УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2022.03.31/ хуралдаанаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан байна.\
Тэрээр “Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа” гэжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авч, төслийн хэрэгжилтийн явц, бусад холбогдох мэдээлэлд үндэслэн, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөл, гадаад өрийн зохист хэмжээнд нийцүүлэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 45.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 89 төсөл арга хэмжээг тусгасан байна.
Тогтоолын төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэн буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч цаашдаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нөхцөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна. Чуулганы хуралдааны үеэр гишүүд чухам ямар үндэслэлээр зарим төсөл, арга хэмжээ хасагдаж, өөр арга хэмжээ нэмэгдэн орж ирснийг тодруулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан болон Ажлын хэсгийн гишүүд “Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болсон, ТЭЗҮ нь хийгдчихсэн, бэлтгэл ажил нь хангагдсан арга хэмжээ 150 байсан бөгөөд нийт санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдан, таван төсөл нэмэгдэн орж иржээ. Нийт санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45.4 их наяд болж буурсан байна. Нэмэгдсэн төслүүдийн хувьд халдварын вакцинжуулалт, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулахтай холбоотой төслүүд байгаа. Хасагдсан нь хэрэгжиж дууссан төслүүд. Зарим нэг төслийн хувьд санхүүжилт саатсан учир Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх төслийн жагсаалт бүхий хавсралт руу шилжүүлсэн” гэсэн хариултыг өгчээ.
Мөн санхүүжилтийн эх үүсвэр шийдэх шаардлагатай төслийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020, 2021 онд хийгдэж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн байна. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байгаа, тодорхой хэмжээнд судлагдаж байгаа, хөгжлийн түншүүд судалгаагаа хийж эхэлсэн төслүүд нэмэгдсэн. Харин Санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай гэсэн жагсаалтаас хасагдсан төслүүдийн хувьд ТЭЗҮ, зураг төслийг тодруулах, нэмэлт зайлшгүй хийгдэх ёстой арга хэмжээнүүд байгаа бөгөөд Зураг төсөл боловсруулах шаардлагатай арга хэмжээний жагсаалт руу шилжсэн гэсэн тайлбарыг өгсөн байна. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )