“Барилгын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хөрөнгийг шийдвэрлэнэ

2020 оны 09 сарын 08

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өнөөдөр /2020.09.08/ Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа.

Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой” гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын зүгээс паркийн өргөтгөлийн 130га газрын ерөнхий төлөвлөлт хийлгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудал болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь холбогдох албаны хүмүүс Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох “Пийс Стийл Групп” ХХК-д ажиллалаа. Уг үйлдвэр нь хөнгөн цагаан хайлуулах цех, цахилгаан даралтын зуухны цех, ажилчдын хоолны газар, түүхий эдийн талбай, захиргааны оффис, дотуур байр, лаборатори зэрэг барилга байгууламжаас бүрдэх аж. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ нь 4800 тонн юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top