УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх талаар ярьж эхлэв. Тиймээс ч "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд даваа гарагт зохион байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гишүүд ямар байр суурьтай байгааг энэ удаад тоймлон хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Үндсэн хууль бол аливаа улс орны улс төр, нийгмийн харилцааг зохицуулагч гол хууль байдаг. Тийм ч болохоор нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь тухайн засгийг барьж байгаа парламент төдийгүй ард түмэн, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, зөвшилцөл хийсний хүрээнд хийж байх ёстой. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ энэ шалгуурыг харгалзсан. Гэхдээ энэ өөрчлөлтөөр хийгдэж чадаагүй зарим заалтуудыг баталсан бол парламентийг боловсронгуй болгох дэвшил гарах байсан гэж боддог.
Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг чухал заалтууд байсан. Тийм ч болохоор зарим Их хурлын гишүүн, бусад намын төлөөлөл хамтраад УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байна лээ. Хэрэв үүнийг олон нийтийн зүгээс дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд болохгүй гэх зүйлгүй. Ер нь өнөөдрийн 76 гишүүн нь хүн амын төлөөллөө хангаж чаддаггүй. Харин газар нутгийн төлөөллөө сайн хангадаг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоогоор явах хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Холимог тогтолцоо бол хүн амын болон газар нутгийн төлөөллөө зэрэг хангаж чадна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Амьдрал өөрөө шаардаад эхэлж байгаа бол ямар нэгэн хүнд суртал гаргалгүй дүрэм, журмаа өөрчилж байх ёстой. Мэдээж Үндсэн хууль гэдэг бол улс орны суурь хууль учраас өөрчилдөг үйл явц нь бусдаасаа хамаагүй хүнд байх хэрэгтэй. Тэгэхдээ огт боломжгүй байх ёсгүй. Өнөөдрийн манай улсыг хүнд байдалд оруулж байгаа шалтгаануудын нэг нь Үндсэн хуулийн асуудал. Үүнийг тухайн үед ийм зүйл гарахгүй байхаар өөрчлөлтийг нь оруулж ирсэн юм. Харамсалтай нь улс төрийн намын дотоод тэмцэлдээ зарим хүмүүс шатаад яг ийм болгох гэж Үндсэн хуулийг өөрчлөөд тэр үр дүндээ өнөөдөр хүрлээ. Тэр хүмүүс энэ өөрчлөлтийг хийхдээ дараагийн Засгийн газар нь амжилтгүй байх, өрсөлдөж байгаа хүнээ сул байлгах гэж оролдсон боловч жинхэнэ хэрэг дээрээ улс орноо хорлочихсон. Энэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болоод 700 хоноогүй байхад өнөөдөр Монгол Улс эдийн засаг, засаглалын ямар амаргүй асуудалд орчихоод байна вэ. Хэн ч Үндсэн хуулиа өөрчлөөд нэг их удаагүй байхдаа дахин өөрчилмөөргүй л байгаа. Гэхдээ өөрчлөхгүй бол та, бидний амьдрал сайжрахгүй болчихоод байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
“Тааж мэддэг таван хаан” гэдэг шиг үнэндээ яах ёстойг одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Одоо жижиг намуудын оролцоог хангах ёстой, нэг нам дангаараа хэт олуулаа байх дэмий гэдэг зүйлсийг ярьж байгаа. Дээрээс нь сонгуулийнхаа тогтолцоог ч өөрчлөх тухай ярьж байна. Гэхдээ Үндсэн хуульд тийм амар гар хүрээд байдаг юм ч биш. Олон гар хүрэх тусмаа л Үндсэн хуулийн хямрал руу явдаг юм. Укриан улс Үндсэн хуулиа хэд, хэд өөрчлөөд неонацистуудыг толгой дээрээ гаргаад ирсэн. Тийм болохоор дураараа гар хүрээд байж болохгүй. Яахав, үнэхээр нийгэм шаардаад, ард түмний санал асуулгаар өөрчлөх шаардлагатай гэж үзвэл ард түмнийхээр болох байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд
Дахин, дахин Үндсэн хуульдаа гар хүрээд хэрэггүй гэсэн байдал байгаа ч энэ бол жирийн л нэг хууль. Дэлхийн хамгийн хөгжилтэй орон болох АНУ л гэхэд одоогийн байдлаар 60 удаа өөрчилчихсөн байна. Гэхдээ өөрчилнө гэхээсээ илүүтэй одоогийнхоо нийгэмд зориулан шинэчилж байна. Өнөөдөр дэлхий нийт хурдтай өөрчлөгдөж, улам жижигхэн болж, хүмүүс гар утас дотроо амьдардаг болж байгаа. Бид чинь цөөхүүлээ учраас нэг шинэчлэлийг асар хурдтайгаар хийгээд үр дүнг нь үзэх боломжтой ард түмэн. Тийм ч учраас нийгмийн тогтолцоо, хуулийн зохицуулалтаа хурдан өөрчилж байх шаардлага цаашдаа ч гарна. Бидний зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 10 зүйл шаардлага тавьсан. Ихэнх нь эдийн засгийн асуудал бий. Улсын маань эдийн засаг 12-13 тэрбум ам.доллар дээр 10 жил гацлаа. Ямар ч өсөлтгүй, харин ч 60 тэрбум ам.доллар олох боломжоо алдлаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн парламентийн засаглалыг сайжруулах, ардчилалыг бэхжүүлэхийн тулд яг одоо л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Монгол Улс ганцхан том тойрог болоод нэн шаардлагатай байгаа дэд бүтцүүд, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж чаддаг болох ёстой. Ер нь 30 жилийн өмнө хөрш орнууд маань завгүй байсан үед л бид өөрчлөлтийг хийж чадсан. Одоо ч тийм үе нь гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь
Хувь гишүүнийхээ хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яриад байгааг буруу гэж үзэж байгаа. Ер нь яаж ч бодсон Үндсэн хуулиараа байн, байн оролдоод байна гэж юу байхав дээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
Укрианд болж байгаа нөхцөл байдлыг парламентийн чадамж муудсан, улс орны засаглал суларсантай холбон тайлбарлаж, ийм байдалд хүртлээ муудах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа. Мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдал муудсан, улсын төсөв 76 жижиг нүхээр урсаж байна гэсэн шүүмжлэл ч манайд байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэж Т.Доржханд нарын гишүүд үзүүд байх шиг байгаа юм. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийт ард түмний хүсэл эрмэлзэл л байх ёстой. Цаашдаа ямар засаглалтай, ямар улс болох юм. Маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий нийтийн дунд хүн ам цөөн Монгол Улс ямар байдлыг дэмжвэл тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, засаглалын хувьд бидэнд ашигтай юм бэ гэдгийг л харах хэрэгтэй. Түүнээс биш ганцхан улс төрийн шийдвэрээр шийдэж болохгүй. Маш нарийн гаргасан олон улсын тооцоо судалгааг ч авч үзэх хэрэгтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
Одоо яригдаж байгаа хувилбараар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Яагаад гэхээр 76 гишүүн 3.5 сая иргэнийг бүрэн төлөөлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс гишүүдийн тоо нэмэгдэх нь зөв. Мөн одоо бид сонгодог парламентийн тогтолцоо руу явах нь зүйтэй. Харин нэг танхим, хоёр танхимтай байх талаар хэлэхэд эрт байна. Дээрээс нь улс төрийн намууд, сонгуулийн санхүүжилтийг ч эргэж харах цаг болсон.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
76 нэргүүгээр өөрчлөлт оруулуулж болохгүй, зөрчлийн хууль олигтой баталж чадахгүй байж үндсэн хууль өөрчлөх юм гэнэ. Өөрчлөх эсэх ямар өөрчлөлт оруулахаа бүх ард түмнээр хэлэлцүүл. 100 мянган хүн санал өглөө дэмжлээ гэж рудлаа тархи угааж өөрчлөлт оруулж болохгүй ээ. Лүндээжанцан, занданшатар тэргүүтэн өөрчлөлт сайн бодож сайн хийхгүй бол үндсэн хуульд 8 жил гар хүрч болохгүй хуультай гээд байсан яасан дандаа худалчууд.