-Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулийн ШИНЭЧЛЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?-
Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлэх, солонгоруулах нэн шаардлагатай байгаа талаар төр, засгийн түвшинд олон жил ярьж, эдийн засагчид, судлаачдын зүгээс ч олон арван санал, санаачилга гарсаар өнөөдрийг хүрчээ. Нүүрс, зэс, алт зэрэг тоотой хэдэн нэр төрлийн түүхий эдээ олборлон, нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж олсон хэдэн ам.доллароо эргээд импортоор гадагшаа урсгачихдаг Монголын эдийн засаг бүтцийн хувьд төрөлжих , хэрэглэгч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч улс болох нь ус агаар мэт чухал болохыг ковид цар тахалтай тулсан өнгөрсөн хоёр жил сайтар ойлгуулсан билээ.
Гэвч цар тахлын сөрөг нөлөөллөөс бүрэн ангижирч, сэхээ авч амжаагүй байхад ОХУ-Украины асуудал шинэ эрсдэл, шинэ сорилтуудыг нэмж тулгасаар байна. Ерөнхийдөө энэ бүх амаргүй сорилтууд нь өнгөрсөн 30 жилд түүхий эд бэлтгэгч орны замналаар замнаж өдийг хүрсэн бидний хувьд боломж нөөцөө зөв ашиглах, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч улсын замналаар цаашид урагшлах цаг хэдийнэ болсныг анхааруулсаар байна.
Тэгвэл эдийн засаг, нийгэм, цаг үеийн энэхүү шаардлагад нийцсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-д өргөн барьсныг тодотгоё. Эхэнд дурдсан эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг амжилттай шийдвэрлэе гэвэл үйлдвэрлэл, технологийн цогц паркуудыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай. Үүнийг бүрэн дүүрэн батлах бодит жишээнүүд буюу том бүтээн байгуулалтууд том өөрчлөлтийг авчирсан кэйсүүд Монголын эдийн засгийн өнгөрсөн жилүүдийн түүхэнд бий. Тухайлбал, далаад оны сүүлчээр “Эрдэнэт” үйлдвэр үүдээ нээж, наяад оны эхээр “Говь” комбинат ашиглалтад орох хүртэл Монголын эдийн засаг үндсэндээ мал аж ахуйд суурилж байсан билээ. Дулааны IV цахилгаан станц, Багануурын уурхай зэрэг эдгээр томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт орж, ганц салбарын хамаарлаас ангижирч, үйлдвэрлэгч орон болж болохуйц эхлэл тавигдаж байв.
Харин одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад технологи шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжил үнэхээр дутуу дулимаг байна. Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага, хөгжлийг даган глобаль эдийн засагтай хүссэн хүсээгүй нягт уялдаатай болох тусам үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны үзэж болох бүхий л бэрхшээл, зовлонг тойрч гарахын аргагүй хүнд нөхцөлд байсаар байна.
Энэ үндсэн суурь нөхцөлийн үүднээс аваад үзэхэд, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэчнээн чухал болох нь ойлгомжтой юм.
Түүнчлэн уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилсан С.Бямбацогт нарын гишүүд хуулийг шинэчлэн найруулах болсон хууль зүйн үндэслэл болон практик шаардлагын талаар тун тодорхой мэдээллийг өгч байна.
Улсын Их Хурлаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталснаас хойш, 13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж буйг тэмдэглэх нь зөв болов уу.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
НЭГ. Хууль зүйн үндэслэл
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.14-т “уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулах”, 8.1.9-т “хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн 33 паркийг бүсчлэн байгуулах” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 8.3.12-т “малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө”, 9.5.4-т “дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.6-д “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна”, 3.2.7.2-т “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна”, 6.1.11-д “дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж заасан.
ХОЁР: Практик шаардлага
Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, хөгжүүлэх талаар заасан. Гэвч эдгээр бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт болон хэрэгжилт хангалтгүй явж өдийг хүрчээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай” гэж дүгнэжээ.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна. Энэ нь дараах шалтгаантай гэж үзжээ.
Нэгдүгээрт, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага паркийн асуудлыг эрхлэхээр хуульчилсан боловч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалтад аж үйлдвэрийн паркийн асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарч хууль хоорондын зөрчил, давхардал үүсч, үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх удирдлага, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүй.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй байна. Паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй өнөөг хүрсэн.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсон.
Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг салбарын зарим хуульд заасан боловч паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг бий болоогүй байна.
Гуравдугаарт, паркийн удирдлага компанийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүйгээс үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх болон шинжлэх ухааны ололт, судалгаа, шинжилгээний үр дүнд суурилсан дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл бүрдэхгүй байна.
Хуулийн төслийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээнээс харахад паркт төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, паркийн хөгжлийн загварыг улс болон орон нутгийн хэмжээнд ялгавартай тогтоох, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, паркийн асуудал хариуцдаг байгууллагыг тодорхойлох болон паркийн удирдлага компанийн эрх үүргийг тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.
Иймд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэх, паркийн дэд бүтэц бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр санхүүжүүлэх, түүний газартай холбогдох харилцаа, тусгай зөвшөөрлийн асуудлыг нарийвчлан зохицуулах, паркт төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох шаардлага зүй ёсоор урган гарсан тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан “тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон” гэснийг үндэслэн уг хуулийг шинэчлэн найруулахаар хуулийн төсөл боловсруулсан гэдгээ хууль санаачлагчид хэлж байна.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хуульчлагдан батлагдсанаар Монголын эдийн засагт үлэмж ач холбогдол дагуулах бөгөөд ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Монгол Улсын төсвийн орлогыг бодитоор өсгөх ач холбогдол бүхий тооцооллууд хөрсөн дээр буух боломжтой юм.
Монгол Улсын ДНБ-ий 60 орчим хувь нь аж үйлдвэрийн салбараас хамаардаг. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркуудыг эрх зүйн шинэчилсэн орчны хүрээнд цогцоор нь, кластер хэлбэрээр хөгжүүлснээр нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилт энэ хуулийн төсөлд шингэжээ.
Тухайлбал, “Эрдэнэт”-ийн аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар жилдээ 1.2 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд 20 жилийн борлуулалтын орлогыг нь одоогийн ханшаар тооцоход 46 их наяд төгрөг буюу улсын төсвөөс 3 дахин их хэмжээний мөнгөний урсгал бий болно гэсэн тооцоолол хийгдсэнийг тодотгоё.
Сэтгэгдэл ( 1 )
ШУ байхгүй, үйлдвэрлэл, технологи байхгүй улсад явахгүй хууль явахгүй бодлого