Технологийн паркуудыг цаг алдахгүй дэмжвэл ТАТВАРЫН бааз суурь ӨРГӨЖИНӨ

2022 оны 05 сарын 20

Монгол Улс эдийн засгийн бүтэцдээ реформын чанартай томоохон өөрчлөлт хийхийн тулд хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болох шаардлагатай. Үүний тулд үйлдвэрлэл, технологийн цогц паркуудыг бодлогоор дэмжих зайлшгүй хэрэгтэй талаар өмнөх бичвэрээрээ хүргэсэн билээ.

Улсын Их Хурлаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталснаас хойш,  13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн зохицуулалтад дутуу дулимаг асуудал олон байгааг тодотгох бодит баримт юм.

Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан асуудлууд хууль тогтоох дээд байгууллагаар батлагдан, хуульчлагдсанаар Монгол Улсад ямар үр өгөөж авчрах боломжтой вэ гэдэгт чиглэсэн мэдээллийг хүргэж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хуульчлагдан батлагдсанаар ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Монгол Улсын төсвийн орлогыг бодитоор өсгөх ач холбогдол бүхий тооцооллууд хөрсөн дээр буух боломжтой талаар өмнө нь хүргэсэн.

Технологийн паркуудын улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дурдахын тулд Монгол Улсын төсвийн нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй юм.

2025 он хүртэлх Монгол Улсын төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд дэх тооцооллыг харахад, төсвийн орлого:

 

  • 2023 онд 17,312.2 тэрбум төгрөг
  • 2024 онд 18,511.9 тэрбум төгрөг
  • 2025 онд 20,496.7 тэрбум төгрөг байхаар тусгасан байгаа юм.

 

Тэгвэл төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, энэ 2022 онд 15,526.4 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцсоны  13.9 их наяд төгрөгийг нь татвараар, үлдсэн хэсгийг нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан.

Энэ статистикт  тулгуурлан авч үзэхэд, Монгол Улсын нэгдсэн төсөвт орлого төвлөрүүлэхэд хамгийн чухал оролцоог хангадаг татварын бааз суурийг өргөжүүлэх шаардлага ирэх жилүүдэд  улам бүр нэмэгдэхээр байна.

2025 он гэхэд улсын төсвийн орлогыг 20 их наяд төгрөг давна гэж тооцоолсон хэрнээ, тэрхүү орлогыг бүрдүүлэх эдийн засгийн салбаруудаа, үйлдвэрлэл, технологийн паркуудыг дэмжихгүй юм бол Монгол Улсын төсөв сангийн бодлого өндөр хэмжээний алдагдал, өрийн дороос босохгүй.

Иргэдээ ажилтай, орлоготой байлгаж, ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх зэрэг эрх баригчдын сонгуулийн амлалтууд хэрэгжихгүй л дээ.

Тэгэхээр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх үндсэн цөм асуудлуудын нэг болох Паркт тавигдах шаардлага болон төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд тусгаж буй асуудлуудыг өнөө маргаашийн өнцгөөр бус илүү томоор, далайцтайгаар харах чадавх, чадамж хууль тогтоох дээд байгууллагын гишүүдэд байгаа юу гэдэг зарчмын асуудал гарч ирж байна.

Бүр тодруулбал, анх батлагдсанаас хойш 13 жил өнгөрөхөд ганц ч паркийг “өлгийдөн авч, бойжуулж чадаагүй” хуучин хуульд реформын шинж чанартай өөрчлөлт, шинэчлэлтийг энэ УИХ энэ хаврын чуулганаар хийж чадах юм бол ирэх жилүүдэд Монголын эдийн засаг 2 дахин тэлэх, төсвийн орлогыг бүрдүүлэх татварын бааз суурь өргөжин тэлэх бодит боломжууд урд хүлээж байна.

Нөгөө талаас ирэх жилүүдэд эдийн засгаа тэлэхэд чиглэсэн оновчтой, өгөөжтэй  бодлого, шийдвэрүүдийг цаг хугацаа алдалгүй гаргах үүрэг, хариуцлагыг эрх баригчид иргэдийн өмнө хүлээж байдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Түүнчлэн үйлдвэрлэл, технологийн паркуудыг Монголд амжилттай хөгжүүлэх, нутагшуулахын тулд төрөөс өнөө маргаашийг харсан бус илүү бодитой дэмжлэгүүдийг үзүүлэх нь нэн чухал.


Тухайлбал, шинэчилсэн найруулгын төслийн 17 дугаар зүйлд, Паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэг гэсэн хэсэгт дараах асуудлуудыг тусгасан байгаа юм.

17.1.Паркийн үйл ажиллагаанд төрөөс дараах төрлийн дэмжлэгийг үзүүлж болно:

17.1.1.паркийн удирдлага, паркийн нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэх;

17.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

17.1.3.паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх;

17.1.4.стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ хуулийн 5.2.1-д заасан паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;

17.1.5.паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулах;

17.1.6.төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл, авахад дэмжлэг үзүүлэх;

17.1.7.гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

17.1.8.паркийн удирдлага, нэгж үйлдвэрлэлийн ажилчдыг сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;

17.1.9.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах;

17.1.10.хууль заасан бусад дэмжлэг.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.

17.3.Доор дурдсан тохиолдолд паркийн нэгжид төрөөс үзүүлсэн дэмжлэгийг цуцалж, төсөвт бий болсон татварын зарлагыг буцаан төлүүлнэ:

17.3.1.паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан;

17.3.2.паркийн нэгж нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй;

17.3.3.паркийн нэгж нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 24 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан, зогссон.

17.4.Энэ хуулийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан нөхцөл байдал нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бий болсон бол паркийн нэгж нь татварын зарлагыг буцаан төлөхгүй гэхчлэн тусгаад байна.


Эндээс төрөөс үзүүлэх татварын дэмжлэгийн тухайд аваад үзэхэд, энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх  шаардлага бий гэдэг нь бодит жишээнүүдээр баталгааждаг.

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд төрөөс хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг үзүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай зэрэг хуулиудад нэмэлт оруулсан хэдий ч хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөнөөс өөрөөр парк болон паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц бодитой дэмжлэг бий болоогүй өнөөдрийг хүрчээ.

Дэд бүтцээс шалтгаалан паркийн бүтээн байгуулалт удааширч одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нэг ч үйлдвэрлэл, технологийн парк байхгүй тул төрийн болон орон нутгийн өмчит паркуудын урсгал зардлыг төрийн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ирсэн байдаг. Мөн тусгай зөвшөөрөл авсан ч дэд бүтцийн бүтээн байгуулалтаас шалтгаалан үйл ажиллагаа нь эхлэл төдий байгаа 6 паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, улмаар ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлага үүссэн нь төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлсээр өнөөг хүрсэн байна.

Тэгэхээр үүдээ нээгээд, үйлдвэрлэлээ явуулж байх учиртай паркууд цаасан дээрээс буухгүй байгаа нь тухайн парк үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүтээн байгуулалтууд хийгдэж чадахгүй байгаатай шууд холбоотой байна.

Бүр тодруулбал, бүтээн байгуулалтад шаардлагатай бүхий л зүйлсийг, нэг ширхэг хадаасыг ч импортоор оруулж ирдэг манай тухайд бүхэл бүтэн парк барьж байгуулахад шаардагдах өртөг зардлын хэмжээ мэдээж их. Төгрөгийн ханшийн сулралтай холбоотойгоор шаардагдах зардал жилээс жилд  нэмэгдсээр байдаг нь бодит байдал.

Тиймээс Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон больё гэвэл, ирэх жилүүдэд төсөвт орлого авчрах татварын бааз суурийг өргөжүүлье, тэлье гэвэл үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтын их ажлыг дэмжсэн татварын бодлогыг төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай. Тэрдундаа Гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь тун чухал дэмжлэг болно. Улс орноо үйлдвэрлэгч, бүтээгч болгохын тулд нэг удаа 400 тэрбум төгрөгийн татвараас чөлөөллөө гэхэд, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулаад эхлэхэд жил бүр улсын төсөвт 480 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоолол байж байна.

Жил бүр улсын төсвийн орлогыг энэ хэмжээгээр нэмэгдүүлэх чадамж бүхий үйлдвэрлэлийн парктай болохын тулд төсвийн орлогын тооцоололд огт байхгүй, тусгагдаагүй татвараас үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ нэг удаа чөлөөлөхөөс харамлаад, татгалзаад байх нь үнэндээ харалган хэрэг юм.

Нэг л удаа хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлснээр дараа дараагийн жилүүдэд энэ улс орны төсөвт төвлөрөх орлогын хэмжээ тогтвортой нэмэгдэх боломж бий болно. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх паркуудыг гараанаас гарахад нь татварын дэмжлэг үзүүллээ гээд улсын төсөвт ачаалал, дарамт огт үүсэхгүй. Учир нь огт байгаагүй үйлдвэрүүд шинээр нээгдэх гэж байна. Харин ч тэдгээрийг эхний удаад дэмжсэнээр олон ажлын байр шинээр нэмэгдэж, эдийн засагт олон сувгаар бодит нөлөөлөл нь хүрнэ. Паркууд үүдээ нээснээр мянга мянган иргэн ажилтай, орлоготой болно.

Бид өнөөдрийн байгаа байдлаа харахад, 1 тонн төмрийн хүдрээ 100 ам.доллароор, 1 тонн нүүрсээ 100 ам.доллароор гаргачихаад, эргүүлээд 1 тонн арматурыг 1000 давсан ам.доллароор авч байгаа. Ийм нөхцөлд монгол төгрөгийн ханш тогтвортой байх боломж огтоос байхгүй, инфляцын дарамт ч үргэлж л хажуу дэргэд байсаар байна.

Үйлдвэрлэл, технологийн паркуудыг амжилттай хөгжүүлж буй Энэтхэг, Казахстан, БНСУ, Индонези зэрэг дэлхийн улс орнуудын жишээг аваад үзэхэд ч, НӨАТ, Гааль зэрэг татварын чөлөөлөлт, дэмжлэгийг үйл ажиллагааны эхлэл үед нь буюу цагаа олж үзүүлснээр, эргээд тэдгээр паркуудаас  эдийн засагтаа ихээхэн дэмжлэгийг авч буй юм.

Тэгэхээр манай тухайд эдийн засгийн тогтолцооны  гажуудлаа  засаж, залруулах гарц бол гарцаагүй үйлдвэрлэл, технологийн паркуудыг цогцоор нь хөгжүүлэхэд эрх зүйн орчны дорвитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ёстой.


Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тодотгоё.

Шинэчлэн найруулсан хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг  зохицуулах аж.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тус хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана. Үүнд:

 

  • Хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, парк байгуулах зорилго, зарчим төрлийг зохицуулна;

 

  • Паркийн талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг тодорхойлно;

 

  • Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болохтой холбоотой харилцааг тусгана;

 

  • Паркийн удирдлага, нэгжийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны талаар тусгана;

 

  • Паркт тавигдах шаардлага болон төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар тусгана;

 

  • Паркийн үйл ажиллагаанд хориглох зүйл, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг тусгаж, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дадар(202.55.188.117) 2022 оны 05 сарын 20

Технологийн парк байгуулах нь туйлын зөв өө. Жаахан оройтож л дуугарч байна. Гэхдээ пизда нар парк байгуулаад татвараа л хамгийн түрүүнд дуугарах юм даа лалрууд. Парк байгуулснаар татварын бааз суурь өргөжнө ч гэх шиг.

0  |  0
Зочин(66.181.189.120) 2022 оны 05 сарын 20

Өдий болтол нэг ч паркийг өлгийдөж аваагүй гэдэг үнэн.үйлдвэрлэл технологийн паркийг жинхэнэ утгаар хөгжүүлж байж улс орны эдийн засаг хөгжинө гэдгийг одоо нэг ойлгох болсоон. Гол нь дэд бүтцийг нь улсаас барьж байгуулж чадахгүй байна.

0  |  0
Top