Үндсэн хуулийн дархлааг сулруулж, өөрөө гишүүн болох санаархал хэнийх байв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгогддог болох, шинээр байгуулагдсан нам шүүхэд бүртгүүлэхдээ сонгогчдын 1 хувийн дэмжлэг авсан байх ёстой гэдэг заалтыг өөрчлөх шаардлагыг  улс төрийн намууд тавьж буй.

Эрх барьж буй МАН-ынханд ч ижил сонирхол байгаа нь Т.Доржхандаар илэрлээ гэж улс төрийн хүрээнийхэн хардаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Т.Доржханд, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар гудамжинд гарч акц хийснээр Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг сэдэв олон нийтийн анхааралд оров. Харин гишүүдийн тоог нэмэх нь улс төрийн намуудад ашигтай тул тэд зэрэг дуугаар дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ийнхүү МАН хүний гараар могой бариулаад, Үндсэн хуулийг өөрчлөх санаархлаа илэрхийллээ. Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараах найман жилд гар хүрэхийг хориглосон хуультай. Гэвч хориглосон заалтаа өөрчлөөд, цааш явах боломжтой талаар эрх баригчид тайлбарлаж байгаагаас харахад л анхнаасаа тэдний санаа байсан нь илт харагдана. МАН бол үнэмлэхүй олон суудалтай учраас ногоон гэрлээр асуудлыг шийдэх боломжтой ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх нь хамгийн чухал.  

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3 дугаар зүйл:

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.

(Дээрх заалтыг өөрчлөөд, дараа нь Үндсэн хуулиа өөрчлөх боломжтой гэж эрх баригчид тайлбарлаж байгаа юм)

Үүнээс гадна УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болохгүй гэсэн хоригтой ч Ерөнхийлөгч команд өгөх юм бол ногоон гэрлээр хурдлуулж, хуулийн хугацаанаас өмнө амжуулах нь мэдээж.


Хэрэв Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж сонгууль пропорциональ тогтолцоогоор явах юм бол намуудын авсан саналыг парламентын суудалд хувь тэнцүүлэн хуваарилж эхлээд намын дарга, дараа нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга, эцэст нь хамгийн олон сонгогдсон гишүүд улиран суух боломжтой болдог.

Энэ схемийн дагуу бол 2024 онд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Энхболд гэх мэт гишүүнтэй болно. Тэднээс гадна Т.Доржхандад хамгийн их ашигтай хувилбар бол пропорциональ тогтолцоо юм. Тэр хүссэн ч, эс хүссэн ч ХҮН-аас хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байгаа тул сонгуультай сонгуульгүй гишүүн болох боломжоо нээхийн тулд ийнхүү МАН-ын гар хөл болж, "гудамжинд гарсан" байж болзошгүй. 

 

Гэтэл гишүүдийн тоог нэмээд, парламентын ажил чанартай болно гэдэг эргэлзээтэй. Харин ч суудлын тоо бөглөж, бүлгийн командаар кноп дардаг гишүүд л нэмэгдэнэ. Үүний оронд УИХ-ын гишүүний тоог энэ хэвээр үлдээж, ажлын албыг нь сайжруулах хувилбар арай л амьдралтай баймаар юм. Одоо бол УИХ-ын гишүүний ажлын албанд туслах, бие төлөөлөгч, зөвлөх гэсэн нөхдүүд л байдаг. Ажлын алба нь УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг уншиж, гишүүндээ зөвлөдөг, хуулийн төсөл дээр нь ажилладаг багтай болсноор хууль чанартай батлагдана.

Одоо бол гишүүд хуулийн төслөө уншаагүй гэдгээ ил тод хэлдэг. Ийм байдлаар хөрсөн дээр хэрэгжих боломжгүй хуулиудыг үйлдвэрлэж байгаа нь гишүүдийн тоо цөөн байгаатай огт хамааралгүй. Ердөө хувь гишүүний ажлын албыг сайжруулах шаардлагатай байгааг л илтгэж байна.

Ийнхүү Үндсэн хуулийн гол амин сүнс болсон найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг авч, өөрсдийн эрх ашгаа шингээснээр Үндсэн хуулийн дархлааг сулруулж, дараа дараагийн үе тань асуудал үүсэнгүүт л Үндсэн хуулиа өөрчлөөд байх эрхийг нээж өгөхөөр санаархаж байгаагаа мэдсэн болов уу, МАНАЙ ЭРХ БАРИГЧИД!  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top