С.Бямбацогт: Технологийн паркын эрх зүйн үндсийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай

2022 оны 03 сарын 16

Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  хэлэлцүүлэг 2022.03.14-нд Төрийн ордонд боллоо. Үйлдвэржилтийн байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт УУХҮ, БХБ, ХХААХҮ-ийн сайд нар илтгэл тавьж, мэргэжлийн холбоод, паркуудын төлөөллүүд оролцсон. Мөн оролцогчид асуулт асууж, санал хэлснийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт:

-Бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч болох зорилтын эрх зүйн шинэчлэлийг хийнэ гэсэн тодорхой бодлого дэвшүүлж байгаа. Үйлдвэр, технологийн парк Монгол Улсад хэрэгтэй гэсэн төрийн бодлого 2003 онд гарч, 2009 онд Үйлдвэр, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн 2015 онд өөрчлөлт орж, нэмэлт, өөрчлөлтийг 2017 онд хийсэн. Гэсэн хэдий ч хууль маань амьдрал дээр учир дутагдалтай хэрэгжиж байгаа.

Хууль хэрэгжихгүй байгаа нь санхүүгийн эх үүсвэр дутмаг, татварын дэмжлэг, тааламжит орчин байхгүй зэрэг нь нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нэгч парк алга. Мөн хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бий болж чадахгүй байгаа зэрэг үндэслэлүүдээр энэ хуулийг шинэчилэхээр болсон. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан 33 паркыг бүсчилэн байгуулна гэж тусгасан. Эдгээр урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой.

Мөн дагуул хотуудад дэвшилтэд технологи бүхий паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн дунд хугацааны бодлого бий. Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн парк байгуулахаар тусгасан. 2009 онд батлагдсан Үйлдвэр, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд маш хангалтгүй гарсан учраас хуулийн шинэчилсэн найруулгыг хийхээр болсон.

Энэ хуулийн зорилт нь үйлдвэр, технологийн паркын эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркын зорилго, зорилтын зарчим болон төрлийг тогтоох, паркын зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төсөлд улсын парк, стратегийн ач холбогдол бүхий паркуудад тодорхой дэмжлэг үзүүлнэ, тэр нь төрийн өмчит парк байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, эсвэл хувийн хэвшлийнхэн парк байгуулж болно. Аль ч тохиолдолд паркын дэд бүтэц буюу цэвэр, бохир ус болон газар, цахилгаан зэргийг нь төр шийдэж өгнө. Хувийнх байна уу, улсынх байна уу ялгаагүй. Мөн татварыг эхний таван жилдээ 100 хувь чөлөөлнө. Харин 6-10 жилд нь 50 хувь чөлөөлөх зохицуулалтыг тусгаж өгч байгаа болно.  

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

-Уул уурхайн салбар ойрын жилүүдэд олборлолтоос аж үйлдвэржилт, боловсруулалт руу шилжинэ гэсэн маш тодорхой зорилго тавиад ажиллаж байгаа. Манайд түрүүчээсээ боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд бий болж эхэлсэн. Боловсруулалтын шатыг ахиулах тусам дараагийн боловсруулах үйлдвэр бий болох суурь бий болдог. Үүнийгээ дагаад кластер хэлбэрээр хөгждөг, ЖДҮ-үүд байгуулагддаг. Тийм ч болохоор Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр манай яамнаас хамтарч ажилласан.

“Алсын хараа-2050”-д өндөр технологийн хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг барьж байгуулна гэж тусгасан. Энэ мэтчилэн нефть, зэс, алт гээд тодорхой төслүүд байгаа. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмалыг боловсруулах, катодын үйлдвэр байгуулна. Ингэж байгуулах, үүнийг дагасан кластер хөгжлийг бий болгоход өнөөгийн байгаа хууль эрх зүйн орчин шаардлага хангахгүй байна.

Хүнд үйлдвэрийн салбарт өнөөдөр 8000 гаруй хүн, 89 аж ахуйн нэгжид ажиллаж байгаа. Аливаа улс орон хөгжлийн чиг хандлагаа тодорхойлохын тулд аж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байж дараагийн салбарууд нь хөгждөг. Харамсалтай нь энэ бүхэн манайд хангалтгүй байна. Төлөвлөж байгаа хүнд үйлдвэрийн салбарын төслүүд ашиглалтад орсноор жилд 477 тэрбум ам.долларыг улсын төсөвт оруулна. Тэгэхээр гааль, НӨАТ-ыг нэг удаа чөлөөлөхийг дэмжиж, харж үзэх шаардлагатай байгаа юм. Үйлдвэр, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулиар гааль, НӨАТ, ААН-ийн орлогын албан татвар, ажиллах хүч гадаадаас авахад ажлын байрны татвараас нэг удаа чөлөөлөх зэргийг тусгаж өгч байгаа. Энэ бол маш хэрэгтэй, шаардлагатай, үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүст зайлшгүй дэмжлэг болж өгөх заалтууд энэ хуульд орж байгаа юм.       

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Монгол Улс барилгын материалынхаа 38 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг ч түүхий эдийнхээ ихэнхийг гаднаас авдаг. Үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь Улаанбаатарт байдаг. Энэ бүхнээ парк хэлбэрээр байгуулж чадаагүй. Барилгын материалын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэнэ. Барилгын материал импортлогч иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгох хэрэгтэй. Барилгын материалын технологийн паркын бодлого, салбар хоорондын уялдааг хийх хэрэгтэй байгаа юм.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн парк байгуулах зураг төсөлд сайдын багцаас 281 сая төгрөгийг төсөвлөж өгсөн. Урьдчилсан байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Ер нь паркуудын дэд бүтцийг нь цогцоор нь хийхгүй бол зарим зүйлс нь хаягдаж, жигдэрч өгдөггүй тал байдаг. Төрөөс байгуулахаар төлөвлөсөн энэ мэтчилэн хэд хэдэн парк бий.

Харин Хонхорын барилгын материал, үйлдвэрлэл, технологийн парк бол хувийн хэвшлийн зүгээс гарч байгаа санаачилга. Төрөөс бүх үйлдвэрлэлийг хийж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих учиртай. "Мега вүүд" гэх компани Хонхорт газартай. Олон жил хаалга, тавилга зэрэг олон үйлдвэрлэл хийж ирсэн. Энэ өөрийнхөө газар дээр тулгуурлаж барилгын материалын үйлдвэрлэлүүдээ өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн. Төр бүх үйлдвэрлэлээ барилгын чиглэлээр өргөжүүлж чадахгүй байгаа учраас импортоор орж ирдэг барилгын материалуудаа ханган нийлүүлэгчийн зүгээс уялдуулж, бараа бүтээгдэхүүнээ зарах боломжоор хангаж өгөх хэрэгтэй.

Ер нь, барилгын материалыг үйлдвэрлэхээс гадна импортоор орж ирж байгаа барилгын материалуудыг Улаанбаатар хотын зүүн, баруун талуудад ханган нийлүүлэлтээ цуглуулж, бөөнөөр нь худалдах боломжийг судалж, хувийн хэвшлүүд хамтарч ажиллаж байгаа юм. Энэ бүгдээс харахад бидний зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой хэд, хэдэн арга хэмжээг цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Тухайлбал, хуульд Засгийн газрын Хүнд, хөнгөн үйлдвэрлэл болон барилгын материал үйлдвэрлэл технологийн паркын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд, тодорхой хэдэн санал бий. Холбогдох дүрэм, журмыг оновчтой боловсруулах, зохион байгуулалт, үйл ажиллагаагаар нь нэгдсэн зохицуулалтыг тусгаж өгөх шаардлагатай. Паркуудыг хөгжүүлэх чиглэлд төрийн захиргааны төв байгууллагуудын уялдаа зайлшгүй хэрэгтэй.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top