Технологийн паркийн хуулийн ШИНЭЧЛЭЛ эдийн засгийг ТЭЛНЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

 

Нүүрс, зэс, алт зэрэг тоотой хэдэн нэр төрлийн түүхий эдээ олборлон, нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж олсон хэдэн ам.доллароо эргээд импортоор гадагшаа урсгачихдаг Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлж, төрөлжүүлье гэвэл үйлдвэрлэл, технологийн цогц паркуудыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.  

Тэгвэл  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүдийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй нь эдийн засаг, нийгэм, цаг үеийн  шаардлагад нийцсэн чухал алхам болж байна.

Хэрэглэгч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч улс болох үүдийг нээх эрх зүйн орчны зохицуулалтуудыг цогцоор нь тусгаж буй тус хуулийн төсөлд өнгөрсөн долоо хоногт иргэд, олон нийтийн саналыг авчээ.

Харин өнөөдөр /2022.03.14/ хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг санаачлагчид УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хуульчлагдан батлагдсанаар Монголын эдийн засагт үлэмж ач холбогдол дагуулах хүлээлттэй байна.

 

Хууль санаачлагчид энэ талаар тодотгохдоо:

 

  • Үйлдвэрлэл технологийн паркийн ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН, ГАЗАР, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэх.

 

  • Үйл ажиллагаа нь эхлэл төдий байгаа паркуудын бүтээн байгуулалтын ажил эрчимжих.

 

  • Үйлдвэрлэл эрхлэгчдэдээ татварын таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх.

 

  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нээлттэй боломж бүрдэх.

 

  • Шинээр ажлын байр бий болох.

 

  • Түүхий эдийг нарийн технологид суурилан боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлогч улс болох.

 

  • Бүс нутагт үйлдвэрлэл цогцолбор хэлбэрээр хөгжиж нийгэм, эдийн засаг иргэд олон нийтийн аж амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх.

 

  • Жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжиж хөгжих гэх мэт маш олон чухал асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгийг хэлж буй юм.

 

Дашрамд тодотгоход, уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг санаачлагч С.Бямбацогт гишүүн өнгөрсөн оны 11 дүгээр сард “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д зохион байгуулагдсан  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээнд оролцох үеэрээ Монгол Улс өнгөрсөн 30 жилд түүхий эд бэлтгэгч орны замналаар явж ирснийг, цаашид нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч орон болох нэн шаардлагатай талаар онцолж, хуулийн төсөл санаачилж буйгаа мэдэгдэж байсан.

Тэрбээр “Өнөөдөр нүүрс, зэсийн баяжмал, ноос, ноолуур зэрэг түүхий эд гаргаж байна. Манай барилгын салбар ч ялгаагүй. Түүхий эдийнхээ 40 орчим хувийг нь үйлдвэрлэж байна. Халдварын үед дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол ямар их хохирч байгааг харлаа. Тиймээс төрөөс үүн дээр анхаарч ажиллаж байна. Төрөөс бодлогоор дэмжих, дэд бүтцийг нь төсвийн хөрөнгөөр шийдэж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж өгнө. Аж ахуйн нэгжүүдээ татвараас чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг үе шаттай дэмжинэ. Ийм байдлаар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг бодлогоор хууль санаачилж байна. Төрийн оролцоо, дэмжлэг байж байж үйлдвэрлэл хөгжинө. Ялангуяа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг төр зоригтой дэмжих бодлого барьж ажиллах болно" хэмээн форумд оролцогчдод хандан мэдээлэл өгч байсан юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болох үүд нээгдэх талаар эхэнд өгүүлсэн. Энэ агуулгыг барилгын салбарын тухайд аваад үзье.

2020 оны статистикаар  Монгол Улсын нийт импортын 11 хувь буюу 1.708 тэрбум төгрөгийг барилгын материал эзэлж байсан. 2021 онд цар тахлаас хамаарсан хил гааль, нийлүүлэлтийн бэрхшээлтэй холбогдон барилгын материалын үнэ огцом нэмэгдсэнээр уг хувь хэмжээ ч үлэмж өссөн.

Түүнчлэн ХХААХҮЯ-наас танилцуулсан судалгаагаар барилгын материалын эрэлт, хэрэгцээ 2030 он хүртэлх хугацаанд тогтмол өсөх төлөвтэй байгаа. Дараах төсөөлөл тооцооллоос үзэхэд нийт  импортод эзлэх барилгын материалын хэмжээ болон үнийн дүн цаашид ч нэмэгдэхээр байгааг уншигч та харж байна.

Тэгэхээр барилгын салбарын хөгжлийг дагасан барилгын материалын хэрэглээний өсөлтөөс хамаарсан валютын гадагшлах урсгалыг дотооддоо тогтоож,  шингээж үлдээхэд үндэсний үйлдвэрлэл, технологийн паркуудыг дотооддоо байгуулах, төрийн бодлогоор дэмжин, хөгжүүлэх шаардлагатай юм.

Мөн эдийн засаг, нийгмийн хөгжилд олон талын ээл дагуулах бусад салбаруудын үйлдвэрлэлээ  ч бодлогоор дэмжиж, парк хэлбэрээр хөгжүүлэхэд дээрх хууль нэн чухал дэмжлэг болох хүлээлттэй байна.

Түүнчлэн үйлдвэрлэгчдээ, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг төрийн бодлогоор, эрх зүйн орчноор бүрэн дүүрэн дэмжихэд чиглэсэн нэн шаардлагатай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл иргэд, олон нийт, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид гээд бүхий л талуудын санал, санаачилгаар баяжигдаад байна.  Улмаар  нээлттэй хэлэлцүүлгийн явцад ус шүүс нь улам шахагдаж, илүү боловсронгуй болсноор эдийн засагт нэн шаардлагатай байгаа үйлдвэрлэл, технологийн олон паркууд үүдээ нээхэд төрийн дэмжлэг бодитой хүрч чадах юм.



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.87.138) 2022 оны 03 сарын 14

хөөрхий үлгэрээ ярьсаар ахин гишүүн болно гээ юу

0  |  0
Top