэ бүтцүүд хамтарч,  ажиллаж чадсан сайн “түүх” байхгүй гэж та үздэг юм билээ. Гэхдээ цаг үе зайлшгүй хамтын ажиллагааг шаардаад байна, тийм үү?

-Манай ложистикийн компаниуд эдийн засгийг хэвийн явуулахад шаардлагатай буюу  тасалдаад байгаа түүхий эд, бараа, материалыг ОХУ-аар дамжуулж татаж авах аргыг эрэлхийлж байсан. Гэтэл ОХУ-ын асуудлаас үүдэн, хил хаагдчихаар, бидний хувьд  хоёр талаасаа түгжигдсэн байдалд орж байна. Одоо бараа, бүтээгдэхүүнээ агаарын тээврээр л татаж авч байна. Манай нүүрс овор хэмжээ ихтэй. Хорио цээртэй холбоотойгоор БНХАУ руу сайн гаргаж чадахгүй, гацсан байдалтай байна. Тэгэхээр одоо манайд шууд онгоцоор тээвэрлэж болох овор хэмжээ багатай хэрнээ экспортын орлогыг нэмэгдүүлж, ам.доллар оруулж ирэх боломжтой зүйл юу вэ гээд аваад үзэхээр алтыг жишээ татаж хэлэх байна.

Төв банк, Засгийн газар яагаад хамтарч ажиллаж чаддаггүй вэ гэдгийг алтны салбар дээр аваад үзэхэд тодорхой харагдана. Төв банк нь валютын нөөц дууслаа, алтаа сайн олборлоод өгөөч ээ, яаралтай 20-30 тонн алт гаргаад зарчихъя,  хэдэн зуун сая ам.доллар эдийн засагтаа оруулж ирье ээ гээд “Алт” хөтөлбөр зарлаад байдаг. Мөн манай Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинээ гээд хэлж яриад байдаг.

Гэтэл бодит нөхцөл байдлыг харахаар төрийн яам,  тамгын газрууд нь энэ аймагт, тэр аймагт алт ухуулахгүй гээд хориглоод байдаг. Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам гээд асуудал хариуцсан яам, агентлагууд нь гарын үсэг зураад өгчихгүй хүлээлгэдэг, удаадаг, дарамталдаг байдал бүр хэрээс хэтэрчихсэн. Алтны компаниуд  гуравдугаар сард уурхай руугаа гарч, бэлтгэл ажлаа хангаад,  ус гэсэхтэй зэрэгцээд дөрөв, тавдугаар сар гэхэд эхний олборлолт нь эхэлж байх ёстой. Гэтэл төрийн байгууллагууд нь бүр долоодугаар сар хүртэл сунжруулдаг. Монголынхоо эдийн засагт л ам.доллар оруулж ирэх гээд байгаа компаниуд шүү дээ. БОАЖЯ, АМГТГ, Мэргэжлийн хяналт зэрэг газруудын хүнд суртлыг арай гэж даваад аймагт очихоор аймгийнх нь Засаг дарга, цагдаа, Мэргэжлийн хяналт, татвар гээд байгууллагуудынх нь хүнд суртал үргэлжилдэг, дарамталдаг. Тэр бүх хүнд сурталтай газруудыг арай гэж давсны дараа буюу бүр наймдугаар сард алтаа олборлож эхэлдэг тохиолдлууд энэ салбарт байна.

Монголбанк эдийн засгийн төв институци учраас алтыг ОХУ, БНХАУ-ыг давуулаад онгоцоор тээвэрлээд Швейцар юмуу, Лондонд аваачаад зарчих боломжтой.  Алт овор хэмжээ багатай, хамгийн хүнд жинтэй металлуудын нэг. Нэг унц алт 31-хэн грамм. 31 грамм алт одоо 6 сая төгрөг байна. Тэгэхээр 1 килограмм алтны үнэлгээ маш өндөр болохыг уншигчид эндээс ойлгож харж байгаа байх. Гэтэл нүүрс 1 тонн нь 400 мянган төгрөг байгаа шүү дээ.  Тэгэхээр бидний хувьд энэ хаврын гол уриа бол алтны салбар дээрээ фокуслах ёстой. Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрын анхаарах гол  зүйл  энэ. Ерөнхий сайд өөрийнхөө удирдлагад байгаа Засгийн газрынхаа аймшигтай хүнд суртлын аппаратад анхаарах хэрэгтэй. Одоо гуравдугаар сард Монголын компаниуд уурхай руугаа бүгд явчихсан байх ёстой. Ашигт малтмалын газар уулын ажлын төлөвлөгөө зэргийг нь гэрлийн хурдаар, түргэвчилсэн журмаар батлах ёстой шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд БОАЖЯ, Мэргэжлийн хяналт зэрэг хамрагдах нэгжийн нөхдүүд өдөр, шөнөгүй, хагас бүтэн сайнгүй  ажиллах ёстой үе байна шүү дээ.

Ерөнхий сайд өөрийнхөө удирдлагад байгаа Засгийн газрынхаа аймшигтай хүнд суртлын аппаратад анхаарах хэрэгтэй

-Хоёр хөршийн аль аль нь хил гаальдаа  сэрэмжтэй хандаж буй онцгой энэ үед та ам.долларын дотогшлох урсгалыг тогтвортой хадгалах шийдлийг хэлж байна л даа. Албаныхны өгч буй мэдээллүүдийг үзэхээр “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилт, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Хөтөлбөрийг энэ онд нэмж эрчимжүүлнэ л гээд байгаа шүү дээ?

-Миний хувьд 21 жил алтны зах зээлтэй холбоотой байгаа хүн. Монгол Улсын алтны экспорт дээр ажиллаж байлаа. Алтны санхүүжилт хийж байсан, энэ зах зээлийг мэднэ. Түрүүн хэлсэнчлэн хүнд суртлууд их байна. Хоёр төрлийн хүнд суртал байна. Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ өгөхийн тулд  хэдэн сар жилээр утга учиргүй барьдаг. Энэ бол Ерөнхий сайдын удирдлагад хамаарах агентлагууд шүү дээ. Мөн үүнээс гадна Монгол Улсынхаа  нэр хүндийг олон улсын зах зээлд унагадаг, хорлодог, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг юм байна гэсэн  сөрөг ойлголтыг олон улсад өгдөг бусармаг үйл ажиллагааг шантаажны улстөрчдийн зүгээс зохион байгуулдаг. Уг үйл ажиллагаандаа хөөрхий хэдэн юм мэдэхгүй малчдыг татаж оруулж, телевизийн камерын өмнө гаргаж жүжиг тоглуулдаг явдлаа  таслан зогсоох хэрэгтэй. Дандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг онилж дайрдаг. Нөгөөдүүл нь яршиг,  яршиг гээд алдагдал хүлээгээд хаяад явчихдаг. Би гаднын хөрөнгө оруулалттай холбогдож ажилладаг болохоор мэдээлэлтэй хэлж ярьж байна. Хөрөнгө оруулаад, хохирол хүлээгээд гараад явсан хүмүүс нь дэлхийн санхүүгийн төвүүдэд  нэр хүндтэй, холбоо сүлбээтэй хүмүүс байдаг. Монголтой холбоотой нэг л тийм муу жишээ гарчихаар, бусад хүмүүстээ манай улсыг дэмий улс байна лээ, битгий очоорой, хөрөнгөө битгий оруулаарай гэж уриалж байдаг.

Нэр хүнд бүхий олон улсын бирж дээрээс хувьцаа гаргасан,  хөрөнгө оруулалт татсан, эсвэл олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулсан төслүүд манай алтны салбарт байна. Аймаг сумынх нь 5 мянган өрх бидэнд, манай орон нутагт хэрэгтэй, ажлын байр бий болгох төсөл байна гээд дэмжчихсэн байхад, нэг улстөрч, таван малчин, нэг сэтгүүлчтэй нийлээд зогсоодог. Энэ цаанаа ямар зорилготой нь тодорхой. Гэтэл тэр нь алсуураа Монгол Улсын нэр хүндийг Лондон, Нью-Йорк, Торонто, Хонконг гээд олон улсын төвүүд  дээр шавартай нь хутгаж байдаг.

-Төр засгийн удирдлагууд нь хөрөнгө оруулагчдыг даллаад байгаа ч, тэр нь зүгээр л хоосон үг л байна гэж та хэлэх гээд байна уу?

- Манай улс алтаа зарж ам.доллар олно. Дээрээс нь хөрөнгө оруулалт маягаар ам.доллар татах гээд байгаа санаатай шүү дээ.  Гадаадын хөрөнгө оруулалт орох цорын ганц сектор одоо алт л байгаа шүү дээ. Гадныхан танай алт ОХУ, БНХАУ-ын элдэв хориг саадад орохгүйгээр шууд онгоцоор дэлхийн том санхүүгийн төвүүдэд аваачаад зарах боломжтой, экспорт юм байна. Тэгэхээр үүнийг чинь дэмжээд,  хөрөнгө оруулалт хийе гэхээр хуурамч, зохиомол нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүд самардаг. Ерөнхий сайд болохоор гадаадын хөрөнгө оруулалтыг  дэмжинээ гээд зарлаад яваад байдаг.  Үүссэн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд, өөрийнхөө харьяа газар, яамныхаа хүнд суртлуудыг арилгахад Ерөнхий сайд анхаарахгүй бол ам, ажил хоёр зөрдөг байдал руу орох нь ээ. Ерөнхий сайдын нуруун дээр том хариуцлага ирж байна. Энэ асуудлыг барьж, шийдэж чадах эсэхээс манай залуу Ерөнхий сайдын ажлын үр дүн дүгнэгдэх гээд байна.

-Та Бодлогын хүүг 6 хувь дээр барьж, инфляцыг хазаарлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Олон улсын Төв банкуудын бодлогын арга хэмжээнүүд ерөнхийдөө чангарах талдаа байгаа талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьж байгаа шүү дээ?

-Манай эдийн засагчдын гаргадаг гол алдаа болохоор АНУ шиг 300 сая хүнтэй ч юм уу, эсвэл Япон шиг 130 сая хүнтэй  улс орнуудад  зориулж гаргасан онолуудад тулгуурлаж, яриад байдаг. Онол гэдэг бол амьдралд 100 хувь нотлогдоогүй зүйлийг хэлдэг. Орчин үеийн макро эдийн засгийн онолууд гээд байгаа юм чинь амьдралд 100 хувь нотлогдоогүй, ерөнхий хана нь бол  байдаг. Тэр ханыг нь тогтоохдоо АНУ шиг, Япон шиг өндөр хөгжилтэй, олон зуун сая хүнтэй улс орнуудын эдийн засгийг ажиглаж, жишиж тогтоосон байдаг. Манайх шиг дөнгөж сая чөлөөт зах зээлд орсон, гуравхан сая хүнтэй улсад бол энэ хэрэгжихгүй. Арай өөрөөр хэрэгжинэ. Бид үүнийг эхлээд ойлгох ёстой. Монголынхоо эдийн засагт зориулсан өвөрмөц хэлбэрийн онолуудыг орчин үеийн нийтлэг онолуудаас салгаж гаргах хэрэгтэй.

Манай эдийн засагчдын гаргадаг гол алдаа АНУ шиг 300 сая хүнтэй ч юм уу, эсвэл Япон шиг 130 сая хүнтэй  улс орнуудад  зориулж гаргасан онолуудад тулгуурлаж, яриад байдаг. Онол гэдэг бол амьдралд 100 хувь нотлогдоогүй зүйлийг хэлдэг.

-Үнийн өсөлт эрчимжихээр Бодлогын хүү хөдлөх ёстой, Төв банк зохицуулах ёстой  гэсэн ойлголт шат шатанд тогтчихсон шүү дээ. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн  нийлүүлэлтийн шалтгаантайгаар эрчимжсэн энэ удаагийн инфляц дээр бол Төв банк “зөвхөн биднээс хамаарахгүй” гэсэн байр суурийг тодорхой илэрхийлсэн л дээ? 

-Инфляц өсөнгүүт бодлогын хүүгээ өсгөнө гэдэг бол номон дээр байдаг л аргууд. АНУ-д бол ажиллана, Японд бол хэрэгжинэ.  Японд ч гэсэн ерэн  оноос хойш дефляци гээд инфляцын эсрэг үзэгдэл гарсан шүү дээ. Эдийн засгийн онолоор үүнтэй тэмцээд барахгүй дийлэхгүй л байгаа. Тэгэхээр бид эдийн засгийн онолын ном уншчихаад, тэрийгээ шууд Монголд хэрэгжих мэтээр ярьдагаа болих хэрэгтэй. Бодлогын хүү өсгөж инфляцтай тэмцэнэ гэж байхгүй. Миний бодлоор гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоо нэмэх замаар  ам.долларыг  оруулж ирэх дээр 100 хувь фокуслах ёстой.

-Та бол манай туршлагатай тэргүүлэх банкируудын нэг учраас банкны салбарын талаар асуумаар байна. 2021 онд  Монголын банкуудын актив 4.3 их наядаар өсөж, ДНБ-ийн хэмжээнд дөхсөн байна. Банкуудын өсөлттэй зэрэгцээд энэ сектор дахь хөрөнгийн төвлөрлийг сааруулах талаар улс төрийн түвшинд их яригдах болсон.  Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монголд менежментийн хувьд хамгийн хүчирхэг, олон улсын стандартад  ойртсон бизнесийн салбар бол банк. Монголын банкууд олон улсын банкны систем, сүлжээнд холбогдож ажилладаг. Гадаад төлбөр тооцоо хийхэд,  маш олон шалгуур тавигддаг. Тэдгээрийг хангаж ажилладаг. Дээрээс нь Монголбанк сүүлийн 30 жилд маш их бэхэжсэн. Монголын төрийн байгууллагууд дундаа олон улсын стандартад хамгийн  ойртсон, ОУВС-гаар байнга шахуулсаар байгаад хөгжчихсөн.

Өдөр бүр санхүүгийн дөрвөн тайлан гаргадаг ганцхан л бизнес байдаг нь банк.  Тийм учраас банкны бизнес маш чамбай, нягт нямбай  байхыг шаарддаг. Тэр утгаараа манай банкны салбар олон улсын түвшинд хамгийн сайн хөгжсөн.    Казахстан Узбекистан, ОХУ-д үлгэр жишээ болохуйц менежментийн ур чадвартай, засаглалтай, маш сайн банкууд ч байгаа. Бас Анод, Зоос банкны дампуурал ч гэдэг юм уу, муу жишээнүүд байдаг. Бусад улсын хувьд ч муу жишээнүүд байдаг, тэр л жишгээр явж байгаа. Ерөнхий секторын хувьд Монголдоо олон улсад хөл нийлүүлж алхаж байгаа нь банкны сектор юм. Тиймээс бид банкаа сайн дэмжээд, амжилтаас нь суралцаад, барилга, уул уурхай, худалдаа, хүнсний компаниудаа ийм болгоё, хөгжүүлье гэж хандах нь зөв юм.  Бүх бизнесүүд, компаниудаа менежментийн хувьд олон улсын жишигт хүргэчих юм бол, дээр нь  төрийн хүнд суртлаа арилгаад, алтны компаниудад учруулдаг саад тотгороо байхгүй болгочихвол манай улс хөгжихөд их амархан. Тэгэхгүй банк гэж хамгийн муухай юм мэтээр улстөрчид нь харлуулаад дайраад байхаар барилгын компанийн захирал  юун банкнаас суралцах нь битгий хэл  зугтаахдаа тулна шүү дээ. “Малина” гээд алдартай киног уншигчид үзсэн байх. Хотынхоо хамгийн гоё эмэгтэйгээс, гоё сайхан хүнээс суралцах, үлгэрлэхийн оронд дайрсаар байгаад, зовоож ядраадаг шиг дэлхийн жишигт хамгийн ихээр  нийцэж ажиллаж байгаа банкны салбараасаа суралцахын оронд дайраад байж болохгүй.

Хөгжлийн банкны захирал байсан хөөрхий нэг 40 гаруй насны  залуу руу бүх бурууг  чихээд бутрах гэж байгаа бол энэ их тэнэг үйл явдал болно шүү. Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан намын дарга нар, Ерөнхий сайд нар, тэдний асуудал энд яригдах ёстой.

-Засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгийг тэлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэж өдөр бүр л ярьж байна. Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ гээд байгаа. Гэхдээ тэгэхээсээ өмнө Хөгжлийн банкны нэр төрийг “цэвэрлэх” гээд, экс удирдлагуудыг нь хорьж цагдаад байна. Та Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг хэрхэн харж байна вэ?

-Хөгжлийн банк дээр гарсан алдааг тус банкны захирал хийж байсан хүнтэй нь холбоод өнгөрвөл  ухвар мөчид юм болно. Төр гэж юм чинь өөрөө хөгжлийн стратегиа гаргаад,  стратегийн шалгуур хангасан төслийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх үүрэгтэй. Гэтэл АН-ын төр ч тэр, МАН-ын төр ч тэр хөгжлийн стратеги гаргаагүй ээ.  Монгол Улс стратегиараа Silicon Valley болно гэж зарлах ёстой. Тэгэхээр нь Хөгжлийн банк Silicon Valley болоход шаардагдах компаниудад  зээлээ өгөөд явах ёстой. Гэтэл ямар ч стратеги зарлаагүй. Юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй  мөртлөө Хөгжлийн банк гэж юм байгуулчихсан.  Нөгөө банк нь баахан мөнгөтэй болчихсон. Тэгээд өөрсдийнхөө мэдрэмжээр зээл өгсөн шиг байгаа юм. Тэр дунд нь магадгүй  танил тал оролцсон эсэхийг хуулийн байгууллага нь тогтооно биз.

Засаглалыг аваад үзэхэд, сайд нар нь жил хагас болоод солигддог. Ерөнхий сайд нар нь хоёрхон жилийн настай. Тэгэхээр Хөгжлийн банк гээд институци  тоглоом болоод дуусчихаж байгаа юм. Тэгэхээр Хөгжлийн банкны захирал байсан хөөрхий нэг 40 гаруй насны  залуу руу бүх бурууг  чихээд бутрах гэж байгаа бол энэ их тэнэг үйл явдал болно шүү. Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан намын дарга нар, Ерөнхий сайд нар, тэдний асуудал энд яригдах ёстой. Монголын төрийг хоёр нам,  хэдэн хүн, хэдэн фракц л  ээлжлээд л барьдаг шүү дээ.

Манайх ардчилсан улс болохоор үйлийн үртэй юм шиг дөрвөн жил тутам сонгууль хийх юм. Тэгээд л цоо шинэ юм шиг боловч “хуучин” хүн л гараад ирэх юм. Монголын улс төрд хэдэн луухгарууд, хэдэн хүнд гарууд байна гэж хэлье.  Тэр хүмүүс хоёр, хоёр  жилийн настай томилогдлоо гэхэд, хоорондоо уулзаад яриад, хорин жилийн настай бодлогоо залгамжилж болдоггүй юм уу. Дараагийн сонгуулиар хэн ч ялж магадгүй ч, Монгол Улсаа хөгжлийн ийм стратегиар авч явъя гээд тохирчихож болдоггүй юм уу. Хэрэв тэгэх юм бол АН-ын Ерөнхий сайд нь алга болоод өгөхөд,  МАН-ын Ерөнхий сайд ижил үзэл бодолтой, чиглэлтэй  ороод ирвэл Хөгжлийн банкийг сармагчин ч гэсэн удирдаад явчихна.

Одоо бол дэлхийн хамгийн шилдэг санхүүч, хамгийн ёс суртахуунтай хүн байгаад ч халтираад шоронд орохоор л байна шүү дээ. Улс төрийн луухгарууд гээд хүмүүс бүгдээрээ твиттер дээр ухаантай юмнууд жиргээд байна лээ. Тэр хүмүүс  хоорондоо уулзаж үндэсний зөвшилцөл хиймээр байна. 2024 оны сонгуулиар эдний чинь нэг хэсэг нь  зүсээ хувилгаад гараад ирнэ. Тоолох юм бол арваадхан л хүн байгаа. Сайн харвал 30 жилд хэдхээн хүн төр барьсан. Бараг хоорондоо анд нөхөд байгаа. Уулзаж суухдаа тэр бодлого стратегиа тохирчихмоор байна. Тэрийг нь залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо зохион байгуулмаар байна.

-Ингэхэд та Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа эдийн засагчдыг төлөөлөн зөвлөгөө, захидал хүргүүлж байсан. Таны болон та бүхний санаа оноог ер нь хүлээж авсан уу?

-Би байнга л Ерөнхий  сайд нарыг дэмжиж, ажиллах гэдэг. Харин Ерөнхий сайд нар твиттер дээр юу бичиж байгаад гол анхаарлаа хандуулаад, эдийн засагч нарын өгч байгаа зөвлөгөөг огт сонсохгүй, бүгдээрээ алга болчихдог. Би хэд хэдэн Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөлд орж ажилласан. Хэзээ ч уулздаггүй, хэзээ ч хуралддаггүй шүү дээ. Эдийн засгийн зөвлөлд орууллаа гэхээр нь би чинь Монголын төр намайг тоолоо, Ерөнхий сайдад зөвлөгөө өгнө гэж баярлаад байдаг. Гэтэл тэгээд л байдаггүй. Би бол нам бус. Монголынхоо төлөө юм хийчихье, үзэл бодлоо хүргэе гэсэн бодолтой гурван сая монгол залуусын нэг. Гэтэл манай улсын Ерөнхий сайдаар ажиллаж буй хүмүүс албан тушаалд томилогдонгуутаа маргааш нь фэйсбүүк, твиттер дээр юу явж байна гэдэгт гол анхаараад, тэрийг дарах,  тэмцэх ажил руу ордог байж болохгүй ээ. Улс орон үндэстний хувь заяа авч яваа гэдгээ одоо санах хэрэгтэй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вмв(122.201.22.115) 2022 оны 03 сарын 15

Толгойг нь зөв ашиглаж чадвал энэ салбартаа чадварлаг боловсон хүчний нэг аргагүй мөн. Ялангуяа алтны эргэлтийг маш сайн мэдэх залуу. Нам бус болохоороо, бусдын үгэнд орж далдаганадаггүй болохоороо дуу хоолой нь гардаггүй биз

0  |  0
Зочин(202.9.46.86) 2022 оны 03 сарын 15

Яагаад ийм туршлагатай, чадварлаг, боловсролтой хүнийг Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд болгож болдоггүй юм бэ! Гэтэл манайд том хүмүүсийн хүүхдүүд юу ч мэдэхгүй байж тэр албан тушаалд байх юм, гутармаар байна. Л.Оюун-Эрдэнэ сайд үүнийг анхаарах хэрэгтэй дээ!

0  |  0
i(202.126.89.67) 2022 оны 03 сарын 15

Ene hun shig chadvarlag, bolovsroltoi huniig ygd Mongol banknii eronhiilogch, Eronhii said bolgoj boldoggui yum boloo. Orond ni tosgonii gachgaar, tsunhchid, hen neg avligachiin huuhduud buh ondor alban tushaald bj bdag.

2  |  0
.нацаг(103.57.94.169) 2022 оны 03 сарын 15

Яг оновчтой ямарч гарц дэвшүүлж чадсангүй дэмий нуршуу бусдийн яридаг зүйлийн цуглуулга байна. Number one мэдлэг чадваргүй бол дуугүй байсан нь дээр. Өөрийгөө хөгжүүлж master цаашилбал PHD бол.....

1  |  1
Татвар(64.119.21.173) 2022 оны 03 сарын 15

Нутаг усаа гэж сулиараад бгаа малчдаас татвараа ахиухан авч төсвөө бүрдүүлцгээе.

1  |  0
Top