“Tesla” Хятадын зах зээлээс 127 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

АНУ-ын “Tesla” компани Хятадын зах зээлээс “Model 3” загварын 127785 цахилгаан автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь цахилгаан хүч хагас дамжуулах хувиргагч нь тогтоосон стандартад нийцээгүй байна.

Энэ сарын 7-ноос эхлэн тус улсад нийлүүлсэн “Model 3” загварын 34207 автомашин болон 2019 оны арваннэгдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Хятад улсад үйлдвэрлэсэн тус компанийн 93578 автомашиныг эргүүлэн татах аж.

БНХАУ-ын Зах зээлийг хянах улсын газрын мэдээлснээр, автомашиныг хэрэглэх явцад цахилгаан хүч хагас дамжуулах төхөөрөмжийн тогны урсгалыг тогтвортой хянах ажиллагаа алдагдаж болзошгүй гэж үзэж байна. Техникийн ийм асуудлаас үүдэн автомашин явж байх үед тяг нь мултрах, хөдөлгүүрийг асаахад асуудал үүсэх магадлалтай аж.

“Tesla” компанийн “Model S” болон “Model X” загварууд техникийн асуудлаас болж Хятадын зах зээлээс нэг бус удаа татагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.27.51) 2022 оны 04 сарын 08

Зүгээр л усаар ажилладаг машин үйлдвэрлээчээ тог, цахилгаан ч гэх шиг.

0  |  0
Top