ОЛОН ӨНГӨ: Тавь гарсан залуу

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Өдгөө зуугийн талыг илүү наслаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өөрийгөө “Залуу хүн” хэмээн удаа дараа ярьж суухыг сонслоо. Тэгэхээр тавь ч хүрээгүй би нялх шахуу амьтан аж. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн АН-ын даргыг сонгох сонгууль орон даяар өрнөж, Ж.Батсуурь Ерөнхийлөгч асантай өрсөлдөж яваад эцсийн мөчид нэрээ татсан.

Энэ үеэрээ тэр “АН залуу үеэ дэмжих хэрэгтэй. Бидний үеийн залуус энэ намыг хөл дээр нь босгож, эв эеийг зангидах цаг нь ирсэн” хэмээн олон ч аймгийн иргэдэд хэлнэ лээ. Гэтэл монгол хүний дундаж наслалт хэд билээ. Нөгөө талаар Ж.Батсуурь хэдхэн жилийн дараа тэтгэвэр тогтоолгох насанд очно гэхээр яавч залуу хүн байж таарахгүй. Яахав, тэр улс төрд бол нялх байж болох юм. Сүхбаатар аймгийн Засаг даргаар хэл амтай ажиллаж байгаад 2020 онд УИХ-д орж ирсэн дэндүү нялх улстөрч юм. Үүнийгээ хэлсэн байж болох талтай ч дэндүү өрөөсгөл юм.

Тэр насаар нялх биш ч аймагтаа насаараа тарчилж, хожим парламентад орж ирсэн болохоор өөрийгөө залуу гэж боддог бололтой. Арга ч үгүй. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө буюу 1997 онд Сүхбаатар аймгийн АН-ын дарга болж, 2017 он хүртэл 20 жил ажилласан хүн түүнээс өөр байхгүй ч байж мэднэ. Түүнийг ийнхүү “тарчилж” байхад “Монос”-ын Л.Эрдэнэчимэг санхүүжүүлэх замаар аймгийн Засаг дарга болгосон гэдэг.

Парламентад орж ирэх гэж аймгийн намын үүрийн даргаар 20 жил ажиллана гэдэг бол яах аргагүй “тарчлаан”. Аймгийн намын үүрийг өнгөтэй өөдтэй авч явах, гишүүд дэмжигчидтэй байлгахын тулд асар их хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгөтэй байхын тулд татвар төлөгчдийн хэтэвч рүү өнгийхөөс өөр аргагүй. Түүнээс бус Ж.Батсуурийн насаараа хураасан хөрөнгө ч дүйж очихгүй. Бас нэг зүйл бий. Энэ бүх зүйлийг тал нутагт туулж, бүтэн 20 жил болсон учраас өөрийнхөө 50 насны босго давсныг ч мэдэхгүй явсан байх.

Одоо бол түүний үе тэнгийнхэн ач зээгээ тойруулчихсан налайж сууна. Ёстой л “Биеэ засаад гэрээ засчихсан, гэрээ засаад төр улсаа засчихсан” хүний амьдралын сайн сайхны тухай бясалгаж сууна. Гэтэл мань эр талбай дээр өлсгөлөн зарлаж, аймгууд тойрч хүн муулахдаа “Би залуу хүн” хэмээн явж байгаа нь дэндүү нялх улстөрчийн хийрхэл байх. Ямартай ч манай парламентад 50 настай, толгойных нь эргээ өнөөдөр болтол гараагүй залуу сууж байгаа нь нэгэн үзэгдэл юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.236) 2022 оны 04 сарын 19

Эргүү “залуу” байсан

0  |  0
Top